Б.Хурцыг шалгуулна гэв
Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын клубын хуульчид Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулах болсноо мэдэгдсэн юм.
Тус клубын тэргүүн А.Гантамир “Манай клуб албан тушаалтантай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар хандаж байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Сумъяабазар зэрэг гишүүд бидэнд хандаж байсан.
Мөн манай байгууллага Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар гэх мэт Үндсэн хуулийн субъект байгууллагуудын томилсон албан тушаалтнуудтай холбоотой томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн.
Шүүх, прокурор, АТГ, гааль, тагнуул зэрэг байгууллага үүнд хамаарна. Эдгээр байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг томилсон томилгоо нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгөөд байна.
Б.Хурц нь АТГ-ын дэд даргын албанд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдсон. Бид АТГ-ын дэд дарга Б.Хурцыг таван үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөөд байна” гэсэн юм. Мөн энэ асуудалд 50 гаруй хуульч санал нэгдсэн гэдгийг хэлж байлаа.
Монголын мэдээ
URL: