Сошиал сүлжээний аккаунт наймаалцах шинэ төрлийн бизнес

Сайны хажуугаар саар гэдэгчлэн сошиал сүлжээ цар хүрээгээ тэлж, хөгжихийн хэрээр түүнийг дагасан сөрөг зүйлс сүүдэр болон гарч ирсээр байна. Тухайлбал, фэйсбүүк, твиттерээр худал мэдээлэл тарааж олныг төөрөлдүүлэх, нэр бүхий хүмүүс, компанийг зохион байгуулалттайгаар гүтгэх гэх мэт хандлагууд ажиглагдаж байгаа нь үүний илрэл юм.
cd71c8d4d02864abbig
Ямар сайндаа л Ерөнхий сайд маань Засгийн газрын үйл ажиллагааны тухай сөрөг пиар хийж, амаа мэдэхгүй цуурч байгаа жиргээчидтэй хариуцлага тооцох тухай мэдэгдэл хийж, аргаа барж байхав дээ.

Бүр сүүлдээ Н.Алтанхуяг сайдын өндөр үнээр хөлсөлж авсан гэх пиарчид нэгэн мэргэн санааг олж, твиттерчдийн амыг таглах оролдлого хийх гэж оролдсон нь бүр ч инээдтэй. Тэр нь юу вэ гэхээр, хэрэгтэй хэрэггүй зөвлөх, туслахуудынхаа хэлсэний дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг саявтархан “Хаан жимс” амралтын газартаа хэсэг жиргээчдийг аваачин, хуушуураар хаалтын гэрээ байгуулсан сурагтай.

Түүнчлэн өөр нэг анхаарал татаж байгаа зүйл бол сошиал сүлжээний аккаунт наймаалцах шинэ төрлийн бизнес . Нүүр номд л гэхэд фэйж хуудас ажиллуулж олон мянган лайктай болгосныхоо дараа өндөр үнээр зардаг хэсэг бүлэг залуучууд бий болсон тухай нэгэн танилаасаа сонсож байв.

Мөн твиттер аккуант наймаалцах явдал нь өмд, гутал наймаалцах лугаа жирийн үзэгдэл болж хувирлаа. 10 к-тэй буюу 10 мянган дагагчтай жиргээний аккаунт зах зээлийн ханшаар аятайхан эдэлсэн приус машины үнэ хүрч байна гэнэ. УИХ-ын гишүүн Х.Баттулга ч аккаунт наймаалцах давалгаанд нэгдэн 88 мянган дагагчтай твиттер хуудсаа зарна хэмээн мэдээлжээ.

Энэ янзаараа сонгууль дөхөх тусам олон мянган дагагчтай твиттер  аккаунтуудын үнэ хаданд гарах шинжтэй тухай мундаг, мундаг жиргээчид  өөр хоорондоо ярьцгааж байгаа нь тийм ч хуудуугүй. Үндсэндээ энэ төрлийн бизнес нь яваандаа 9911-тэй гар утасны дугаар дамлан зардаг бизнесийг тэтгэвэрт гаргаж ч магадгүй шинжтэй болчихлоо.

Гэхдээ хамгийн сонирхолтой бөгөөд аймшигтай нь эрх мэдэл, хэтэвч зузаантай улс төрчид болон тэдний гар хөл болсон этгээдүүд сонгууль дөхөх сургаар жиргээний аккаунтуудыг мөнгөөр зодож  өөрийн болгох гэж оролдож байгаа явдал юм.

Үүний цаана юу нуугдаж байгааг ч тааж ядаад байх зүйлгүй. Өмнө нь иргэдийг эх орны хишиг, хүүхдийн мөнгө зэргээр хуурч байгаад санал худалдаж авч болоод байдаг байсан улс төрчдөд энэ удаад арай өөр шинэ санаа бодож олох шаардлага тулгарчээ. Тэр нь юу вэ гэвэл, сошиал сүлжээгээр дамжуулж сонгогчдын тархийг угааж, итгэл үнэмшил төрүүлэх явдал аж. Тархи угаах тал дээр аль сайн ажиллаж чадсан нь сонгуульд ялалт авчирна гэж найдсан нь ч тэдний буруу биш.

Б.Боргил

- See more at: http://society.time.mn/content/48244.shtml#sthash.OIueIxro.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих