“Урт нэрт” ба эдийн засгийн гацаа

Ам.доллар, юанийн ханш өсч иргэдийг цөхрүүлж буй. Учир нь хичээлийн шинэ жил, өвлийн бэлтгэл хүмүүсийн толгойн өвчин болж байна. Уг нь эдийн засгийг эрчимжүүлж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөө Шинэчлэлийн Засгийн газар амалсан. Тиймдээ ч “ЭЗЭН-100” хөтөлбөр боловсруулан ажилласан. Гэвч 100 хоног эдийн засгийг сэргээх нь бүү хэл байрандаа засвар хийж ч чадахгүй байгаагаа зарим хүн хэлж байх юм.

 

УРТ НЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН “ХАДНЫ МАНГАА” БОЛОВ

Унаж буй эдийн засгийг сэргээхийн тулд юуны өмнө цөөнгүй хуульд салхи оруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг нойрноос сэрээх хэрэгтэйг улстөрчид хэлж байсан. Тэдний гол найдварын нэг нь “Урт нэртэй” хэмээн нэрлэгдсэн хууль юм.

Энэхүү хуулийн дүнд 2010 оноос эхлэн уул уурхайн салбар уналтад орсныг мэргэжилтнүүд хэлдэг. Уг “Урт нэрт” хууль 2009 онд анх батлагдахдаа улс, төр болон нийгмийг чамгүй доргиож байсан билээ. Хууль санаачлагчид нь “Ашигт малтмалын хайгуул олборлох явцад хохирол амсч буй байгалийн эмзэг хэсэг, нутгийн иргэдийг хамгаалах ёстой” хэмээн үзэж байв. Түүнчлэн ашиг олсон хэрнээ нөхөн сэргээлт хийх үүргээс бултдаг уул уурхайн компаниудаар байгаль орчны нөхөн сэргээлтийг заавал хийлгэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан 1300 гаруй лицензээс 242-ыг хүчингүй болгосон байдаг. Төр байгаль орчинд учирсан хохирлыг 1.1 их наяд төгрөг болсон хэмээн тооцсон бөгөөд нийт 163 тусгай зөвшөөрөл эзэмшигчид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болоод байв. Харин уг хууль анх гарахдаа л аливаа хууль буцаж үйлчилдэггүй гэдэг хатуу зарчмыг зөрчсөн хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Манай улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, айчлал хийх бүртээ таатай орчин, дуусашгүй баялагтай хэмээн ярьж, сурталчилсны дүнд нэлээдгүй орлогыг улсдаа төвлөрүүлж чадсан. Тэр үед хөрөнгө оруулагчдын гол бай Монгол Улс байв. Харин өдгөө тэдний хувьд бид “Хадны мангаа” болсон байна.

 

БОЛОМЖИЙГ АЛДСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛСӨН ҮҮ

 

Ийнхүү 15 жил зүтгэсэн хүчин чармайлтынхаа үр дүнг хормын төдийд л салхинд хийсгэсэн алхмыг 2009 онд хийсэн гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Учир нь 2007-2013 онд дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өсөлтийг манай улс ашиглаж чадаагүй нь харамсалтай хэмээн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ажлын албаны дарга С.Бүрэнтогтох хэлж байлаа. Энэхүү хууль алтанд харшилтайгаа мэдрүүлж алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоож эхэлсэн байдаг. Үүнээс үүдэн олон компани шилээ харуулж байсныг санаж буй биз ээ. Тухайлбал, 68 хувийн татварын дарамтад нэрвэгдсэн “Алтан дорнод” компани дампуурлаа зарлажээ. Тухайн үед улсад төлөх татвараа төлөөгүй гэж байсан ч үнэн хэрэгтээ олсон мөнгөнийхөө 68 хувийг татварт төлөхгүй гэснээс үүдэлтэй маргаан байв. Тиймээс олон улсын арбитрийн шүүх манай улсыг буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүгээр дээрх хууль хэрэгжих боломжгүй гэдгээ баталсан аж. “Урт нэртэй” хуулийн үр дүнд алтны нөөц эрс багасч, валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүмүүс хэлж байна. Алтны нөөц багассандаа бус гэдгийг хүн бүр мэддэг. Бүхий л эрсдлийг үүрэн байж 100 төгрөг олсныхоо 68 төгрөгийг алгаа тосоод сууж буй хэн нэгэнд өгөх нь хайран байсан учраас далд хэлбэрт шилжсэн гэдгийг ч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тиймээс иргэдийн халаасыг тэмтэрч элдэв төлөвлөгөө боловсруулж суухаар урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь эдийн засгийн аврагч хэмээн судлаачид хэлж байлаа.

 

ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХЭЭС НЬ ӨМНӨ…

 

Ийнхүү дуулиан шуугиантай батлагдсан “Урт нэрт” амар хэрэгжсэнгүй. Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан цөөнгүй компани санхүүгийн хувьд чадваргүй, оруулсан хөрөнгөө олж авахгүй бол нөхөн сэргээлт хийхгүй хэмээн гэдийсэн. Харин Засгийн газарт компаниудын тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг цуцалсны нөхөн төлбөр олгох бядгүй байв. Үүнтэй зэрэгцэн хуулийн хэрэгжилт улам бүдгэрсээр эдийн засгийн уналт эхэлсэн энэ цаг мөчтэй зэрэгцсэн хэмээн зарим эдийн засагчид хэлсэн юм.

Өдгөөгийн эдийн засгийн хүндрэлийн гол шалтгааны нэг нь уул уурхайг дагасан хөрөнгө оруулагчид үргэсэн явдал юм. Юутай ч  урт нэртэй, ужиг маргаантай хуулийн ачаар эдийн засгийн гацаа туйлдаа хүрч буй бололтой. Урт нэртэй хуулийн үйлчлэлээс үүдэлтэй 68 хувийн татварын дарамт олон компанийг дампууруулж байсан. Одоог хүртэл өрөө төлж чадахгүй яваа нь ч бий аж. Тухайн үед дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон компаниуд улсын төсөвт нэлээдгүй мөнгө төвлөрүүлэх байсан болов уу. Энэ хэрээр эдийн засагт ч дэм болох байсан биз. Тухайлбал, олборлолтын компанид дор хаяж 700 орчим хүн ажиллана гэвэл улсын төсөвт төвлөрөх орлого буурахгүй ч байх боломжтой байсныг эрдэмтэд хэлдэг. Эдийн засгийн хямралд дарлуулж, хүмүүсийн орлого инфляцийн 30 хувьд идэгдэж, төгрөг үнэгүйдэхгүй байх боломжийг урт нэрт залгичихжээ.

Эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгааг ч анзаарах сөхөөгүй яваа улстөрчид биесээ чичиж сууна. Энэ зуур ам.доллар нь 2000-ын хаалгыг тогшино. Харин атга гурил, чимх давс, үмх махаар голоо зогоож буй иргэд нь төрийнхний төмөр нударга зөөлөн буугаасай хэмээн сүсэглэн залбирч байгаа биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих