Б.БИЛЭГТИЙГ ЭЭЛЖИЙН АМРАЛТТАЙ БАЙХАД НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Б.БИЛЭГТ-Улс төрийн хурээнийхэн Х.Тэмүүжин Б.Билэгт нарын хооронд дэгдсэн дайн түр намжлаа хэмээж байна-
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт нарын хооронд дэгдсэн дайн нэг хэсэггээ л намжих нь бололтой.

Учир нь өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газрын тэргүүн дэд дарга комиссар С.Баатаржавыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарчээ. Гэхдээ Б.Билэгтийг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байгаа бөгөөд “Х.Тэмүүжин яллаа” гэдгийг хүчний байгууллагынхан онцолж, огцорсон даргаа өмөөрч байна. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгуулагад ажилладаг хэд хэдэн эрхэмтэй холбогдсон. Тэгэхэд “Одоогоор дарга ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Генералыг чөлөөлнө гэсэн яриа хэдхэн хоногийн өмнөөс идэвхитэй яригдаж эхэлсэн. Ийм юм болох гээд байж. Дарга одоогоор эзгүй ээлжийн амралттай байгаа” хэмээн ярьцгааж байлаа.

Б.Билэгтийн хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй эртнээс таарамж муутай байсан. Тэрбээр түүний эхлүүлсэн шинэчлэлийг дэмжихгүй гэдгээ шударгаар хэлснийхээ төлөө салбарын сайддаа “новш” хэмээн хараалгаж улмаар үүнийх нь хариу болгон түүнийг мөрдөж, тагнасан гээд л хоёр эрхмийг тойрсон таагүй дуулиан нэг хэсэгтээ олны анхаарлыг татсан.

Тэгвэл удтал тулалдсан тэдний асуудал ийнхүү гэнэт шийдэгдэж цагдаагийн байгууллагынхан ч дараагийн дарга томилогдож иртэл улс төрийн хувьд хүндхэн уур амьсгалд байх нь тодорхой боллоо.

Түүнчлэн дээрх томилгооны асуудалтай холбоотой бас нэг мэдээлэл нь энэ хоёр эрхэм хоёулаа Ерөнхийлөгчийн хүн хэмээн нэрлэгддэг. Энэ ч утгаараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийг тэдний хооронд үүсээд байсан хэрүүлийн галыг унтраах алхам байж магадгүй гэх хүмүүс ч байна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэрвээ би Х.Тэмүүжинг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа бол эхлээд Д.Билэгтийг өөрчлөх болно” хэмээж ярьж байсан. Тиймээс л энэ үгэн дээр дөрөөлсөн улс төр хүчээ авч Ц.Элбэгдорж хүмүүсээ хүмүүжүүлж эхэллээ. Дараагийн хүн нь хэн бэ гэх яриа хөвөрсөөр байна.

 

Л.ОЮУ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих