Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн их чөлөө авсан бол Х.Баттулга таслалтаараа тэргүүлжээ

72b1f7f1-2e4e-40d5-b589-748df7d900dfУИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрчээ.

Чуулганаар хэр үр бүтээлтэй ажиллаж, хэн нь их тастай, хэн нь огт таслаагүй  талаарх ирцийн мэдээллийг чуулганы хаалтын дараа гаргадаг билээ.

 

Өнгөрөгч хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 29 удаа болж, нийт 139 цаг 10 минут үргэлжилжээ.

 

Хуралдааныг хамгийн олон тасалсан гишүүнээр Х.Баттулга тэргүүлжээ. Тэрбээр 94 цаг хуралдаанд суугаагүй байна.

Түүний дараа гишүүнээсээ татгалзана хэмээн намын нөхдөө сандаргаж  явсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал орсон байх юм. Мөн л 81 цагийн хуралдаанд суугаагүй хэмээн бүртгэгджээ.

Харин тэдний араас УИХ-ын гишүүн Б.Наранхүү гуравт жагсчээ. Түүний хувьд таслалтаараа тэргүүлдэг гишүүдийн тэргүүн байранд ордог нь гэм биш зан гэлтэй.

Өмнөх чуулганы хуралдаанаар ч таслалтаараа тэргүүлсэн гишүүдийн тоонд багтаж байсан нэгэн.

 

Түүний дараа бие даагч гурван гишүүн орж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ямар нэгэн шалтгаангүйгээр 30 цаг чуулганы хуралдаанд суугаагүй бол Ц.Даваасүрэн гишүүн 22 цаг суугаагүй байна.

Ц.Даваасүрэн гишүүн тасаараа урдаа Д.Ганбат, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан гээд нэлээдгүй гишүүдийг оруулжээ.

Тэдний хувьд 23 цаг чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан байх юм.

 

 

Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд хамгийн олон удаа гадаадад томилолтоор явсан бол М.Зоригт гишүүн хамгийн олон удаа орон нутагт томилолтоор ажиллажээ.

Тэгвэл мөн л хамгийн их чөлөө авсан нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байгаа бол   хамгийн олон цаг хоцорсон гишүүнээр О.Содбилэг шалгарчээ.

Харин хуралдаанд оролцсон тоогоороо бусдыгаа хошуучилж байгаа гишүүнээр Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, А.Бакей, Ч.Улаан, З.Энхболд, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдор нар тодорсон байна.

Ард түмэн бидний төлөө ажиллаж, бидний эрх ашгийг хамгаалсан хууль боловсруулж, батлах үүрэгтэй төрийн түшээдийн идэвхи, зүтгэлийг үүнээс харж болохоор байна.

 

C.ДУУЛИМ

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих