Н.Алтанхуяг: АН МАН-аас юугаараа ялгардгийг тооччихвол маргааш юу болно гээч. Бөөн хэрүүл өдөөнө
Ардчилсан намын дарга, хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ярилцлаа.
-УИХ-ын сонгууль хүртэл яг нэг жилийн хугацаа үлдээд байна. Сонгуулиас өмнө хамтарсан Засгийн газар тарж л таарна гэсэн хардалт ч юм шиг, хүсэлт ч юм шиг хүлээлт гурван жилийн турш ялангуяа АН-ыг сүүдэр шиг дагалаа. Танд хамгийн түрүүнд ямар асуулт тавих гээд байгааг маань шуудхан ойлгож байгаа биз дээ?
-Хамтарсан Засгийн газарт ажиллах эсэх нь угаасаа АН-ын дур хүсэл биш. Ард түмний захиалга шүү дээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болсон. Тэр үед дахин сонгууль явуулж олон нийтийн бухимдлыг дэвэргэх байсан уу, улс төрийн намууд талцаад явах нь дээр байсан уу. Яг ийм л нөхцөл байдалтай Монголын улс төр нүүр тулсан.
Сонгуульд үнэмлэхүй санал авсан улс төрийн хоёр том хүчин хэлэлцээд ард түмний төлөө томоохон зорилго тавиад хамтарч засгаа байгуулсан. Тэгээд л ажиллаж байна. Сонгууль дөхлөө, би чамайг гаргах, чи намайг гаргах гэсэн яриа одоохондоо алга. Хувь улстөрчдийн АН-ыг гаргая, засгаас явъя гэдэг яриа хөөрөө бол олон нийтийн санаа бодол биш. Үнэхээр АН, МАН-ын хамтралыг иргэд үгүйсгэвэл АН Засгийн газрыг орхиж болох юм.
-Улс төрийн нам сонгогчдоос санал авахын тулд бусад хүчинтэй өрсөлддөг. Засгийн газрын хийж бүтээснийг МАН өөртөө наах гэж үзнэ, АН ч бас ажлаа тайлагнана. Засагт хамтарсан гээд МАН, АН сонгуульд нэг эвсэл болж орохгүй учраас урьдын адил ширүүхэн өрсөлдөх нь тодорхой. Харин сонгогчид их сонин сонголттой нүүр тулах байх даа?
-Монголын улс төрийн намууд өрсөлдөөн гэдгийг “бөгс ухах” юм байна гэсэн марзан ойлголттой 20 жилийн турш явж ирсэн. Хамтраад хийсэн ажил дээр АН, МАН-ын нэр адилхан л дурсагдах ёстой. Түүнээс биш МАН-ынхан аймгуудад очоод ганцаараа зүтгээд яваа юм шиг сурталчилбал буруу. Шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөө, бод лого, арга барилын тухайд АН, МАН хоёр яалт ч үгүй ялгардаг. Сонгуулийн өрсөлдөөн бол мэдээжийн зүйл. Хоёр нам хамтарч хийснээ хамтарснаар нь тайлагнаад, харин цаашдын хөгжлийн бодлого, зорилтоороо ялгарч, үүгээрээ л өрсөлдөх ёстой. АН, МАН хоёр хамтраад ч хийж чадаагүй боловч АН амжилтад хүргэж чадах зөндөө ажил байдаг юм шүү.
-Таны хийлгэсэн хамгийн сүүлийн судалгаагаар АНын рейтинг хэдэн хувьтай байгаа вэ. Сонгогчдын 50 орчим хувь МАН, АН-ыг ойролцоо хувьтай дэмжээд, үлдсэн 50 хувь нь жижиг намуудаас сонголтоо хийнэ гэсэн тандалт байдаг нь хэр бодитой бол?
-Хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэсэн гурван ч судалгааны дүн надад ирсэн. АН, МАН-ын ялгаа бага харагдах тал байна. Яг одоо АН-ын рейтинг МАН-ынхаас ялимгүй давсан. Ер нь сонгууль дөхөх тусам намуудын рейтингийн ялгаа нэмэгддэг л дээ. Сонгогчдын саналыг АН, МАН хоёр л хуваана. Гэнэтхэн гуравдагч хүчин олонх болоод Монголын төрийг аваад явна гэдэгт би огт итгэдэггүй.
-Яг одоо МАН, АН-ын ялгаа бага харагдаж байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа болохоор рейтингийн зөрүү холдохгүй байгаа хэрэг л дээ. Засгийн газарт хамтарч байгаагийн хувьд ажил хэрэг явуулахдаа АН намынхаа сонирхлыг Монгол Улсын 2.7 сая иргэний эрх ашгаас дээгүүрт тавьдаггүй. Хэрэв АН, МАН-ын аль нэг нь үзэл бодол, байр сууриараа ялгараад эхэлбэл хамтарсан Засгийн газар оршин тогтнох боломжгүй болно. Эсрэгээр нь эдийн засгийн бодлогын тухайд юугаараа адилхан бэ гэдэг нь л энэ Засгийн газрын үндэс суурь болж байгаа юм. АН Оюутолгойг эргэлтэд оруулъя, Тавантолгойг ашиглая, уран, нефть, төмрийн ордуудаа хөдөлгөе гэж хичээж байна. Харин АН МАН-аас юугаараа ялгардгийг тооччихвол маргааш юу болно гээч. Бөөн хэрүүл өдөөнө. Хүүе, тэр АН-ын чинь дарга намаа МАН-аас дээр гэчихсэн байна ш дээ гээд л. УИХ дахь МАН-ын бүлэгт сайд болох гэсэн нөхөд бий шүү дээ. АН-ыг одоохон засгаас гаргаад аль гээд гал дээр тос нэмээд дайрчихна.
-Танайд ч бас АН-аа Засгийн газраас гаргахыг ятгагсдын бүхэл бүтэн бүлэг байдаг. ЭБЭХ-ий сайдыг огцруулах гэж гурав дахиа бичиг өргөөд явж л байна. Та намаа удирдан МАНын Ерөнхий сайдын багт орсныхоо хувьд АН-ынхаа “сахилгагүй” улстөрчидтэй хэл амаа олоход бэрхшээлтэй байдаг уу?
-АН-ын гишүүд нэг дохиогоор гар өргөдөггүйгээрээ давуу талтай. Энэ бол АНынхны араншин юм даа. Манай намын үндэс анх тавигдахдаа л ардчилсан нийгэмд олон үзэл бодол уралдах ёстойг харуулсан нь намын маань араншин болоод тогтчихсон хэрэг. Би харин ч дарангуйллаас ангид араншинтай АН-ын дарга болсондоо бэрхшээж зовдоггүй, баярлаж бахархдаг. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг манай намын бүлэг дохио зангаагаар биш, олонхиороо шийддэг.
-Оюутолгойн гэрээг байгуулсан гурван сайдын нэгийг огцруулахаар хоёр удаа онилсон. Та өөрөө танхимын удирдлагад байдаг хүний хувьд яагаад гэдэг талаар боддог уу?
-Би багаар ажиллах зарчмыг дэмждэг. Хэрэв Оюутолгойн гэрээ алдаатай болсон бол би энэ Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд ч, гэрээний төслийг баталсан УИХ-ын гишүүний хувьд ч огцроход бэлэн.
-Та одоо Тавантолгойн хэлэлцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Оюутолгойн гэрээгээр одоо ч улстөрждөг шиг Тавантолгойн гэрээ батлагдсаныхаа дараа Таны улс төрийн карьерт муугаар ч нөлөөлөх шалтаг, шалтгаан болж мэдэх л юм?
-Магадгүй ээ. Би нэлээд бодож байж хийдэг хүн л дээ. Алдаа мадаггүй ажил боллоо гэж үзсэн бол эргэж буцдаггүй.
-Тавантолгойн хэлэлцээний дүн хэзээ гарах вэ?
-ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт нар одоо хэлэлцээ хийж байгаа. Засгийн газрын хуралдаанаас эдгээр гурван сайдыг ажлын хэсгээ төлөөлж хөрөнгө оруу лагчдын зургаан талтай хэлэлцээ явуул гэж томилсон. Хэлэлцээ дуусаж байгаа. Тун удахгүй ялагчаар тодрох нэг консорциумыг УИХ-д танилцуулна.
-Хамтарсан Засгийн газрын ажилд онц, дунд гээд л олон янзын дүн тавьцгаадаг. Нийгмийн олонхийн амьдрал ядруу, бухимдал ч тэр хэрээр байна. “Шударга ёс хаачив, нөгөө ардчилал чинь энэ үү” гэсэн иргэдийн ууртай асуултад АН-ын даргын зүгээс юу гэж хариулах вэ?
-Ардчилал, зах зээлд шилжээд авлаа гэсэн шиг сонгуулиас сонгуульд нэг намыг сонгосон биз дээ. 17 аймгийн засаг захиргаа МАНын гарт байх жишээтэй. Ах дүү, амраг садны сүлбээгээр төрийн ажлыг тендер идэж л явуулдаг болж. Сонгосон нэг нам нь иргэдийнахуй амьдралыг сайжруулаад ирсэн бол мундаг л байна. Одоо хөдөөгүүр явахад ард иргэд “шударга ёс хаана байна, ардчилал хаачив” гээд асуудаг. Ардчилал, шударга ёс харин хааччихсан юм бол, хайя л даа.
Хайж олдог ганц газар нь АН биш шүү дээ. Ард иргэд хамтдаа хайгаад, сонгуульд саналаа зөв өгөх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд сонголтоо өөрчлөх боломж байдаг шүү дээ. Шүүх, хууль хяналтын байгууллага гэж миний л санаж байгаагаар сүүлийн бараг 20 жил салхи ороогүй газрууд бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэчлэлийг эхлүүлж байна. УИХ хөдөлж өгөхгүй болохоор Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжиж чадахгүй л байна шүү дээ.
-Ц.Элбэгдорж экс Ерөнхийл өгч Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрыг бодвол өө- рийг нь дэвшүүлсэн намын лидерүүдтэй сайн харилцаатай хэвээр байдаг бололтой. Та Ерөнхийлөгчтэй хэр ойрхон уулздаг вэ. Тухайлбал, шүүх прокурор, хууль хяналтын байгууллагад салхи оруулах талаар санал бодлоо солилцдог биз дээ?
-Өмнөх Ерөнхийлөгчдийг дэвшүүлсэн нам нь ч, Төрийн тэргүүн болсон хүмүүс нь ч одоогийнхоос огт өөр юм. Элбэгээ бол Ардчилсан намаас дэвшүүлсэн ардчилсан Ерөнхийлөгч шүү дээ. Ц.Элбэгдорж бидний хоорондын харилцаа ч ардчилсан. Одоо тэр хүн төрийн бодлого явуулж байгаа болохоор улс төрийн намуудтай тэгш ажиллах үүрэгтэй. АН-ын бодлогыг л хүлээж аваад, бусдыг нь үл ойшооно гэж байх гүйг манай нам ч ухамсарладаг.
-Та Засгийн газарт МАН-ын нэг Ерөнхий сайдыг үдэж, хоёр дахьтай нь одоо хамт ажиллаж байна. С.Баяр, С.Батболд нарын хэнтэй нь илүү гар нийлэв?
-Би хэн нэгэн хүнтэй таарч тохирох, эсэх тухай ярихгүй. Хоёр нам хамтарч эдийн засгийн чиглэлээр улс орны хөгжилд эргэлт авчрах зорилгоор ажиллаж байна. Тиймээс бидэнд ажлаас өөр ярих сэдэв ч байдаггүй.
Б.Энхцэцэг
URL: