МАХН-ынхан МАНАН-г сэргээх хүсэлтнүүд Н.Энхбаяраас айж байгаа гэв

527-1407831364jhgfhjfhjfhjhfhfjfМАХН-ын дарга Н.Энхбаярт өдгөө тус намын байрлаж буй цагаан байрыг Монголд амьдардаг Еврей эрээс луйвардсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ. Уг үйл явдалтай холбогдуулан МАХН буюу Н.Энхбаяр мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
“Сүүлийн үед нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархиудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
МАНАН бол:
-сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол,
-шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, түүнийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл,
-Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархийн гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл,
-үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо,
-авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс,
-хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэднийхээ улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа,
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан,
-Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ…
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд ард иргэдийн дунд өндөр байгаа, түүнийг гадаадад биеэ эмчлүүлж дуусаад эх орондоо эргэн ирж, өнөөгийн нийгэмд тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн хүндхэн асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэсэн хүсэл нийгэмд нэмэгдэж байгаа нь зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг боддог, ард иргэдээ нэг бол гоё үгээр хууран мэхэлдэг, эсхүл албан тушаалын сүр хүчээр айлган сүрдүүлдэг зарим өндөр албан тушаалтан, нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийнхний айдасыг төрүүлж байна.
Тэд өнөөгийн Засгийн газрыг унагаах, дахин МАНАН-г сэргээн байгуулах, ингэснээр МАНАН- гийн ноёрхлын үед явуулж байсан хорон үйл ажиллагаагаа сэргээн эрчимжүүлэх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин зохиомол хэргээр буруутгах хууль бус ажиллагаагаа эхлүүлжээ. 
Энэхүү бусармаг ажиллагаагаа явуулахдаа Монголын хөгжил дэвшил гэхээсээ илүү өөрсдийн явцуу эрх ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлдөж буй гадаадынхантай нийлж хийхийг оролдож байна. 
Тэд түүнд “залилан”-гийн хэрэг зохион тохох гэж оролдож, цаагуураа МАХН-ын үйл ажиллагааг саармагжуулан идэвхгүй болгохыг санаархаж байна.” гэжээ.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор харин ч МАНАН үүснэ гэдгээс МАХН айж буй юм биш үү ? гэж шоглох, дүгнэх хүмүүс ч байна.
Э.Мягмар
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих