Гахайд хүний дотор эрхтэн ургуулжээ
Хүний эд, эрхтэн зохиомлоор гарган авахаар олон жилийн өмнөөс тууштай ажиллаж буй Японы эрдэмтэд гахайн дотор хүний эрхтэн амжилттай ургуулжээ. Үүнээс өмнө тэд гахай хүний дотор эрхтний донор болох боломжтойг тогтоогоод байсан ч хэрхэн ургуулах аргаа олохгүй байсан юм. Тэгвэл саяхан хүний гол эсийг гахайн үр хөврөлд тарих замаар хүний дотор эрхтнүүд ургуулсан байна.
Ойрын ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай өвчтнүүдэд донор эрхтэн олдохгүй байх зовлонгүй болно гэж Японы эрдэмтэд мэдээлэв. Олон жилийн судалгаа шинжилгээний дүнд хүний эрхтэн гарган авах хамгийн боломжтой амьтнаар гахай тодроод байсан бөгөөд хэрэв хэн нэгэнд эрхтэн хэрэгтэй болбол тухайн өвчтөн өөрийн эсээс дээж өгөн, өөрт таарах эрхтнийг гахайнаас авах юм. Эрдэмтэд гахайн дотор ургуулсан хүний эрхтнийг тухайн хүнд шилжүүлэн суулгахад сөрөг нөлөө илрээгүй аж.
Э.Жаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: