Дэлхий муухай харна, энэ удаа л биш шүү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай улсад долоо хоногийн зайтай албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын тов ч хоёр гуравхан хоногийн өмнө тодорхой болсон бөгөөд БНХАУ -ын дарга Си Зиньпин энэ сарын 23-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд айлчлах тов гарсан билээ.
Си Зиньпин 30 тэрбум төгрөг зээлж, ард түмэн маань өрөнд баригдаж гүйцэх нь гэх худлаа сенсааци мэдээлэл тарааж байгаа асуудлыг одоо цэгцлэх цаг нь болжээ.
ОХУ, БНХАУ , Монгол Улсын Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг айлчлалын тухай яригдаж эхэлсэн зургадугаар сараас хойш эрчимтэй бэлтгэж байгаа бөгөөд бэлтгэл ажил ерөнхийдөө хангагджээ. Төрийн өндөрлөгүүд ч энэ асуудлаар өдөр бүхэн хуралдаж хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх харилцан ойлголцлын санамж бичиг, худалдаа, бизнес эдийн засгийн чиглэлийн маш олон гэрээ хэлцэл зурагдахаар болж байгаа. УИХ-ын гишүүд ч энэ хоёр том айлчлал хэр хэмжээндээ бэлтгэж эхэлсэн. Бүлгийн дарга нар гишүүдээ цуглуулж хүндэтгэлийн чуулган хуралдахаар Төрийн ордонд бэлтгэл ажил хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр томоохон айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Монгол Улсын хувь заяанд ч тодорхой хэмжээнд нөлөөлөх нь дамжиггүй.
Мөнхийн хоёр хөршийнхөө итгэлийг алдаж, нэг хэсэг хугацаанд харилцаа маань хүйтэрсэн талаар судлаачид олонтай бичиж, шүүмжилж байлаа. Харин энэхүү айлчлал тэр хүйтэрсэн харилцааг эргэн хэвийн байдалд оруулж, цаашдын олон хамтын ажиллагааны эхлэл болно гэж улс төр судлаачид, улс төрийн хүрээнийхэн үнэлж байгаа юм. Харин энэ бүхнийг ойлгохгүй хэсэг бүлэг нөхдүүд ч тэр дунд олон бололтой.
Начир дээрээ эх оронч царайлж цээжээ дэлдэх ч цаанаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байдаг хэсэг бүлэг гээд хэлчихэд ч буруудах юмгүй байна. Наашаа гэсэнд нь наалдаж, хэний ч өмнө юу ч ярьж мэдэх нөхдүүд бол парламентад суудалгүй улс төрийн намуудын зарим нэг төлөөллүүд. Хатуу боловч үнэн үг. Сонгууль болгоны дараа аль нэг хүчтэй намын бөөрөнд наалдаж, хамтарсан гэрээ гэгчийг байгуулна. Дараа нь өнөөх намаа муулж эсрэг талд очиж үйлчилж явах нь их. Ямар ч үзэл бодолгүй, өөрийн гэсэн төлөвшилгүй нам гэх нэр зүүсэн ганцхан даргатай нам ч тэр дунд хэтэрхий олон. Сонгууль болохоор үйл ажиллагаа нь идэвхжиж бусад үед “тал засах” журмаар ажиллаж байгаа нь хэнд ч илхэн билээ.
Тэд БНХАУ -ын дарга Си Зиньпинийг ирэх үеэр жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад Засгийн газраа огцруулах хүсэлт хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа учраас ийм шийдвэр гаргахаар болсон гэнэ. Тэд Засгийн газрыг огцруулах мэдэгдлээ ч өнөөдрөөс өргөн барихаар болжээ.
Мөн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр маш их хэмжээний мөнгө зээлнэ гэсэн үндэслэлгүй шахам мэдээллийг тараажээ. Хууль бус үйлдэл хийж байдаг Ерөнхий сайдтай энэ Засгийн газар гэрээ хэлцэл хийх эрхгүй гэж тэд үзсэн гэнэ. Гэхдээ энэ айлчлал дан ганц Н.Алтанхуяг гэх хүнд хамааралтай биш. Хоёр хөршийн харилцаагаа идэвхжүүлэх нь Дорж, Дулмаа, эдгээр “жижиг” намуудын дарга, гишүүдийн амьдралд ч хэрэгтэй. Улстөржих цаг бидэнд хангалттай их бий. Тэртэй тэргүй намрын чуулган эхэлж, улс төрийн амьдрал идэвхжиж эхлэхэд хэн дуртай нь мэдэгдэл гаргаж, Засгийн газартай тэрсэлдэж, жагсч гүйх нь мэдээж. Харин энэ айлчлалуудын үеэр лав биш. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ том айлчлалууд дунд монголын “жижигхэн” улс төр огт хэрэггүй юм.
Эдгээр айлчлалуудаар улстөржих ямар ч шалтгаан байхгүй. Уул уурхай, эдийн засаг, валютын ханш гэх бүтэн жил ярьсан улиг болсон асуудлаа ч давтах цаг ч биш. Эдгээр асуудлаа шийдэх гарцаа нэг талаар олж байгаа хэрэг учраас айлчлалыг анхааралтай ажиглах хэрэгтэй байна.
Жагсана, огцруулна гэж улстөржихөө урьтал болгох бус ойлголцож хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ.
Өмнөд хөрштэйгээ иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар бид бүх талаар харилцан ашигтай хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Наад зах нь уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах учиртай. Хятадын газар нутгаар дамжин далайд гарах асуудал яригдана гэх таамаг бий. 30 гаруй гэрээ хэлцэлд гарын үсэг зурж харилцан хамтын ажиллагааг хөгжүүлнэ үү гэхээс 30 тэрбум төгрөг зээлүүлэх гэж Монголд айлчлах хэрэг байгаа ч юм уу.
ОХУ-тай Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулж, хил гаалийн асуудлаа шийдсэнээр монголчуудын өмнө нэг биш давхар давхар том боломж үүд хаалгаа нээх юм. Энэ бүхнийг газар авахгүй улстөржилтөөр баллах шаардлага алга. Харин үүнийхээ оронд бодит ажил хэрэг болох асуудлыг бүгдээрээ хэлэлцэж парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөж гарц эрэлхийлэх нь илүү оновчтой баймаар. Парламентад суудалгүй намуудын дунд маш олон мэдлэгтэй боловсон хүчин бий.
Магадгүй төрийн өндөрлөгт сууж байгаа эрхмүүдээс ч илүү сэтгэх “школ”-той олон хүн байгаа. Тэд өөрсдийнхөө гарц, санал бодлоо хуваалцаж, хоёр хөршийн харилцааг ямар байдлаар урагш ахиулах талаар санал бодлоо бичиж, тэр талаар мэдэгдэл гаргаж, хүлээж авахгүй бол жагсаал зохион байгуулвал харин илүү үр дүнтэй байх учиртай. Гэтэл хоёр хөршөөс мөнгө авах гэж байна. Н.Алтанхуяг ганцаараа идэх нь гэсэн хий хоосон улстөржилтөөр ард түмнийг төөрөгдүүлж, нийгмийг буруу зүйлд турхирах нь зүйд нийцэхгүй билээ.
Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий заасан хэмжээнд хүрчихсэн. УИХ Өрийн тухай хуулиа өөрчилж хэмжээг нь нэмэгдүүлэхгүй л бол гаднаас нэмж өр зээл тавих ямар ч боломжгүй. Гаднаас мөнгө нууцаар авах ч боломж байхгүй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр лидерүүд ийм ичгэвтэртэй үйлдэл хийж, зүгээр харж суугаад 30 тэрбум төгрөг манай улсад зээлнэ гэдэг юу л бол. Тэнд гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа яригдана гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа атлаа Си Зиньпин 30 тэрбум төгрөг зээлж, ард түмэн маань өрөнд баригдаж гүйцэх нь гэх худлаа сенсааци мэдээлэл тарааж байгаа асуудлыг одоо цэгцлэх цаг нь болжээ.
Ард түмэн гэх үг аль ч эрх мэдэлтнүүдийн амны зугаа, ганц хэлдэг үг нь. Гэсэн ч даргын сэнтий, УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүснийхээ дараа тэд бүгд л энэ үгээ мартаж орхидог гэмтэй. Түүн шиг ард түмэн хэмээн дүр эсгэж, Засгийн газраар оролдож байгаа эдгээр намуудын дарга нар ч сонгууль дөхөөд хөдөлж байгаа хэрэг биш үү, хатуухан хэлэхэд. Засгийн газрыг унагах эрх мэдэл ч үнэндээ хүрэхгүй.
Парламентад 26 суудал авчихсан Ардын нам хөдөлгөж барсан бил үү. УИХ-ыг тараах талаар мөрөөдөх ч хэрэггүй. Парламентад нэг ч суудал аваагүй эдгээр эрхмүүдийн төлөө зөөлөн суудал, тансаг хэрэглээнээсээ татгалзах тэнэгүүд лав л энэ 76 биш. Тэгэхээр жагсана, огцруулна гэж улстөржихөө урьтал болгох бус ойлголцож хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Дэлхий биднийг харж байна. Одоо л хэн гэдгээ, ямар улс вэ гэдгээ харуулъя.
Б.Балжир
Монголын мэдээ
URL: