Зарим аймгийг албан ёсоор хот болгоно
“Зарим хотод улсын зэрэглэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Бүсийн тулгуур төв болох Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Дархан, Зуунмод, Чойбалсан, Өндөрхаан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй хот болгохоор төсөлд тусгаад байна.
Дархан, Зуунмод, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Чойбалсан, Өндөрхаан хот аймаг, бүс нутгийн хэмжээнд төдийгүй улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, үйлчилгээ, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага олонтой. Тэгвэл Сүхбаатар, Замын-Үүд нь манай орны босоо тэнхлэгийн олон улсын чанартай авто, төмөр зам дайран өнгөрдөг олон улсын тээврийн зангилаа суурин юм. Улсын зэрэглэлтэй болгосноор хотуудын бие даан хөгжих нөхцөл бүрдэж, улс, бүс нутаг, аймгийн хөгжилд хотуудын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэнэ. Мөн хүн амын төвлөрөл саарч, иргэд орон нутагтаа тогтвортой суурьшин энэ хэрээр шилжилт, хөдөлгөөн ч багасна гэж тооцсон байна.
URL: