Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу?
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-ын захиалгаар хорив. Шалтгаан нь “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн. Гэхдээ энэ нь шүүхээр тогтоогдоод, нотлогдоод батлагдчихсан юм байхгүй гэх. Тиймээс бид “Нүүрс” хөтөлбөрийн талаар цуглуулсан баримтаа хүргэж байна.
2012 оноос эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж эхэлсэн “Нүүрс” хөтөлбөрийн улмаас Багануурын уурхай хожсон уу, хохирсон уу. Баримт сөхье. Тус уурхай 2012 онд гурван сая 500 мянган тонн нүүрс олборлож байсан бол 2013 онд 3 сая 860 мянган тонн нүүрс олборлож борлуулжээ. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Багануурын уурхай нэг тонн нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр үнэлэн нийлүүлдэг байв. Харин эцсийн хэрэглэгчдэд зарах зорилготой шигшиж ангилаагүй технологийн дамжлагын нэг тонн нүүрсний үнэ 25000 төгрөгийн ханштай байжээ. Энэ үнэ ханшийг Багануур хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ тогтоосон байдаг. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээр болоход Багануур хувьцаат компанийн удирдлагууд энэ хөтөлбөрт зориулан технологийн дамжлагын нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр буюу станцуудад өгдөг үнээрээ зарах санал тавьсан аж. Харин Засгийн газар “Багануур ХК-г ашигтай ажиллах ёстой” гэж үзсэн учраас тухайн үед ТУЗ-аас нь тогтоож өгсөн шигшиж ангилаагүй технологийн нүүрсний хамгийн дээд ханшаас илүү үнээр буюу 27 мянга 500 төгрөгөөр авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Багануурын уурхай “Нүүрс” хөтөлбөрт нийлүүлсэн 1 тонн нүүрс тутмаасаа долоон мянган төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жил төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн учраас нийт ажилтанууддаа анх удаа таван сарын урамшуулалт цалинг олгосон түүхтэй. Нүүрсний үнэ тогтоох асуудлын тухайд хэн нэгэн нь дур мэдэн үнэ ханш тогтоодоггүй. Харин Багануур ХК-ийн ТУЗ-аас тогтоож өгдөг гэдгийг дахин тодотгоё. Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь иргэдийнхээ амьжиргаанд шууд нөлөө үзүүлэхүйц хэмжээний хямд үнэтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг санаачилсаныг
Багануур Төрийн өмчит компани дэмжин Засгийн газрын саналыг харгалзан үзэж, ТУЗ-ийнхөө шийдвэрийн дагуу тус хөтөлбөрт нийлүүлэх 1 тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр тогтоосон байна. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрсний чанар сайжирч, иргэд шигшигдэн ялгагдсан, үнэ хямд хэмжээ их нүүрсээр хангагдаж, харин Багануурын уурхай маш зөв менежментийн зохицуулалттайгаар ашигтай ажилласан гэдгийг тоо баримтаар дээр дурьдлаа. Энэ бүхнээс үзэхэд Багануурын уурхай хохироогүй, харин ч хожсон гэдгийг хэлэх юун.
УЛС ТӨРИЙН БАЙ БОЛСОН 80 МЯНГАН ТӨГРӨГ ХЭРХЭН БОСОВ
1 тонн нь 250-350 мянган төгрөг хүртлээ үнэ хөөрөгдөж байсан нүүрсний үнэ “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1 тонныг нь 80 мянган төгрөг болгож чадав. Харин ямар зардалууд хэрхэн яаж нэмэгдсээр 80 мянган төгрөг болсныг дэлгэрэнгүй өгүүлье. Багануурын уурхайгаас 27500 төгрөгөөр гарсан нүүрсний 1 тонн тутмын зарлагыг MGL SB компаниас авсан баримтаар тооцоолон үзье. Багануурын уурхайгаас шигшсэн нүүрс 1 тонн тутамдаа 3363 төгрөгийг нэмэгдэлтэй гардаг байна. Тодруулбал шигшсэний зардал нэмэгдэж байна гэсэн үг. Харин Багануурын уурхайгаас Улаанбаатар хүргэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 6112 төгрөг, Улаанбаатар хотод буусан нүүрсийг шигшиж, шуудайлж, амыг нь оёх зардал 1 тонн тутамдаа 8148 төгрөг, тэндээсээ Толгойт, Амгалан өртөө, нүүрс борлуулах цэгт хүрэх тээврийн зардал 1 тонн тутамдаа 10075 төгрөг болдог байна. Харин борлуулагч нарын цалинд 10242 төгрөг, борлуулалтын менежерүүдийн цалин хөлс, шатахууны зардалд 1 тонн тутамд 1105 төгрөг, захиргааны ажилчдын цалин хөлс тонн тутамд 2199 төгрөг, хангамжийн материалын зардал 1 тонн тутамдаа 5832 төгрөг, ажилчдын хоолны зардал 1 тонн тутамд 259 төгрөг, Багануур дахь нүүрс шигших тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын зардал тонн тутамдаа 694 төгрөг болж байжээ. Мөн бэлтгэл ажлын зардал буюу ковш, Амгалан өртөөн дэх буулгах хэсгийн талбайн түрээсийн зардал 1 тонн тутамд 2691 төгрөг, үүн дээр банкны хүү 1 тонн тутамд 628 төгрөг нэмэгдсээр нийт зардал нь 78848 төгрөг болж эцэстээ 80 мянган төгрөгөөр иргэдийн гарт очсон байна. Энэ бол хэн нэгэн зохиосон тоо биш цаасан дээр буусан баримт юм.
ЖИНГИЙН ЗӨРҮҮ ЮУ, ЖИНХЭНЭ ГҮТГЭЛЭГ ҮҮ?
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх охиндоо компани байгуулан өгч, улмаар хамтран “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг завшсан гэгдэж байгаа. Энэ нь нүүрсний жингийн зөрүүгээс “ургуулсан” хөрөнгө мөнгө. Их хэмжээний хөрөнгө мөнгө идэж уусан гэх таамаг сэжүүрийн ар дахь үнэн бодит процессыг тайлбарлая. Багануурын уурхайн нүүрс үйрэмтгий, бутрамтгай учир Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн явцад 10 хувь нь үйрч дахин нунтаг болдог байж. Тээвэрлэж авчирсан нүүрсээ Амгалан болон Толгойт өртөө дахь зориулалтын талбайд буулгах явцад бас хагарна бутарч үйрнэ. Ийнхүү жин жингээр үйрч хорогдсон нүүрсийг MGL SB компанийн ажилчид дахин дахин шигшин, савлаж хэрэглэгчдэд очиход бэлэн болгодог байна. Хэдий хэмжээний нунтаг нүүрс болон байгалийн чулуу гарна түүнийг нь “Багануур илч” компанийнхан авч цааш нь жижиг уурын зуух болон хувь хэрэглэгчдэд борлуулдаг байжээ. Вагон бүрээс хэдэн шуудай нүүрс гарч байгааг талбайн хяналтын ахлах ажилтан нь нарийвчлан тооцож, “Багануур илч” ХК-ийн төлөөлөгчийн давхар хянасан акттай өөрийнхөө бүртгэлийг нийлүүлээд гарын үсэг зурж баталгаажуулснаар тусгай программ руу шивж оруулдаг гэх мэтчилэнгээр бүртгэл тооцоо хийгддэг байсан аж. Өөрөөр хэлбэл жингийн зөрүү гаргахгүйн тулд хэд хэдэн хүн өдөр бүр маш нарийн хяналтыг хийж бүртгэдэг байсан юм билээ. Энэ нь жингийн зөрүүнээс 3,6 тэрбум төгрөг идсэн гэх мэдээллийг няцаах гол үндэслэл бас баримт нь юм. Тэгэхээр жингийн зөрүүнээс хөрөнгө мөнгө идэх уух ямар ч үнэслэл байхгүй гэдгийг дээрх процесс бэлхэнээ харууллаа.
MGL SB КОМПАНИ ХЭНИЙХ ВЭ?
Нүүрс хөтөлбөрийн гол ажлыг нугалсан MGL SB компанитай Л.Гансүх болон түүний охин Цэрэнжагзан нэр холбогдож буй. Гэтэл УБЕГ-ын ажилтан Л.Гансүх, Г.Цэрэнжагзан нар дээрх компанитай огт хамааралгүй болохыг хэлэв. MGL SB ХХК нь 2009 оны наймдугаар сарын 24-нд Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлсэн байна. Бүртгүүлэх үедээ нэг үүсгэн байгуулагчтайгаар, үүсгэн байгуулагч нь Мягмарын Сүхбаатар гэгч хүн байжээ. Анх байгуулагдахдаа л энэ хүний нэрээр байгуулагдсан бөгөөд шилжүүлсэн болон зарагдсан гэх бүртгэлийн өөрчлөлт ороогүй байгааг албаны хүн баримттайгаар хэлсэн юм.
Харин MGL SB ХХК Сангийн яаманд өртэй юу? MGL SB ХХК төсвөөс 854 сая төгрөг аваад эргүүлэн төлөөгүй гэх мэдээлэл бий. 854 сая төгрөг хаачив. Сангийн яамны холбогдох албаныханаас Засгийн газар ямар тогтоолыг үндэслэн тус компанид 854 сая төгрөг олгохоор болсон талаар тодруулав. 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 204 тоот тогтоолоор дээрх санхүүжилтийг улсын төсвөөс Эрчим хүчний яамны нэмэлт санхүүжилтийн дансанд есдүгээр сарын 19-ны өдөр шилжүүлжээ. Харин буцаан төлөгдсөн хугацаа нь 2013 оны арванхоёрдугаар сард, 2014 оны хоёрдугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр бүрэн дүнгээрээ 854 сая төгрөг буцаж орж ирсэн байна. Тиймээс тус компани улсын төсөвтэй хийх тооцоо одоо байгүй гэсэн үг.
Л.ГАНСҮХ ТӨСВИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ЮУ?
Ерөнхий сайдын зөвлөхүүд ямар үүрэгтэй ажилладаг, ямар эрх эдэлж болохыг Засгийн газрын тухай хуулинд товч тодорхой заасан байсан. Энэ хуулинд зааснаар бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх төсөв захиран зарцуулах эрхтэй хүн биш. Энэ талаар сэтгүүлчид мэргэжлийн туршлагатай хуульчаас тодруулснаа нэмэлт хачиргүйгээр хүргэхэд “Л.Гансүх гэдэг хүн мөнгөтэй харьцдаг субъект биш. Засгийн газар бүх шийдвэрээ болон хөрөнгө мөнгөө гаргаж явсан. Гэтэл ямар ч шйдвэр гаргадаггүй субъектийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг идсэн хэмээн төсөв захирагч мэтээр тайлбарлаж хэрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Бүх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Л.Гансүх гэдэг хүн ямар ч эрх мэдэлгүй. Энэ хүнийг албан тушаалаа ашиглан мөнгө идсэн мэтээр ташаа мэдээлэл тарааж ард түмэнд итгүүлэхийг оролдож байна. Мөнгө идэх боломж энэ хүнд байхгүй” хэмээсэн юм.
Д.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: