Д.Эрдэнэбат хэлсэндээ хүрч, “Эзэн-100”-гаас хариуцлага нэхэх үү
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг Их хурал өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 8-нд баталсан. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийн тоолуур гүйж, эрвийх дэрвийхээрээ л ажиллаж эхэлсэн. 100 хоногийн хугацаанд элэг дөрвөөрөө хэвтсэн эдийн засгийг босгоод ирнэ гэсэн амлалт өгсөн Шинэчлэлийн Засгийн газар энэ хугацаанд юу амжуулав.
Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх ажлаа үндсэн зургаан бүлэгт хувааж, шаардлагатай гэх бүхий л хуулийн төслийг өргөн барьж, заримыг нь батлуулсан. Хэдийгээр эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 29 хууль, тогтоолын төсөл өргөн барьсан ч, УИХ есөн төслийг нь баталж өгсөн юм. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тоймтой хэдэн төслийг баталж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд визийн дэглэмийг тааламжтай болгох зэрэг арга хэмжээг авсан. Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар хайгуулын лиценз олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд эдийн засагт 1-1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж Монголбанк таамаглаж байсан цаг саяхан. Мөн Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрүүдэд томоохон дэмжлэг болно хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байсан. Засгийн газрын дүгнэлтэд УИХ ч найдаж, өргөн барьсан томоохон төслүүдийг нь нааштайгаар шийдэж өгсөн билээ. Гэвч тэдний дүгнэлт өнөөдрийн байдлаар “үнэгүйдэж” байх шиг байна. Учир нь “Эзэн-100” хөтөлбөр эдийн засгийг эрчимжүүлэх бус хямрал руу хөтөлсөөр байна. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд ам.долларын ханш нь 1807 төгрөг байсан бол өнөөдөр 1881 төгрөгт хүрч, 850 төгрөгийн өртөгтэй байсан “Атар” талх 1100-д хүрсэн. Мөн үндэсний томоохон компаниуд шил шилээ даран дампуурлаа зарлаж, зарим нь цомхотгол хийсэн гээд эдийн засаг уруудаж байгааг илтгэх зүйл олон байгаа юм.
Гэтэл эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөр яг долоо хоногийн дараа дүнгээ гаргаж, тайлангаа тавих гэж байдаг. Харин ямар тайлан хэлэлцүүлэхээс шалтгаалаад эдийн засгийг хямрал руу хөтөлсөн Н.Алтанхуягийн багийнханд хариуцлага тооцох асуудлыг дээр дооргүй ярих нь тодорхой. Сөрөг хүчний зүгээс “Эзэн-100” хөтөлбөрийг энэ сарын 20-нд дүгнэнэ гэсэн “хариуцлага” нэхсэн албан ёсны мэдэгдлийг гаргасан. Гэхдээ ганцхан сөрөг хүчнийхэн дуугарч, дүгнэлт гаргахгүй байх. Хүч хавсрах фронтод парламентад суудалгүй намуудаас гадна эрх баригчид ч нэгдэх байх. Учир нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарвал Засгийн газар цаашид ажиллана. Харин эерэг үр дүн гарахгүй бол олонхи дотроосоо Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Эрх баригчдын зүгээс намын дарга болон журмын нөхөддөө итгэл хүлээлгэн, тэднийг зорилгодоо хүрэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг хангахаас гадна улстөржилтөд автуулахгүй байхыг амласан.
Амлалтаа ч тэд сайн биелүүлсэн. Сөрөг хүчин ч сөрж дайрсангүй, 100 хоногийн дотор аянаар ам өгсөн ажлуудаа хийх үү гэдгийг нь харж сууна. Гэвч эдийн засаг 100 хоногийн идэвхжиж, эерэг үр дүн монголчуудын амьдралд авч ирсэнгүй. Хууль батлуулж, хурал хийснээрээ эдийн засаг идэвхждэг бол энэ олон хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтуудаас Монгол Улс хөлжиж сүйд болдоггүй юм гэхэд, хөлөө нийлүүлээд алхчих хугацаа бол байсан. Гэхдээ хуушуур ихэдвэл мах муудаж, хурал ихэдвэл ажил мууддагийг батлах мэт гадаадын хөрөнгө оруулалт бүр буурч, дотоодын эдийн засаг улам л уруудав. Харин долоо хоногийн дараа дүгнэх Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн аяны дүгнэлтэд эрх баригчид, тэр дундаа УИХ дахь олонхийн бүлгийн дарга ямар дүн тавих бол. Н.Алтанхуягийн танхимд хариуцлага тооцох асуудалд олонхоор хүч түрэмгийлэх үү, аль эсвэл иргэдийн амьдрал тартагаа тулаад байгаатай эвлэрч, хэлсэндээ хүрч, “Эзэн-100”-гаас хариуцлага нэхэх үү гэдгийг харуулах л үлдээд байна.
Б.Даваатогтох
agshin.mn
URL: