Нигерийн эмч эболагийн халдвар авчээ

8-12-14Нигерийн Лагос хотод аялж явсан Либери-Нигерийн иргэншилтэй эрэгтэй эбола өвчний улмаас амь насаа алдсанаас гурван  долоо хоногийн дараа Нигерийн эмчид эболагийн шинж тэмдэг илэрсэн  талаар  Нигерийн албаны хүмүүс хэлжээ. Энэ тухай Нигерийн Эрүүл Мэндийн сайд Оньебучи Чукву сэтгүүлчдэд яриа өгч, халдвар авсан эмчийг Пэтрик Савиерийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай ярьсан байна. Түүнчлэн тус улсын  эрүүл мэндийн сайдын ярьснаар найман хүнийг тусгаарласан байгаа бөгөөд эболагийн шинжилгээнд оруулахаар зэхэж буй гэнэ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Либери, Сьерра Лион, Гвиней, Нигери улсуудад 1440 хүн халдварласны 826-аас илүү нь энэ жил амь насаа алдсан гэж мэдээлсэн байна. АНУ энэ вирусны тархалтыг бууруулахын тулд Баруун Африк руу 50 эрүүл мэндийн шинжээчийг явуулахаар төлөвлөж байгаа  ажээ.  Энэ тухай АНУ-ын төлөөлөгч “Энэ бол түүхэн дэх хамгийн том, хамгийн цогц вирусын тархалт. Энэ өвчнийг эмчлэх, тархалтыг зогсооход амаргүй. Бид юуг хийх хэрэгтэйгээ мэдэж байна” гэжээ. Мөн тэрбээр 50 эксперт энэ өвчний тархалттай тэмцэж, өвчнийг эмчилж эдгээх систем, урьдчилан сэргийлэх вакциныг судлах болно хэмээн хэлжээ. Эбола вирус нь биеийн шингэнээр дамждаг бөгөөд биеийн эрхтэн системд янз бүрийн байдлаар нөлөөлдөг.  Мөн ихэвчлэн цусанд нөлөөлдөг тухай анагаах ухаан тайлаад байна. Энэ вирусаар халдварласан хүнд эхний үедээ халуурах, сульдах, булчин өвдөх, толгой, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн үедээ бөөлжих, суулгалт, элэг бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашлаад дотуур, гадуур цус алдах шинж тэмдгүүд илэрдэг аж.

 

Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих