RIO TINTO юу хийж байна…

527-14077214234741449802ba7dcfbigБид нар ч яахав, мөнгө алга болгосон, болгоогүй, огцор, огцрохгүй гэж уламжлалт хэрүүлээ хийж байна. Энэ хооронд нөгөө Rio Tinto юу хийж байна гэдгийг олон хүн бодоогүй л болов уу. Тэгээд хувийн дүгнэлт хийлгүй “Rio Tinto юу хийж байгаа” талаар зарим мэдээ хүргэх гэсэн юм…
Дөнгөж саяхан Rio Tinto 2014 онд зэсийн үйлдвэрлэлээ 585 мянган тн болгоно гэсэн прогнозоо өөрчилж нэмэгдүүлэв. Концерны тайлангийн мэдээ баримтаас шүү дээ. Учир нь Rio Tinto концерн Kennecott Utah Copper орд газрын хүдрийн чанар хийгээд зэс гарган авах коэффициентээ өсгөсөн, мөн Монголын Oyu Tolgoi төслөөс авах гаргалтаа нэмэгдүүлсэн учраас ийнхүү прогнозоо өөрчилж нэмэгдүүлсэн байна.
Хэрэв би эндүүрээгүй бол энэхүү Kennecott Utah Copper нь америкийн Юта муж улсад байдаг зэсийн томоохон орд газар болно. Rio Tinto энэ уурхайн 30%-ийг эзэмшдэг ба эндээс олох олборлолтоо энэ оны эхний улиралд 23% өсгөж чадсан байна. Тэхээр манай зэстэй америк ямар нэг байдлаар холбогдож байна.
Өмнө нь Rio Tinto 2014 онд 570 мянган тн зэс гаргана гэж төлөвлөж байсан юм. Өмнөх улиралтай харьцуулахад Rio Tinto зэсийн үйлдвэрлэлээ 10% нэмэгдүүлсэн байна. Мөн төмрийн хүдрийн гаргалтаа бас л 10% нэмэгдүүлжээ.
Ер нь бол Rio Tinto-г зэсээ бага анхаарч, төмрийн хүдрийг илүү анхаарах хандлагатай болсон гэж дүгнэж болохоор байна.
Яагаад гэвэл санхүүгийн эхний хагас жилд Rio Tinto Австрали дахь уурхайнуудаасаа төмрийн хүдэр олборлолтын дээд амжилт тогтоолоо гэж энэ 7 дугаар сарын 17-нд мэдээлэв.
Энэ үед төмрийн хүдрийн үнийг нэлээд буусан байна. Зургаан сарын дүнгээр Rio Tinto төмрийн хүдрийн олборлолтоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10% нэмэгдүүлж, хүдрийн нийлүүлэлтээ 20% өсгөж 142,4 сая тн болгож чаджээ.
“Төмрийн хүдрийн олборлолтоо өргөтгөсөн нь өндөр маргинал өсөлтийг хангаж, бага зардалтай үйлдвэрлэгч гэсэн манай байх суурийг бэхжүүлж байна” гэж Rio Tinto-гийн Ерөнхий захирал Сэм Уолш биржийн тайландаа дурдсан байна.
Манайд ч гэсэн “бага зардалтай үйлдвэрлэгч” болох гэж зүтгэж байгаа нь тодорхой… Энэ хандлага нь Rio Tinto ашиг олохын хамт түүхий эдээс хамааралт байдал нь ихсэж байгааг харуулж байна экспертүүд дүгнэж байна.
Rio Tinto төмрийн хүдрийн хүчтэй эрэлтээ хадгалах Хятадын эрмэлзэл дээр бооцоо тавьж байна. Хятад гангийн томоохон нийлүүлэлт шаардсан метро, нисэх буудал зэрэг том төслүүддээ төрийн санхүүжилт хийдэг. Гаалийн статистикаас энэ жил Хятад 457 сая тн төмрийн хүдэр импортлосон нь өнгөрсөн оныхоос 19% илүү байгаа юм.
Дэлхийн олборлогч компаниудын зах зээлд нийлүүлж байгаа таван тн төмрийн хүдэр тутмын гурвыг Хятад худалдан авдаг аж. Иймээс миний ойлгож байгаагаар Монголын төмөр зэснээсээ дутуугүй ач холбогдолтой болоод байна.
Rio Tinto Хятадын энэ эрэлтийг хангахын тулд Баруун Австралийн алслагдсан Пилбар мужийн уурхайгаа өргөтгөхөд олон миллиард долларын хөрөнгө оруулаад байна.
Энэ оны 6 дугаар сард Rio Tinto Пилбар дахь олборлолтын жилийн хүчин чадлыг 290 сая тн болгож чадав. Олборлолтыг ойрын гурван жилд бас дахин 20%-иар нэмэхийн тулд Rio Tinto дахин 2 миллиард доллар гаргахаар төлөвлөж байна.
Тэхээр манайхан зэсээс гадна төмрөө анхаарах цаг нэгэнт болсон байна. Би л хувьдаа манай төр засаг “төмөр” ярихыг 10 гаруй жил сонссонгүй…
Гэхдээ төмрийн хүрдийн үнэ унаж байна. Сүүлийн долоо хоногт Deutsche Bank AG, Commonwealth Bank of Australia, Morgan Stanley нэр хүнд бүхий байгууллагууд төмрийн үнэ буурна гэж прогноз хийж байгаа боловч шинэ уурхайнууд нээгдэх хурдыг тооцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Rio Tinto нийт ашгийнхаа 90% илүүг төмрийн хүдэр зарж олдог ба үнэ буурсан ч гэсэн Хятадын үйлдвэрлэл өндөр өртөгтэй учраас айх явдалгүй юм байна.
Rio Tinto төмрөөр хөөцөлдөөд зэсийг хаячихсан уу ? гэвэл тийм биш. Хэд хоногийн өмнө Индонези дахь зэс хайлуулах завод барих асуудлаар Индонезийн засаг, Freeport McMoRan Copper & Gold болон Rio Tinto хэлэлцээ хийхээр болсон байна.
Энэ тухай Freeport-ын тэргүүн Ричард Адкерсон:”Rio Tinto удаан хугацааны ил уурхай сонирхож байгаа, түүнийг оролцуулахыг бид заавал судлан үзэх болно” гэж мэдэгджээ. Тэгэхлээр Rio Tinto дэндүү их мөнгөтэй байгаа нь тодорхой байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn – ээс уншина уу?

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих