2017-2024 онд сургууль барихгүй, зам засахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй ганцхан өр л төлнө

3d5679acb6083162originalӨрийн тааз талийж үүлтэй тэнгэртээ туллаа. “Ядарч явахад  яр” гэгчээр долларын ханш өсөх тусам өрийн дарамт улам нэмэгдэж, төгрөг сульдах болов. Сүүлийн хэдэн жилийн турш зээлжих зэрэглэл нь огцом нэмэгдэж, эдийн засаг сайжирч ирсэн Монгол Улс ердөө нэгхэн жилийн дотор “зээлийн өндөр эрсдэлтэй” орны тоонд орох болов. Хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагынхан ч манай эдийн засгийг дунд хугацаанд сайжрахгүй гэсэн дүгнэлтийг хийж зах зээлийг хумих, мөнгөний хатуу бодлого барин Засгийн газрын зардлыг танаж ажиллахыг санал болгож байгаа. Харин эрх баригчид маань төсвийг танаж, хэрэглээгээ хязгаарлахын оронд нэмж өр тавиж улс орныг нэг мөр дуусгахаар шийдэв бололтой.

Тодруулбал Хөгжлийн банкны захирал,  эрүүгийн хэргийн сэжигтэн Н.Мөнхбат ирэх есдүгээр сард 375 сая ам.долларыг гадаадаас оруулж ирэхээр ажиллаж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна. 375 сая ам.доллар гэдэг нь өнөөдрийн ханшаар  706 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Үүний 300 сая ам.долларыг гадаадын банкуудтай хамтарч  4.5 хувийн хүүтэй долоон жилийн хугацаатай зээлэх бол 75 сая ам.долларыг ОХУ-ын хөгжлийн банкнаас зээлэх ажээ. Цаашлаад энэ ондоо багтааж үндсэн хөрөнгөнөөсөө өм цөм дутаж орж ирсэн “Самурай” бондыг дахин гаргахаар зэхэж байгаа тухайгаа ярьсан байна.

Бид 2017 онд хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингэс бондын 1.5 тэрбумаас 500 сая ам.долларынх нь үндсэн төлбөр хийнэ. Цаашлаад 2018, 2022, 2024 онуудад “Чингэс” “Самурай” бондын өрийг төлж барагдуулах ёстой. Дааж давашгүй энэ их өрийг хэрхэн төлөх талаар хөгжлийн банкны захирал маань тун сонирхолтой зүйл ярьж байх юм. Түүний хэлснээр бол 580 сая ам.долларын бондын тал хувийг Засгийн газар төлөх ёстой. Үлдсэн тал хувийг нь Тавантолгойд 200 сая ам.доллар, хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 65 сая ам.долларыг хуваарилж өгсөн юм байна. Эдгээр төслүүдийн үр ашгаас зээлээ төлөх юм байна. Харин үлдэж байгаа их өрийг хэрхэн төлөх талаар тодорхой хариулт өгч чадахгүй байна. Ерөнхийдөө 2024 он гэхэд манай төсөв нэлээд потенциалтай болчихно гэсэн зүйлийг хэлж сууна.

Эрх баригчид ийн галзуу, солиотой нь мэдэгдэхгүй зүйл ярьж явахад эдийн засагчид харин ч эсрэгээ өөр зүйл ярьж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Тухайлбал эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун “Бондын эргэн төлөлтийг төсвийн орлогоос төлнө. Гэтэл манай улсын төсвийн орлого тасарч, алдагдал өсч байгаа нь гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй, төлөлтийн хуваарь нь тасалдах эрсдэл үүсч байна гэсэн дохиог нийт хөрөнгө оруулагчдад өгч зээлжих зэрэглэлийг буурууллаа…зэрэглэл буурсан үед хөрөнгө босговол хүүгийн өгөөж өндөр гарна. Тэгэхээр хамгийн үнэтэй л зээл авна гэсэн үг.  Гэхдээ хамгийн гол нь зээл аваад юу хийх вэ? гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Улс орны эдийн засаг хөгжүүлэхээр өр тавьж байна гэдэг. Гэтэл хөгжүүлэх төсөл нь тодорхойгүй, байгаа төсөл нь ямар үр өгөөжтэй гэдэг нь мөн тодорхойгүй. Тиймээс л толгойд орсоноо хаа хамаагүй зарцуулж байна… Бондын өрийг төлөхийн тулд 2.5 тэрбум орчим ам.доллар хэрэгтэй. Одоогийн ханшаар бодвол Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэнэ. Энэ өрийг 2017 оноос төлж эхэлнэ гэхээр манай улс 2017-2024 он хүртэл ямар ч зам засахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй, сургууль барихгүй ганцхан л өр төлөх нөхцөл үүсч мэднэ.” гэжээ.

Австралийн Засгийн газрын харьяа судалгааны байгууллага 2017 он хүртэл нүүрсний зах зээл сэргэхгүй гэсэн тооцооллыг хийжээ. Тиймээс “Рио Тинто” Монголын нүүрсний салбараас гарсан байна. Гэтэл манай хөгжлийн банкны удирдлага 200 сая ам.доллар оруулсан тавантолгойн төслөө үр өгөөжөө өгнө гэдэгт найдсаар сууж байгаа нь харамсалтай. Царигийн асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа “Тавантолгой” ажилд орлоо гэхэд 200 сая ам.долларын өрийг төлж чадахгүй. Ийм л мэдлэг, мэдрэмжтэй хүнээр бид Хөгжлийн банкаа удирдуулж явна даа.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих