АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)
Twitter дээгүүр сонин зураг хөвөрч эхэллээ. Хар хувцастай залуучууд бичлэг хийх бөгөөд энэ зурагнуудыг сайн ажвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймгийн урьдчилан саатуулах төв дээр ирэх үед бичлэг хийсэн этгээдүүдийн зураг мөн болж таарлаа.
Энэ талаар Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэл хийсэн бөгөөд түүний харъяа байгууллага болох Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүй талаар мэдээлэл хийж мэдэгдэл гаргасан юм.
МЭДЭГДЭЛД:
“Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д “Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.
Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэдгээ албан ёсоор мэдэглэж байна. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан албан тушаалтан, иргэнийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд хамгаалуулагчийн үйл хөдлөл, хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудад анхааруулж байна.” хэмээжээ.
Хурлын дараа Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэвээс цөөн зүйл тодруулав.
-АТГ болон танай байгууллагын үйл ажиллагаа зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Манайх албан ёсны байр сууриа илэрхийллээ. Цаашид холбогдох байгууллагууд нь шалгах учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-АТГ-ын ямар албан тушаалтнуудын нэр зааж, энэ хариуцлага тооцох хүсэлт тавих гэж байна вэ?
-Чухам ямар албан тушаалтанд ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаад, бурууг нь тогтоох байх.
-Ерөнхий сайд хорих ангид очсон нь төрийн нууцад хамаарах зүйл мөн үү?
-Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй байгаа. Манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна.
-Ерөнхий сайдын үйлдлийг хууль бус гэж үзээд байгаа шүү дээ?
-Ерөнхий сайдын хийсэн үйлдэл бидэнд хамаагүй. Бид зөвхөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарагддаг учраас тэр хүний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах ёстой. Тэр дагуу л ийм мэдэгдэл хийж байгаа.
-Танай ажилтнууд тухайн үед бичлэг хийж байгааг яагаад мэдээгүй юм. Хэрвээ муугаар ярьвал Ерөнхий сайдад ямар нэг муу зүйл болох эрсдэл байсан юм биш үү?
-Тухайн үед манай гадуур хамгаалалтын ажилтнууд болон орон нутгийн цагдаа, тагнуулын ажилтнууд шаардлага тавьсан ч АТГ-ын ажилтнууд биелүүлээгүй. Гэхдээ бид тэдний хийж байгаа үйлдэлд байнга хяналт тавьж байсан.
URL: