Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо

0975f3b66af50f29originalЗасгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд энэ талаар тусгаагүй байсан ч бусад гэх тодотголтой асуудлыг хэлэлцэх явцад Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн гэнэтийн шийдвэрийг гаргасан юм. Мэдээж хэрэг энэ нь гэнэтийн санамсаргүй зүйл биш. Урдаас сайтар бэлтгэж зохион байгуулсан улмаар гэнэт тулгаж хийсэн ажиллагаа гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхой биш ч Засгийн газар, салбарын сайддаа захирагдахаа больж илтэд тэмцэлдэх болсон нь хамгийн том шалтгаан гэдгийг ойрын хүрээнийхэн нь тайлбарлаж байна. ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн ажлаас чөлөөлсөн нь улстөр бужигнаж АН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрсний илрэл юм.  Долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Батзаяа “Женко” Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан ойрын хүн нь бөгөөд мөн л Ерөнхий сайд, салбарын сайдынхаа үгэнд орохгүй “том толгой гаргаад яваад байдаг” гэсэн шүүмжлэлийг дагуулдаг байсан. Түүнийг чөлөөлснөөр ЗТЯ дахь “МоАХ”-ны гар хөл бологсод буюу Х.Баттулгын талыг баримтлагчдыг шахаж эхэлсэн нь тодорхой болсон. Тэгвэл энэ хэрэг явдал мөн Х.Баттулгын ойрын хүн гэгддэг “МоАХ”-ны партизан Б.Билэгтийг үүрэг ажлаас нь чөлөөлснөөр улам баталгаажиж байна. Хоёр жил халгаа сэлгээ оруулаагүй Засгийн газар долоо хоногийн зайтай Х.Баттулгын талынханыг шахаж гаргалаа. Дараа долоо хоногт “МоАХ”-ны ямар хүнийг шахаж гаргахыг хэлж мэдэхгүй нь гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.

Н.Алтанхуягийн Засгийн газар Х.Баттулгын талыг баримтлагчдыг ийнхүү зоригтойгоор замаасаа зайлуулсаар Засгаас МоАХ-ныг шахах бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Одоо “МоАХ”-ны гаралтай төрийн томоохон өндөр дээд албан тушаалтан хүн ховор үлдсэн. Хамгийн том гэж болох албан тушаалтан нь Улаанбаатар хотын орлогч дарга Н.Гантөмөр л байна.

Нөгөө талаараа ЦЕГ-ын даргыг чөлөөлсөн нь Х.Тэмүүжинг хамгаалж үлдэх гэсэн Н.Алтанхуягийн шийдвэртэй нүүдэл гэж тайлбарлах хүмүүс олон байна. Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжихгүй хамгийн ихээр эсэргүүцэж салбарын сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгээр түүнийг буруутгах нь их. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч “Цагдаагийн удирдлага шинэчлэлийг дэмжихийн оронд хуучин тогтолцоон дээр өөрийгөө улам хүчирхэг болгох ажлыг хийгээд байгаа” гэж ил цагаан шүүмжлэх болсон. Мөн өөрийг нь огцруулах саналыг өргөн барьсан хүмүүсийг ч шууд нэрлэсэн нь олны дунд шуугиан дэгдээгээд байсан. Тэрээр өөрийг нь элдэв янзын асуудалд хутгаж огцоруулах ажиллагааг Х.Баттулга захиалж, Б.Билэгтийн хүмүүс гүйцэтгэж О.Баасанхүү өргөн барьсан гэдгийг “нэг сумыг таван нумаар харвалаа” гэж илэрхийлж байсан юм. Түүнийг огцруулах асуудлыг эргүүлэн татсан ч удахгүй эхлэх намрын чуулганаар дахин яригдана, энэ удаад байдал улам хүндэрнэ гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байсан. Тэгвэл их галыг өрдөхөөс нь урьтаж бөхөөж байгаа Н.Алтанхуягийн алхам энэ болж байна.

Улстөрийн нөхцөл байдал улам ээдрээтэй болж, Засгийн газрын хувь заяа дэнжигнэж байгаа энэ үед АН-ын голлох фракц болох “Алтангадас”-ынхан Монголын ардчилсан хувьсгалын анхдагчид гэгддэг “МоАХ”-ныхоныг ийнхүү шахаж эхэллээ. Харин МоАХ-ныхон үүнийг зүгээр хараад эвлэрээд суухгүй нь лавтай. Учир нь өөрсдийгөө партизанууд гэж өргөмжилдөг тэд АН-ын доторх хамгийн идэвхтэй халуун цустай босогчид билээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих