БНХАУ-аас жил бүр 2,7 тэрбум төгрөгийн ширээ, сандал авч байна
Будаг нь ханхалсан модон ширээ сандал, шинэхэн сурах бичигтэй хамт ЕБС-ийн сурагчид, сургуулийн өмнөх насны багачуул хичээлийн шинэ жилээ угтдаг. Энэ байдал одоо ч зарим боловсролын байгууллагуудад үргэлжилсээр байна. Харин сургуулиудад хэрэгцээтэй сурагчийн ширээ, сандлын нийлүүлэгчийг жил бүр БШУЯ-аас сонгон шалгаруулдаг. Тус шалгарсан компани нь дотооддоо үйлдвэрлэх нэрийн дор БНХАУ- аас эдэлгээний хугацаа богино, чанарын шаардлага хангахгүй ширээ, сандал зэрэг оруулж ирдэг аж. Уг нь дотооддоо боловсролын бүх байгууллагын ширээ, сандал, цонх, хаалгыг үйлдвэрлэх нийлүүлэх боломжтой гэдгийг ҮХААЯ-ны удирдлагууд болон хөнгөн үйлдвэрийн төлөөлөгчид хэлж байв.
Тодруулбал, ҮХААЯ- ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Баярмаа, “Woodman”ХХК-ны захирал Ч.Маамуу, “Ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо”-ны захирал н.Батхуяг нар ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр болох гэж буйтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолд тусгагдсан 38 нэрийн бараа бүтээгдэхүүн дотор багтсан оюутан, сурагчдын ширээ, сандлыг дотоодын үйлдвэрүүдээс хангах зорилт хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг тэд онцолж байв. Улсын хэмжээнд нийт 50 гаруй мод боловсруулах жижиг дунд үйлдвэр байдаг аж. Эдгээр жижиг дунд үйлдвэрт тулгамдаж буй нэг бэрхшээл бол БШУЯ-наас сонгон шалгаруулдаг тендер юм. Учир нь уг тендерт оролцохын тулд 500 саяаас эхлэн тэрбумаас дээш төгрөгийн багцад хамрагдах ёстой аж. Иймд тэдэнд их хэмжээний мөнгө байхгүйн улмаас оролцож чаддагүй гэдгийг “Woodman” компаний захирал Ч.Маамуу хэлж байв.
Тэрбээр “Мод боловсруулах үйлдвэрийн компаниуд дотооддоо модон тавилга үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хаана, хэнд нийлүүлэх тал дээр асуудалтай тулгардаг. Жишээлбэл, боловсролын байгууллагад ширээ, сандал нийлүүлье гэхэд БШУЯ-наас жил бүр тендер зарлан БНХАУ-аас шахмал материалаар хийсэн ширээ, сандал импортолж байна. Уг ширээ сандал нь хоёр жилийн настай, чанарын шаардлага хангадаггүй. Нэг нь хавтан нийлүүлж, нөгөө нь сандал угсрах зэрэг дотоодын үйлдвэрүүд нэгдэн каласрын төлөвлөгөөгөө гаргасан. Монголдоо ширээ, сандал үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл жил бүр гадагшаа валютаа урсгаж, чанаргүй ширээ сандал нийлүүлээд дөрвөн жил болж байна. Мөн монгол ороны ойн бүсийн 76 хувь нь нас гүйцсэн авч ашиглахад бэлэн болсон мод байдаг. Харин үүнээс хэтэрвэл ой үхжиж илүү хогоор дүүрэх аюултай.
Иймээс ойг тодорхой хэмжээнд цэвэрлэж ургалтыг нь сийрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм. Жил бүр БНХАУ-аас импортоор орж ирж буй уг ширээ, сандал нь 2,7 тэрбум төгрөг аж. Харин сурагчийн ширээ сандалыг дотооддоо үйлдвэрлэснээр эдэлгээний хугацаа гурав дахин уртсаж бөх бат болохоос гадна 10 жилд найман тэрбум төгрөг хэмнэх боломжтой юм. БШУЯ-наас тендер зарлаж, ширээ сандал Хятадаас импортолдог тухайд Боловсрол Соёл шинжлэх ухааны яам болон Нийслэлийн Боловсролын газар мэдэхгүй байлаа. Харин өнгөрсөн долдугаар сарын 28-нд БШУЯ-наас тендер сонгон шалгаруулжээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул ЕБС болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын ширээ, сандал ямархуу байгаа талаар сонирхлоо. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р дунд сургуулийн засварын ажил нь дуусаагүй, үүдний зааландаа хуучин ширээ, сандалуудаа будсан харагдлаа. Тус сургуулийн жижүүрүүд “Манай эрхлэгч, дарга нар амарсан учир ширээ, сандалны тухайд сайн мэдэхгүй. Гэхдээ бид хуучин ширээ, сандалтай хичээлийн шинэ жилийг угтдаггүй. Хуучин ширээ, сандал биш” хэмээн хариуллаа.
Мөн тус сургуультай ойролцоо байрлах Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгтэй танилцахад мөн л засварын ажилтай, дарга нар нь амарсан байв. Ширээ сандал нь мөн адил хуучин модон сандал, ширээ аж. 39 дүгээр цэцэрлэгийн нярав А.Цэвэлмаа “Энэ жил ширээ сандалаа солино гэсэн захиалгаа дүүрэгт өгчихсөн байгаа. Хаанаас гэдгийг нь мэдэхгүй. Ер нь нэг хоёр ангиар нь солих бодолтой байна. Нийт 200 ширхэг сандал, 40 ширхэг ширээний захиалга өгсөн.” гэсэн юм. 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг ЕБС-ийн сурагчид болон сургуулийн өмнөх насныхан будаг нь ханхалсан хуучин ширээ сандалтай үдэх нь.
URL: