Цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахыг Засгийн эрх баригчид хүсдэггүй байсан нь ямар учиртай вэ

0b58dc90-8f3b-4a30-b6b9-0c8ec4358ca7Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрүүд дунд ийм нэгэн шийдвэр байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий “Монгол зэс” төслийн нэгжийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгуулсугай гэсэн. Нээрээ ч Монгол улсад хөгжлийн том боломжууд олон бий гэдэг.

Монголчууд өөрсдөө нефтиэ нэрээд шатахуун гаргаж, зэс утас үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргая гэдэг асуудал сүүлийн 10 гаран жил сонсогдож байгаа. Гэвч асуудал энэ хугацаанд эрх барьсан нөхдүүдийн аманд л жижүүрийн үгс болохоос биш ажил хэрэг болсон нь үгүй.

Энэ сацуу манай үе үеийн эрх баригчид баахан хэл ам хэрүүл тэмцлийн дунд ашигт малтмалын асар том ордуудаа зүгээр шахуу л гадна, дотныхонд бэлэглээд байх юм. Энэ Засгийн газар харин ямар ч байсан “Монгол зэс” төслийн нэгж буюу ТӨХК-ийн эхлэлийг тавьж байна.

Өмнөх Засгийн газрын үеийн бэлэн ТЭЗҮ ч байдаг юм билээ. Тэгвэл энд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн асуудлаар УИХ тогтоол гаргаад, Засгийн газар тухайн үеийн салбарын яам хэрхэн ажиллаж байсан тухай болон Хятадад зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүд олноороо байгуулсан тухай асуудлыг тоймлоё.

Сү.Батболд, Д.Зоригт нарын шийдэж чадаагүй асуудал

2008-2012 онд байсан УИХ-аас Засгийн газарт хугацаа заан зэс боловсруулах үйлдвэр байгуулах үүрэг өгсөн. Гэвч тухайн үеийн Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайд Д.Зоригт нь судалж байна гэсээр хугацаагаа дуусгасан юм. Тухайн үед зэсийн үйлдвэрийг хаана барих дээр удаа маргасан ч Эрдэнэтэд эхний ээлжинд барих хэрэгтэй гэж үзэн тогтоол гаргасан гэдэг.

Энэ хугацаанд манайд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих санал цөөнгүй ирсэн байдаг юм. MNCC, NFC компани Isasmelt, Ausmelt технологиор 100-130 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах саналыг “Эрдэнэт” үйлдвэр болон ЭБЭХЯ-ны Ажлын хэсэгт ирүүлж байсан гэдэг.

30-36 сарын хооронд барих үйлдвэрт 75-1200 орчим ажлын байр бий болгоно гэсэн тооцоо ч бий. Гэхдээ тэр нь “Эрдэнэт”-ийн дэргэд барина гэж байсан үйлдвэрээс хамаагүй хүчин чадал багатай үйлдвэр. Тодруулахад “Эрдмин”-ий дайтай үйлдвэр гэсэн үг.

Америкийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” хувийн үйлдвэр нь жилдээ 2.5 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, баяжмал гаргадагаас дөрөв дахин илүү ашиг олдог гэдэг. Тэндээс гардаг эцсийн бүтээгдэхүүнийг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг олон тооны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа цэцэглэн хөгжиж, олон хүн баталгаатай ажлын байраар хангагдаад байгаа. Жижигхэн үйлдвэр ч гэлээ монголчуудын тэндээс олж байгаа баялаг бол боловсон хүчин бэлтгэгдэж байгаа явдал гэдэг.
c8a855bc-7cc2-4130-8ed9-b39c97567b35.png

17bbbf58-3a85-485e-a723-d1f4fe93d30b.png

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд жилдээ 130 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжтой гэж үздэг. “Эрдэнэт” үйлдвэр нь жилдээ 550 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдгийн дөрөвний нэг нь буюу 130 мянган тонн л жинхэнэ зэс, дөрөвний гурав нь зүгээр л шороо. Ийм их хоосон шороо тээвэрлэх нь алдагдалтай ажил. Тэрхүү зөөж буй баяжмалаас нэгдсэн төсвийнхээ орлогын 40 орчим хувийг бүрдүүлэх хэмжээний ашгийг монголчууд бид олоод байсан учир Эрдэнэтийг саалийн үнээтэй зүйрлэж ирсэн байдаг.

Уг нь судалгаагаа хурдан дуусгаад зэс хайлуулах үйлдвэр байгуулсан бол энэ ашиг 2-3 дахин өсөхийг судлаачид тогтоож байсан. Үйлдвэр барих дундаж өртөг тэр үед 300-400 сая ам доллар болохоор байсан юм . Орчин үеийн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад энэ нь боломжийн хэмжээний хөрөнгө оруулалт гэгдэнэ.

Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогтын нэгэнтээ мэдэгдсэнээр Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татвараар “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсыг хөгжүүлэх санд нэг тэрбум гаруй доллар “тушаасан” нь гурван ч боловсруулах үйлдвэр барьчих хэмжээний мөнгө байсан. Төр зориг гаргаад, ирээдүйгээ харсан ухаан зарж чадаж гэмээнэ ойролцоогоор хоёр жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр байгуулах бололцоотой, техник, эдийн засгийн үндэслэл нь ч бэлэн болсон гэж ярьж байлаа.

Тухайн үед уг зорилтыг хэрэгжүүлж чадвал дараа нь Оюутолгой, Цагаансуваргын ордод түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр байгуулагдах боломжтой гэж үзэж байсан юм. Тэгэхдээ тус ордуудыг ашиглалтад орохыг хүлээнэ гэхээр дор хаяж таван жил харзнах хэрэг гарна гэж байлаа. Гэтэл одоо Оюутолгой аль хэдийн баяжмал экспортлоод эхэлчихсэн. Цагаан суварга ч тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Тэр үед л үйлдвэр барьчихсан бол “Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогын 60 хувьтай тэнцэх хэмжээний ашиг олж, одоогийн байгаа ажлын байрны тоо хоёр дахин нэмэгдэж, наанадаж л Улаанбаатараас дутуугүйгээр Орхон аймаг хөгжих байсан гэх нь бий. 30 гаруй жилийн хугацаанд Эрдэнэтийн ордын нөөц шавхагдаагүй ахиад ч 40 жил ажиллах боломжтой.

“Эрдэнэт” үйлдвэр нэг жилд 25-25.6 сая тонн хүдэр боловсруулж 23.5 хувийн зэстэй 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээ дунджаар 128 мянган тонн байгаа. Уурхай гүнгийрэх тусам шинэ, дэвшилтэд технологи ашиглах болсон өнөө үед хүдэр дэх зэсийн агууламж нэмэгдэж 60-аас дээш хувьтай болж байгаа гэх. Ийм байхад манай үе үеийн Засгийн газрууд Монголоо бус Хятадын үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн нь харагдана бус уу.

Хятадуудын алсын хараа

Манай Эрдэнэтээс гарч байсан одоо Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал хаачдаг вэ. Мэдээж 100-ны 80-90 хувь нь хамгийн ойр байгаа Хятадын боловсруулах үйлдвэрүүд л очиж байна. Тэгээд ч БНХАУ-ын удирдлагууд алсын хараатай шийдвэрүүд гаргаж ирснээр улс орноо эдийн засгийн хувьд хүчирхэг болгосон.

Тэд манайхныг зэс боловсруулах үйлдвэр барих эсэх болон дараа нь хаана хэрхэн барих гээд хэрэлдэж байх зуур олон үйлдвэр байгуулж орхисон. Хятадад, 2007 онд 400 мянган тонноос дээш катодын зэс хайлуулах “Guixi”, 200-400 мянган тонны хүчин чадалтай “Yanggu Xiangguang”, 2008 онд Хятадын Өвөр Монголд 480-500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай “Chifeng Jinjian Copper group”, “Huludao Copper group” үйлдвэрүүд ашиглалтад орсон.

Эдгээр үйлдвэрийн байршлаас харахад “Эрдэнэт”-ийн түүхий эдийг боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэж байгаа гэдэг тун тодорхой байдаг. Одоо бол эдгээр боловсруулах үйлдвэрүүд Оюутолгойгоос ч баяжмал авч байгаа. Тэгэхээр Монгол улс уг нь Эрдэнэтийнхээ хажууд зэс хайлуулах үйлдвэр барьчихад л хөгжлийн шинэ шатанд гарчихаар байсан билээ.

Гэвч хөгийн шалтаг тооцон үйлдвэрийг барьж эхлэх асуудлыг сунжруулсаар ирсэн юм. Тэр нь ийм боловсруулах үйлдвэр байгуулахаар байгаль экологид асар их хортой хэмээх муйхарлал. Гэтэл Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Хятадууд хайлуулаад асар их ашиг олсоор байгааг юу ч гэлтэй юм.

Тэдний шинээр байгуулсан зэс хайлуулах үйлдвэрээс ганц километр хүрэхгүй газар хүн амьдраад болоод л байна. Хордоод үхчихсэн тухай сонсогдох л юм алга. Тэгэхээр Хятадууд алсын хараатай Монголын засгийн эрх баригчид ярихаас цаашгүй хүмүүс гэдэг ялгаа л тод харагдсаар байх юм.

Эрдэнэтийг сааж ирэгсэд ч бас саад болсон

Монгол улсын эрх баригчид яагаад хайлуулах үйлдвэр барих ажлыг хойш татаж ирсэн гэх асуултад дээрхээс гадна бас нэг асуудал бий юм. Тэр нь зэсийг баяжмалаар гаргаж, түүнийхээ чийгшил, концентрат дээр тоглон олон зуун сая ам.доллар хувьдаа завшдаг нөхдүүд байсаар ирсэн гэдэг асуудал билээ.

Экс болон одоогийн Ерөнхийлөгч нараас эхлээд ерөнхий сайдууд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар байнга хардагддаг нь ч учиртай гэдэг. Тэд л өөрсөддөө ашиг орлого олж байхын тулд нийт Монголчуудын эрх ашгийг хөл доороо гишгэж буй гэж үзэх хүмүүс ч олон бий.

Мөн Эрдэнэтийг шахааны бизнесийн төв болгогсод ч саад хийсээр ирсэн нь ойлгомжтой гэдэг. Уг нь Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийг барьчихвал ахиад 6000 мянган хүн ажлын байртай болоод зогсохгүй Монгол улсын төсөв ч тэр хэмжээгээр нэмэгдэх, бодит орлоготой байх боломжтой байсан юм.

Зэс хайлуулах үйлдвэр барих зардалыг тэр үед 300-400 сая ам.доллар гээд тооцоод Монгол улсын Засгийн эрх баригч МАНАН-гийнхан популист амлалтдаа баригдан таван үйлдвэр барих мөнгийг усанд хаясан чулуу шиг болгосон хэрэг. Уг нь тэр мөнгөөр зэс хайлуулах үйлдвэрээс гадна нефть нэрэх үйлдвэр ч барьж байгуулчих боломж байсан нь эндээс тодорхой байгаа.

Нефтийн боловсруулах үйлдвэр, нүүрснээс түлш гаргах үйлдвэрүүд ч хэн нэг эрхтэн дархтан, олигархийн эрх ашгийг хөндөж ирсэнээс одоог хүртэл тиймэрхүү үйлдвэрүүд барих ажил зогсонги явж ирсэн нь ч тодорхой юм. Энэ удаа Засгийн газрын байгуулсан “Монгол зэс” төслийн нэгжийнхэн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг хаана, хэнээр бариулах бол.

Манай Засгийн газрууд бодлогын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч уламжлалаа огт барьдаггүй. Тэгэхээр Эрдэнэтэд үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г хэрхэн өөрчилж, хаана барихаас эхлээд асуудал улстөрийн популизмд автаад явчих магадал ч тун өндөр.
О.Хуяг

gereg.mn


URL:

Нэр: keke Огноо: 6 February 2015

Цагаа олсон нийтлэл байна. Сэтгүүлчийн хувьд уг асуудлаар сайн ярьж бичиж байгаарай гэж хүсье….

Сэтгэгдэл бичих