Н.Алтанхуягийг огцруулах 9 дэх үндэслэлийг танилцууллаа

Н.АлтанхуягМонгол Улсын Үндсэн хуулийг ноцтой хэд хэдэн удаа зөрчсөн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хамгийн том үндэслэл хэмээн УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл мэдэгдлээ. Өнөөдөр УИХ-д суудалгүй улстөрийн намууд мэдээлэл хийсэн юм.  Үүнд Монголын ногоон нам, Иргэний хөдөлмөрийн нам, Монголын либериал нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Хамуг монгол нам, Монголын консерватив намын төлөөлөл оролцлоо.  Тэд шинэчлэлийн гэх Засгийн газрыг нэн даруй огцруулах ёстой хэмээн мэдээллийг эхэнд онцолсон юм.  Ингэхдээ Засгийн газрыг огцруулах 9 үндэслэлийг танилцуулсан юм.  УИХ-д суудалгүй улстөрийн намууд өмнө нь мэдээлэл хийхдээ Засгийн газрыг огцруулах 8 дахь үндэслэлийг танилцуулж байсан бол энэ удаа 9 дэх үндэслэлийг гаргаж тавьсан юм. Тодруулбал, шинэчлэлийн гэх Засгийн газар томоохон гэрээ хэлцэл хийх ямар ч чадамжгүй гэж үзэж байгаа аж.

Монголд УИХ-д суудалгүй 17 нам байдгаас өнөөдрийн энэхүү Засгийн газрын огцруулах эсэх асуудал 13 нам нэгджээ.  Тэд байнгын уулзалт хурлыг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал солилцдог юм байна.  Хэвлэлийн хурлын үеэр гол онцолсон асуудал бол удахгүй болох хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлал байлаа.  Дээрх айлчлалууд дэлхийн нийтийн анхаарлын төвд байж манай улсад ашигтай ямар гэрээ хэлцэл, тохироо хийгдэх гэж харж байгаагийг зэрэгцээ улс орнуудын цаашдын хамтын ажиллагааны асуудал энд хөндөгдөнө.  Гэтэл шинэчлэлийн гэх Засгийн газар томоохон гэрээ хэлцэл хийх ямар чадамжгүй хэмээн тэд дүгнэсэн байна.  Тиймээс дээрх айлчлалуудаас өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр хэвлэлийнхэн Засгийн газрыг огцрууллаа гээд ямар өөрчлөлт гарах юм бэ. Эдийн засаг сэргэх баталгаа хаана байгаа гэх асуултыг тавьж байв.  Үүнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Яг үнэндээ Засгийн газрыг огцрууллаа гээд юу  ч өөрчлөгдөхгүй.  Ам.долларын ханш унаад, эдийн засаг сэргэнэ гэсэн ойлголт байхгүй.  Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтан дураараа хууль зөрчдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.  Үндсэн хуулийг сахин биелүүлэх ёстой Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэд хэдэн удаа ноцтойгоор Үндсэн хууль зөрчлөө.  Энэ мэт байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.    Эцэст нь тэд хууль биелүүлдэггүй , хариуцлагагүй Ерөнхий сайдыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Д.Анар

 


URL:

Сэтгэгдэл бичих