О.Баасанхүү: Н.Энхбаяр даргад эрүү үүсгүүлэх зохиолыг албан тушаалд очсон манай намын зарим нэг хүн захиалж хийлгэж байгаа

8-8-2Л.ХЭРЛЭН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж байх шиг байна. Таны хувьд   чуулганы завсарлагаар ямар ажил амжуулж байна вэ?

-Зуншлага сайхан байна, хаа сайгүй найр наадам болоод бороо хур тэгширсэн сайхан зун болж байна. Миний хувьд улсын баяр наадамд оролцчихоод гэр бүлийн  хамт агаар салхинд хэсэг хугацаанд гарч ирээд одоо албан ёсоор ажилдаа ороод байж байна. Хэд хэдэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн барих учраас  хуулийн төслийн багийнхантайгаа өдөр болгон уулзаж, санаачилсан хуулийн төслүүд дээрээ ажиллаж байсан.

Тухайлбал,     “Оюу-толгой”, “Тавантолгойн” орд газрыг нийт ард түмний хяналтад, баялгийн тэгш хувиарлалтад оруулахын тулд “нийт ард түмний хамтарсан хувьцаат” компанийн төсөл, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, тэнд амьдарч буй иргэдийг өмчтэй байлгах зорилгоор “Хаалттай хувьцаат компаний тухай” хуулийн төслүүдэд  ажиллаж байна.  Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсад газар түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн  хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. Тэгэхээр байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгаж,  нийт иргэдэд шудрага, хүртээмжтэй хувиарлах шаардлагатай юм. Үүний нэг жишээ нь   “Эрдэнэт” хотын иргэд цэнхэр тасалбартай байсан боловч  Эрдэнэт үйлдвэрээс хувь хүртэж чадаагүй,  одоо ажиллаж буй хүмүүс нь 51 хувийн төрийн эзэмшлийн компанид ажиллаж байгаа хэрнээ хөлсний ажилтан мэт ажиллаж байгаа алдааг засах нь зүйтэй.

-Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа хэн нэгний ар гэрийнхэн хувьцаа эзэмшигч болох боломжтой гэсэн үг үү?

-Яг   наадах чинь. Байгалийн баялгийг ард түмэн мэдэлдээ байлгаж, тэгш хувиарлаж чадахгүй,төрийн нэрээр тодорхой хэсэг бүлэг хүн л баяжаад байна шүү дээ. Зарим  этгээд  УИХ-ын бүтцийг ашиглан ил тодоор дээрэм хийчихээд хэвлэл мэдээллээр эх орончдоос болж эдийн засаг хямарсан гэх мэт тархи угаалт хийж байна. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Одоогоор энэ талаарх судалгааг хийж байна.  Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг цэнхэр тасалбараа өгч байсан иргэд болон одоо ажиллаж буй иргэдэд амьд байх хугацаанд нь гадагшаа худалдан борлуулах, өвлүүлэх эрхгүйгээр нэг удаа өмчлүүлж баялгийн тэгш хувиарлалт хийж болно гэж харж байна. Энэ төсөл  амжилттай болвол  цаашид “Тавантолгой” “Оюутолгой” гэх мэт томоохон орд газрын өөрт ногдох хувийг  2.7 сая иргэний хувьцаат компани болгон өөрчилж баялгийн тэгш хувиарлалтанд оруулах боломжтой болно. Мөн МАК мэтийн гадаад дотоодын компаниудын ашиг олж буй гол хэрэгсэл болох байгалийн баялгаас олсон ашгаас  нийт иргэд хувь хүртэх бүрэн эрхтэй гэсэн ухамсар төлөвших боломж бүрдэх юм.

 -Ер нь  өнгөрсөн хаврын чуулганаар таны болон  танай бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй гэх шүүмжлэл  гарч байсан. Та хаврын чуулганаар  юу амжуулав?

-Хуулийн төсөлд   ажиллана гэдэг өөрөө том ажил. Маш олон хүний хүч хөдөлмөр цаана нь байдаг. Гэтэл харамсалтай нь АН-ынхан үүнийг бойкотолдог.  Ний нуугүй хэлэхэд хуулийн төсөл  өргөн барихаар хүлээж авдаггүй. Авлаа гэхэд байнгын  хороогоор оруулдаггүй. Орууллаа гэхэд ажлын  хэсэг  гаргаж байгаа нэрээр мартаад хаячихдаг. Эсвэл хулгайч шиг нэрийг нь өөрчилж оруулж ирээд өөрсдийнхөө хууль болгон батлуулах жишээтэй. Гишүүдийн хийх үндсэн ажил бол хууль санаачлах. Гэтэл энэ эрхийг нь бойкотлож байсан нь нууц биш. Тиймээс аль болох олон хууль оруулах юм бол ядаж нэг нь батлагдах боломж үүсэх учраас нэлээд хэдэн хуулийн төслийг дангаараа болон бусад гишүүдийн хамт санаачлан хэлэлцүүлсэн. Мөн хэд хэдэн ажлын хэсгүүдийг ахлах, зарим ажлын хэсэгт  орж ажилласан. Иргэдээс ирсэн бүхий л өргөдөл гомдол, санал хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлэж чадсан  учраас өмнөх чуулганыг бодвол  нэлээд бүтээлч чуулган байж чадсан гэж хувьдаа  үзэж байгаа.

-Ер нь та  хаврын чуулганыг хэрхэн дүгнэсэн бэ. Хүн болгон л өөр өөрийн дүгнэлтийг хийчих шиг боллоо?

-Дайны дараах нө­хөн сэргээлтийг хийхэд мэдээж хүнд л дээ. Товч­хондоо, өмнөх Засгийн газрын үед үүссэн хүндрэл одоо ч үргэлжилж байна.  Харамсалтай нь өмнөх болон одоогийн эрх баригчид түрийвч нэгтэй болчихсон учраас хэн хэнийхээ булхайг тийм ч амар дэлгэчихгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд хүнд байсан  худалдааны тэнцэл одоо л нэг тэнцвэржиж байгаа  нь сайн боловч зориудаар ам.долларын ханшийг өсгөн, ард түмнийг бухимдалд оруулж байна. Ерөнхий сайд хэлсэн дээ  “Ардын нам, Авилгатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна”  гэж. Миний хувьд зарим сайд нарын хувьд ёс зүйгүй, хууль зөрчин , эрээ цээргүй улсын хөрөнгийг идэж ууж байсан гэдэгтэй санал нэг байгаа. Гэвч МАН-ын хувьд ард түмнийг зориуд сульдаан, бухимдалд байлгах үүднээс хамтарч идсэн АН-ын олигархиудтайгаа  нийлж, хаврын синдром үүсгэх, нийгмийг бухимдалд оруулж Засгийн газрыг унгаах, МАНАН үүсгэхийн төлөө бүхийл аргаараа тэмцэж байсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Уг нь шүүмжлэл бол шүүж тунгаахын нэр юм. Шүүж тунгаагаад үнэнийг л ярьдаг байх ёстой. Гэтэл харамсалтай нь тийм зүйл харагдахгүй байна. Уг нь үр дүн, бодит байдлын талаар л ярих хэрэгтэй. Товчхондоо, хаврын чуулган хариуцлага муутай байж Ардын намынхан ажил гацаах ажиллагааг эрчимтэй   явуулсан. Ялангуяа Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг МАН, АН-ынхан  маш урт хугацаагаар зориуд сунгаж миний өргөн бариагүй асуудлаар гацаагаад  Тэмүүжинг огцоруулахгүйгээр авч үлдэхээр тохирсныг би олж мэдсэн учраас  тэр тоглоомонд оролцоод байх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан  юм.

-Гэхдээ сайд огцруулах, томилох  болон “Давхар дээл“-ийг тайлах эсэх асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад гацаасан тохиолдол нэг бус удаа гарсан шүү дээ?

-Манай  бүлгийн зү­гээс сайд огцруулах асууд­лаар ерөөсөө завсарлага аваагүй. Миний мэдэ­хээр жишээлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага аваагүй.   Харин “Давхар дээл”-ийг тайлах, эсэх асуудал бол  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хийж байгаа тоглоом байсан. Энэ тоглоомоо одоо ч гэсэн үргэлжлүүлэх байх. Хууль амьдралд  нэн шаардлагатай асуудлыг зохицуулж байх ёстой. 2016 онд хэрэгжих хууль батлах зайлшгүй яаралтай шаардлага байгаа гэж үзэж байгаа юм бол 2090 онд зориулж хууль гаргаж бас болно шүү дээ. Гэтэл амьдралд  тулгамдсан  олон асуудал өнөөдөр үүсээд байна. “Давхар дээл-2016”  гэдэг дээр бол  давхар дээлийг эсэргүүцэж байгаа гишүүд санал нэгдээд байсан учраас би тэднийг эсэргүүцэж кноп дарсан.

-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр баталсан “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжээд дуусах гэж байна. Гэтэл энэ хөтөлбөрөөс эерэг дүн,  хямралаас гарах гарц харагдахгүй байна  гэх шүүмжлэлийг  олон нийт төдийгүй эдийн засагчид хийгээд эхэлчихлээ. Та юу гэж үзэж байна?

-Эерэг үр дүн гаргах л ёстой, гаргах ч үүрэгтэй юм. Хамгийн гол нь гадаад болон дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс манай улсын эдийн засгийн өнгө тодорхойлогдоод байгаа юм. Монгол Улсыг ядуу байгаасай гэж хүсдэг хүмүүс бол гадныхан гэхээсээ илүү манай дотоодын олигархууд байдаг. Тэд гадны гар хөл болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж буцан орж ирэхийн тулд цаашлаад 2017 онд Ерөнхийлөгч болохын тулд, Үндсэн хуулийг өөрчлөн Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын эрх мэдэл бүхий засаглал бий болгохын тулд таны ядуу байгаа нь тэдэнд ашигтай байдаг.  Тэд Монгол Улсаа ядуу байлгая гэж ярьдаг юм.  Би яг одоо бонд болон өр зээлд маш их санаа зовж байна. Бондын асуудлаар цөөнгүй хүн шоронд суух байх гэж харж байгаа. Шудрага ёс гэж байдаг бол баттай сууна гэдэгт ч итгэлтэй байна.

-Яагаад?

-Бондын 1.5 тэрбум төгрөгийг чинь авахгүй гэж  эсэргүүцсэн цорын ганц гишүүн нь би байх шүү. Яагаад гэвэл би мөнгөнд дургүйдээ эсвэл бондын мөнгөний хүү өндөр учраас эсэргүүцээд байсан юм биш. Гагцхүү энэ бондыг ямар төсөлд хэрхэн зарцуулах талаар ямар ч тооцоо төлөвлөгөө байгаагүй учраас эсэргүүцсэн. Гэтэл эрх баригчид дур зоргоороо аваад энд ч тэнд ч хэрэгтэй гээд хуваагаад авчихсан. МАН тэднийг дураараа ашиглаж дундаас нь дутаана гэдгийг мэдэж байсан учраас дэмжээд байсан. МАН-ын гишүүдийг би төрийн териор хийгчид, үр могойнууд  гэж нэрэлмээр санагддаг. Яагаад гэвэл тэд болохгүй зүйлүүдийг нь мэдсээр байж дэмжээд байдаг, болохоор зүйлүүдийг нь санаатайгаар хааж боож, өөрсдийн компаниуддаа орлого хийж суудаг нөхдүүд шүү дээ.  Уг нь бол МАН-ын олигархиуд  Монгол Улсыг сүйрүүлснээс болоод бэлэн мөнгөний асар их хэрэгцээ үүссэн. Хэрэгцээ хязгааргүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах дүрэм байдаг. Гэтэл хамгийн зохистой төслүүд нь байхгүй. Одоо өнөөдрийн болоод байгаа ам.долларын ханшийн өсөлт, эдийн засгийн уналт бүгдээрээ 2012 онд  болох гэж  байсан байхгүй юу. Гэтэл нөхдүүд тэр бондын мөнгийг аваад л гал унтраах зорилготой  зээл мэтээр хэрэглэж эхэлсэн. Дээрээс нь ямар ч бодлогогүй явсан учраас цөөхөн хүн л тодорхой хэмжээгээр баяжсан байх.

-Бондын мөнгийг зар­цуулах эрх бүхий Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ шалгаж байгаа. Таны хэлснээр тэднээс гадна шалгуулах хүн байгаа байх нь ээ?

-Зөндөө гарна. Гарахгүй яах юм. Эцсийн эцэст энэ бондыг  2017 оноос байна уу эхлээд  эргэн төлж эхлэх ёстой. Тэр үед мөнгө хаачсан бэ гэдэг асуултыг хүн бүр эд нарт тавьж таарна. Хэн нэгэнд  мөнгө өгсөн бол эргээд тэр мөнгө юу болсон бэ гэдгийг харах ёстой. Гэтэл төсөл хөтөлбөр биш зүгээр л тавиад туучихсан. Бонд, зээл хоёр тусдаа ойлголт. Зээл байсан бол “Эдийн засаг хямарсан,  хэцүү байна” гээд төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад хойшлуулах, хүүгээ хөнгөлүүлж болох бол бондын мөнгийг үг дуугүй л төлөх  үүрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн үүссэн нөхцөл байдал ямар байна гэхээр нөхдүүд бондын мөнгөний тодорхой хувийг банкинд аваачаад хийчихсэн.  Гэхдээ зүгээр биш, нөгөө банкаа аварч байгаа маягаар аваачаад хийчихсэн.  Доллар хямд байхад төгрөг болгосон. Бид доллароор өрөө төлөх ёстой. Энэ бондын мөнгөний зарцуулалтын талаар бидэнд тайлан мэдээ  гэж маш зузаан материал ирсэн. Хэдий­гээр би эдийн засагч биш ч эдийн засгийн зөвлөх болон бусад хүмүүсийнхээ хамт харахад маш хариуцлагагүй тайлан харагдаж байсан.  Товчхондоо, энэ бондын асуудал нэг л өдөр чих халууцуулж эхлэхийг үгүйсгэхгүй.

-“ЭЗЭН-100”-өөс  эерэг үр дүн гарахгүй бол хариуцлага  ярьж таарах байх. Сөрөг хүчний зүгээс эерэг үр дүн харагдахгүй бол шаардлага хүргүүлж, хариуцлага тооцно гэсэн бол эрх баригчид өөрсдөө хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн. Мөн танай намын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээ яваад байгаа.Энэ талаар?

- Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хэвлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын  албан тушаалд очсон хэдэн нөхөр захиалж хийлгэж байгаа юм. Нам байртай байх ёстой. Бид  Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйгүй  нам биш.  Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй ийм л нам. Гэтэл Н.Энхбаяр дарга намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь хэн хийх ёстой юм. Нам, намын гишүүд хийх ёстой. Төлбөр төлөхгүй гэх  хүсэлтэй хүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муухай харагдуулж,  ямар ч хамаагүй үнээр хамаагүй МАНАН байгуулъя  гэх бодолтой хүмүүс нийлж, манай намын урвагчдыг ашиглаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэхдээ тэдний зорилго тийм ч хол явахгүй нь ойлгомжтой. Намынхаа төлөө дуугарсан, намаа авч үлдэхийн төлөө хөөцөлдсөн хүн  гэмт хэрэгтэн байдаг юм бол Монгол Улсын бүх хүн гэмт хэрэгтэн болох ёстой байх.

-Эцэст нь асуухад эдийн засагт эерэг үр дүн харахгүй байгаа  бол та болон эвслийн бүлгийн зүгээс хариуцлагын асуудал ярих уу.  Х.Тэмүүжингийн талаар өргөн барих асуудал ямар шатандаа байгаа вэ?

-Миний хувьд өдөр бүр л хариуцлага, шаардлагын асуудлыг ил тодоор ярьж шаарддаг. Хэрэв та санаж байгаа бол маш олон сайдуудыг огцрох ёстой гэж хэвлэлээр мэдэгдэж байсан. Бүр  огцруулах бичгийг  ганцаараа өргөн барьж байсан шүү дээ. Х.Тэмүүжингийн асуудлыг би мэдээж орхиогүй. Орхих бодол ч байхгүй байна. Тендерүүдтэй холбоотой асуудлаар шалгуулж аудитын дүгнэлт гаргуулсан. Маш ноцтой мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гарсан учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар албан ёсоор хандсан. Хариу ирэхээр дахин асуудлыг хөндөж тавих бодолтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих