Сураггүй болсон гинсбургийн “Ам” буюу Н.Энхбаярыг намнах ээлжит операци
Монголчууд уул уурхай, газрын баялаг гэсээр газар нутгаа гадаадынхны мэдэлд үндсэндээ өгчихсөн. Лиценз нэрээр гадаадынхан голдуу хашаад хашаад авчихсан. Малчид хятад компанийн хашаан дахь худгаас гуйж байж хэдэн малаа усалж байгаа дүр зураг хөдөөд хаа сайгүй. Газар нутгаа гадаадынханд өгөх зөвшөөрлийг харьд худалдагдсан эрх мэдэлтнүүд өгсөн. Тэгвэл одоо гадаадынхны захиалгаар монголчуудаа хэлмэгдүүлж эхлэх нь. Хэрэг үүсгэж шалгадаг хэлмэгдүүлэлт байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Ийм хэлмэгдүүлэлт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тойрсонгүй.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай хэвлэлүүд шуугиж байна. Тэрээр АНУ-ын иргэн алан Гинсбург гэгчээс одоогийн МАХН-ын байрыг худалдаж авахдаа нэг сая ам.долларыг нь өгөлгүй луу унжсан гэнэ. Тиймээс Эрүүгийн хуулийн 148.4 буюу бусдыг залилан мэхлэх гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байна….
Энэ мэдээллийг хэн нэгний хүсэл сонирхлоор цагдаагийнхан сэтгүүлчдэд зориуд түгээж буй ажээ.
Товчхондоо, 2011 оны арванхоёрдугаар сард “Империал гоулд” ХХК-ийн мэдэлд байсан Чойжин ламын сүмийн дэргэдэх барилга буюу одоогийн МАХН-ын “Эскон” ХХК худалдаж авчээ. Ингэхдээ 500 мянган ам.доллараар авч өгөлцөх тухай гэрээ байгуулсан байна. “Эскон” нь “Империал гоулд”-д дээрх мөнгийг өгч, наймаа эцэслэсэн тухай гар хөлийн үсгээ зуралцсан баримт байх аж.
Алан Гинсбургийн Монголд тэмүүлдэг шалтгаан бол дээрх казино. Ерөөс Монголд байр сууриа бэхжүүлж санасандаа хүрэхийн тулд компани байгуулж, уул уурхай сонирхон, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан бололтой юм.
Харин хэд хоногийн өмнөөс “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн нь, улмаар “МАХН-ын байрыг битүүмжиллээ” гэсэн нь тун хачирхалтай байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Монголын цагдаад ирсэн Гинсбургийн гомдол
Манай цагдаагийнхны “тайлбарлаж” буйгаар АНУ-ын иргэн А.Гинсбург саяхан зорьж ирээд “Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр намайг залилчихлаа” гэж гомдол гаргасан гэнэ. Хамгийн сонин нь “Бид “Эскон” компани Чойжин ламын сүмийн дэргэдэх барилгыг худалдаж авахдаа дахиад нэг сая ам.доллар өгнө гэсэн. Үүнийг амаар тохирсон” гэж мэдүүлжээ.. А.Гинсбург “Эскон” компанийнхан “За наймаа сайхан боллоо. Тэгж байгаад сая доллар өгнөө гэсэн” тухай ярьж байгаа.
Харин цагдаагийнхан маань А.Гинсбургийн гомдлыг маш чухал баримт гэж үзээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээр ханцуй шамлан орсон байх юм.
Гэвч Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэх агшинд А.Гинсбург сураггүй алга болсон байна. Тэрээр одоо Монголд байхгүй бөгөөд “Надад сая доллар өгнө гэж амаараа хэлсэн…” гэснээсээ хойш дахин гомдоллож мэдүүлэг өгөөгүй гэнэ.
Алан Гинсбург гэж хэн бэ?
Тэрээр АНУ-ын томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч, тэрбумтан. Тус улсын “CED” группийн гүйцэтгэх захирлын орлогч. Монголын “Империал гоулд” ХХК-ийн эзэн. Флорида мужид байнга амьдардаг. Бас АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны дүү, Келли Клинтоны нөхөр. Өөрөөр хэлбэл, Билл Клинтоны баз хүргэн.
Монголчууд түүнийг танина. Арваад жилийн тэртээгээс Казиногийн хуулийг Монголд батлуулах гэж түүнийхээ төлөө ихээхэн зүтгэсэн хүн. Түүнтэй холбогдсон Монголын олон улстөрч улс төрийнхөө карьерт тодорхой хэмжээний тоормос өгөх хэмжээний нэр хоч зүүж байлаа.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Шаравдорж нарын гишүүд Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байлаа. Уг төсөлд сонин хачин заалт олон шингэсэн байв. “Тоглоомыг Монгол Улсаас бусад орны иргэдээр хязаарлахын тулд батлагдсан чөлөөт бүс болон Олон улсын нисэх буудлын ойролцоо, хязгаарлагдмал, хилийн хяналттай, газарзүйн байршлын хувьд бусад бүсээс тусгаарлагдсан хаалттай бүсэд хорооны зөвшөөрлөөр явагдана” гэсэн заалтууд байсан. Эндээс хэний захиалга вэ гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Тодруулбал, “Морин нуур” төслийн А.Гинсбургийн захиалсан төсөл. Энэ талаар тухайн үеийн хэвлэлүүд, зарим улстөрчид шууд нэр заан онцолж байв. Нэг сонирхолтой мэдээлэл байдаг нь манай гишүүд энд хуулийн төсөл өргөн барьж байхтай зэрэгцэн АНУ-д төслөө танилцуулан, хөрөнгө босгох ажлаа хийж байжээ. Ингэхдээ Монголын Засгийн газраас казиногийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авчихсан. Бүх зүйл “Ok” гэж танилцуулдаг байсан гэдэг.
Үүний дараа 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Кёкүшюзан Д.Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нар Казиногийн хуулийг дахин өргөн барьж байсан ч батлуулж чадаагүй юм.
Юутай ч Алан Гинсбург гэгч энэ америк эр Монголын улстөрчидтэй яаж ийгээд л учраа ололцчихдог нэгэн. Манайхны ярьдгаар аль ч төрд “нүүртэй” ажээ.
Гинсбургийн гомдлыг “чулуу” болгох ашиг сонирхол хэнийх вэ?
Алан Гинсбургийн Монголд тэмүүлдэг шалтгаан бол дээрх казино. Ерөөс Монголд байр сууриа бэхжүүлж санасандаа хүрэхийн тулд компани байгуулж, уул уурхай сонирхон, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан бололтой юм. Түүний гарт орсон нийслэлийн А зэрэглэлтэй газарт байдаг одоогийн МАХН-ын байрыг Монголын “Эскон” компани худалдаж авчээ.
Энэ наймаа цаасан дээр бол өгөлцөж авалцаад дуусчихаж. Харин “…амаараа ярьж тохирсон, сая доллар өгнө гэсэн” гэх хачин гомдлоор хэрэг үүсч, ингэхдээ бүр экс Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэчихэв. Зүгээр ч үүсгэсэнгүй. Байсгээд л энэ “хэргийн” тухай мөрдөн байцаагч, прокурор хоёр л мэдэж болох мэдээллүүд сонин, сайтаар нэг цацагдана.
Ер нь бол гадаад эзэнтэй компанийн мэдэлд байсан хотын төвийн барилгыг Монголын нэг компани авсан нь магтаж ч болох явдал.
Мөн “Эскон”, “Империал гоулд” хоёр наймааныхаа дараа мөнгөний яриа үлдээсэн байсан ч энэ асуудлыг экс Ерөнхийлөгчид аваачиж наадаг нь бас л хачин.
Бас уг асуудалд улайм цайм эрүүгийн хэрэг үүсгээд нийгэмд шуугиан тарина гэдэг яахын аргагүй хэн нэгний захиалга болж таарч байгаа юм. Хуульчдын хэлж буйгаар энэ нь аж ахуйн нэгж хоорондын аваа өгөөний маргаан. Товчилбол, иргэний хэрэг байж болох юм гэцгээж байна.
Юутай ч Н.Энхбаярыг буруутгаж буй энэ асуудал шууд утгаараа улс төрийн захиалгат, нухчин дарах гэсэн операци болох нь тодорхой хэмээн олон нийт дүгнээд эхэллээ. АНУ-ын иргэн А.Гинсбург Монголын улстөрчдийг өөрийнхөөрөө хөдөлгөсөөр ирсэн. Тэр одоо ч хуулийнхныг хөдөлгөж байгаа юм биш үү. Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах нь хэний бах тав, хүслийг хангаж, А.Гинсбург үүний хариуд ямар ашиг хүртэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Учир нь А.Гинсбург бизнесмэн хүн билээ.
Уг нь Монголын цагдаа гэдэг гадаадынхны захиалгаар монгол хүнээ намнадаг бууны нохой биш л баймаар юм.
Б.Дамдин-Очир
Зууны мэдээ
URL: