Хүлцэнгүй байх тусам даварч буй юм биш үү! Хотын дарга аа

hot0811Нийслэлийн засаг даргын тамгын газраас иргэдийнхээ халаасруу өнгийсөн элдэв “мэргэн төлөвлөгөө” гаргаж, нийслэлийн оршин суугчдыг бухимдуулж байх юм. Эдийн засаг хүндэрч, хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө амьдралдаа арай ядан хүргэж, цалингаас цалингийн хооронд өр зээл тавин амьдарч байгаа яадарсан хэдэн иргэдээ төрийн зүгээс элдэв татвараар дарамтлахаа хэзээ болих вэ. “Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” нэртэй төсөл үнэндээ олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр анх ярьж байснаасаа буцсан биз.

 

Тэрбээр анх ярихдаа “Автозам дээр хязгаарлалтын бүс  тогтоон тодорхой хэмжээний төлбөр авах бол зайлшгүй шаардлагатай байгаа асуудал. Өнгөрсөн жилийн эцсээр 49800 автомашин шинээр хөдөлгөөнд оролцсон. Манай ерөнхий  төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд 450 орчим мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно гэж тооцсон байгаа. Гэтэл одоо буюу 2014 онд энэ тоо бараг илүү гарах шинжтэй байна.

 

Автомашины түгжрэл иргэдийг ихээр бухимдуулдаг. Манай нийслэл шиг мянга мянган хотууд байна. Тэдгээр хотуудад хэрэгжсэн аргууд нь ногоон бүс буюу түгжрэлтэй бүсүүдэд төлбөр,  хураамж авдаг тогтолцоог бүх газар нэвтрүүлдэг. Мөн төлбөртэй зогсоолууд байна. Эдгээр нь ч үнэ өртгийн хувьд өндөр байдаг. Гэтэл өнөөдөр энэхүү асуудал дээр эсрэг сурталчилгаа нийтийн дунд явж, үүнийг хэт улстөржүүлээд байна. Биднийг 2012 оны  намар наймдугаар сард ажлаа хүлээн авахад нийслэлийн хэмжээнд автозамын түгжрэлийн асуудал хүндхэн байсан. Бид нэгдүгээр эгнээг чөлөөлөх, дугаарын хязгаарлалт гээд түгжрэлийн эсрэг 12 цогц арга хэмжээг авсан. Энэ нь нийслэлийн иргэдэд хүрсэн. Монголд уулзвар янзалж байсан түүх байхгүй.  Бид өнгөрсөн хоёр жилд үүнийг цоо  шинэ төвшинд гаргасан. Үүгээрээ түгжрэлийн асуудлыг нэг хэсэг шийдээд яваад байна.  Зам өргөн сайн болох тусам автомашины тоо ихэссэн. Ялангуяа орон нутагтай холбогдож байгаа замууд сайжирснаар хот руу чиглэсэн урсгал маш их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн иргэд хот дотор автомашинаа хөлөглөн зорилгогүй сэлгүүцдэг.Замын цагдаа,  Нийтийн тээвэр, Авто замын газраас ирж байгаа дүн мэдээгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцэж байна гэсэн тоо баримт байдаг. Өнөөдөр манайд таксины үйлчилгээ ямар байдаг билээ дээ. Таксины жолооч нь хүн хайгаад хий давхиж байдаг хот байхгүй шүү дээ. Тодорхой зогсоол дээрээс такси унаа үйлчилдэг олон улсын жишиг байдаг. Үүнийг ч гэсэн цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй.” гэсэн юм. Түүний энэхүү үг олон хүний эгдүүцлийг хүргэж, багагүй шүүмжлэлд өртсөн. Тиймээс маргааш нь үгнээсээ буцаж, төв замаар зорчиж байгаа иргэдээс төлбөр авах асуудлыг иргэдээс санал авсаны эцэст шийдвэрлэнэ гэдэг үг амнаасаа унагав.

 

Иргэдээс төв замаар зөрчсөнийх нь төлөө төлбөр авах нь зайлшгүй шаардлагатай, иргэд дэмий сэлгүүцдэг хэмээн том ярьж байсан Н.Гантөмөр маргааш нь л үгнээсээ буцаж, иргэдээс санал асуух тухай ярьсан байх юм. Тэрбээр “Эхэндээ иргэд дэмжихгүй байсан ч сүүлийн үед харьцангуй нааштай хүлээж авч байна. Гэхдээ энэ асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаас өмнө иргэдээс гар утсаар санал авах болно” хэмээв. Ямартай ч өнөөдрөөс эхлэн иргэдээс санал авах талаар Нийслэлийн засаг даргын тамгийн газрынхан ярьж эхлэх бололтой. Тиймээс энэ сарын 13-наас НИТХ-иар уг асуудал хэлэлцэгдэж амжихгүй нь ойлгомжтой биз ээ. 

 

Ер нь бол замын түгжрэл үүсээд байгаа асуудал төрийн буруу бодлого, төлөвлөлт муу байсны уршиг. Тиймээс иргэдэд улам бүр хүндрэл учруулж, тэдний халаас руу өнгийх нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох биз ээ. Үндсэн хуульд 13 дугаар зүйлд 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” хэмээн заасан байдаг. Гэвч өнөөдөр иргэдийн өмчид төр халдаж, эцэстээ төлбөр төлөхийн оронд өөрсдөөс нь мөнгө татаж буй юм. Энэ талаар урьд нь мөн л бид хөндөж тавьж байсан. Үндсэн хуулиас давсан журмыг Нийслэлийн засаг дарга боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдөөс хэлэлцүүлэн батлуулчихаад түүнийг иргэдийг биелүүлэх ёстой гэх нь хэр зөв юм бол. Хэрвээ журмаа мөрдүүлэх гээд байгаа юм бол иргэдийг үүргээ биелүүлэх хэмжээнд орчныг нь бүрдүүлэх ёстой биш гэж үү.

 

Мөн үндсэн хуулийн 13 дүгээр зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй… эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий. Тэгвэл төв замаар иргэдийг өөрийн хувийн өмчтэйгээ зорчих эрхийг хотын дарга Э.Бат-Үүл болон түүний нөхөд хязгаарлах эрхтэй субъект мөн үү. Нийслэл Улаанбаатарт амьдарч, ажиллаж байгаа иргэд ямар гэмт хэрэг үйлдсэн болохоороо эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа юм бэ…Энэ бүхэнд хотын дарга болон түүний нөхөд, замын түгжрэлийг иргэдийн халааснаас мөнгө татаж байж шийднэ хэмээн мунхагладаг Н.Гантөмөр нар бодно биз.

 

Үндсэн хуулиас давсан элдэв журам боловсруулж, тэрийгээ ард түмнээс мөрдүүлэх нэрээр халаасыг нь тэмтэрдэг овлигогүй зангаа хэзээ татах вэ томчууд. Өнөөдөр иргэдийнхээ төлөө юу хийсэн юм бэ. Ард түмний амдралд тус дэм болох ямар төсөл хөтөлбөр, бодлого боловсруулж ажилласан бэ. Миний л мэдэхийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж, татвар татах нь л нэмэгдсэн байх. Ямар сайндаа л Эрдэнэбаяр гэх твиттерчний “Хотын мээр “Баатар гуай таныг НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР явж болохгүй гэхэд бид бүгд ЗА гэсэн. Машинаа нэг өдөр УНААХГҮЙ БАЙ гэхэд чинь ЗА л гэсэн. Зогсох ёсгүй газар зогссон байна гээд АЧААД явахад чинь /80 000 төгрөг/ ЗА л гэсэн. Сар бүр 50 мянган төгрөг төлөөд ХОТООР ЯВ гэдэг чинь арай л биш ээ!!! ТАНД хэлэх НЭГ ЗӨВЛӨГӨӨ байна. Та битгий ХУЦ аа” хэмээсэн үг “брэнд” болж байхав. Үнэндээ дээрх үгийг хотын даргад хаяглан хүргэх хүн олон байгаа. 

Ч.Амундарь

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих