Хурандаа нарыг Х.Баттулга удирдах болсон уу

eea8f327f5b34aefbig“Өмнө нь хурандаа нар үсрээд хэрэг аргалж, хэдэн цаас олдог байсныг улстөрчид зохион байгуулалтад оруулчихлаа гэж нэг хүн саяхан хэлж билээ. Улстөрчид биш улстөрч ч юм уу” хэмээн нэгэн танил маань өчигдөр өөрийн фэйсбүүктээ бичжээ. Тэгвэл эндээс өөр нэг асуулт урган гарч ирнэ. Тэр нь, хурандаа нарыг зохион байгуулалтад оруулж, улс төрийн зорилгодоо ашиглах болсон тэр улстөрч хэн бэ?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хөрөнгөжсөн хурандаа нартай хатуу тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулж байсан удаатай. Төд удалгүй мөнөөх хөрөнгөжсөн хурандаа нар нь Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдов. Хууль зүйн сайд ч боож үхтэлээ уурлав. Тэд нар ер нь хэн юм, бүхэл бүтэн салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, энэ тэр гээд л.

Хурандаа нар  ч хариу арга хэмжээ авч, Г.Сарангэрэл хэмээх “хар тамхичин” эмэгтэйтэй Х.Тэмүүжин сайд янаг амрагийн холбоотой, худлаа гэвэл утасны дуудлага, баримт нотолгоонууд нь энэ байна гээд мөрдөн байцаалтын нууцад хамаарагдах материалуудыг “Ноцтой мэдээ” сонин дээр анхлан нийтлүүлжээ. Үүнийг Х.Баттулгын захиалгаар ил болгосон гэдэг юм билээ.

Энэ үед  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал ид яригдаж байсныг ч хэлэх үү, гал дээр шар тос асгаж, асуудал саарал ордны хэмжээнээс хальж, томров. Хүн бүр л Х.Тэмүүжингээр улстөржиж, Г.Сарангэрэлийг хараан зүхэцгээсэн билээ.

Яг энэ үед Х.Тэмүүжин учир битүүлэг таван нум, нэг сумны тухай твиттерт жиргэж байлаа. Эзэн богдтой ижил нэртэй Хууль зүйн сайдыг харваж алчих гээд байсан таван нумны толгойлогч нум нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдгийг ч тэрбээр ил цагаан хэлж байсан юм. Тэгэхээр хурандаа нарыг зохион байгуулалтад оруулж, алсаас удирддаг гол эзэн нь “Женко” Х.Баттулга гэцгээж байна.

Ойрын өдрүүдэд сонирхолтой зүйлүүд их болж байна. Тухайлбал, АТГ-аас Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчдийг ил, далд аргаар намнах ажиллагаа явуулж, Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах тухай яриа ч улстөрчдийн амнаас цухалзах боллоо. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Р.Амаржаргал гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар огцрох хэрэгтэй” хэмээсэн товч бөгөөд тодорхой хариултыг өгчээ.

Өчигдөр л гэхэд хурандаа нарын үнэн төрхийг илчилж нийтлэл бичсэн сайтуудыг хакердав. Энэ нь хурандаа нараар оролдвол ийм зүйл болдог гэдгийг бусад сайтуудад далдуур анхааруулсан байх магадлалтай.

Үүний дараахан БНСУ-д эмчилгээ хийлгүүлж буй гэх МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн тухай мэдээллийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалж мэдээллийн сайтуудад тараажээ. Энэ мэдээллийг тараасан хүн нь мөн  адил учир битүүлэг нууцлаг хурандаа. Харин даалгавар өгсөн хүн Х.Баттулга гэж хардах хүмүүс ч байна.

Н.Энхбаярыг дахин хэрэгт холбогдуулж, энд ирүүлэхгүй байх тусам Засгийн газрыг хөдөлгөөнд оруулж, Н.Алтанхуягийг ганц угзралтаар хөнтөрч  унагаахад дөхөм. Шинэчлэлийн Засгийн газар огцорвол дараагийн засаг буюу МАНАН-гийн засаглал тогтох нигууртай. Энэ бол хурандаа нарыг зохион байгуулалтад оруулж, улс төрийн зорилгодоо ил, далдаар ашиглах болсон Х.Баттулгын хүсэл. Тэрбээр давхар дээлээ тайлж, нарийн бүдүүн цариг ярьж монголчуудыг хоёр талцуулж эхэлсэн цагаасаа л Ерөнхий сайдын суудалд санаархаж буй нь ил болсон юм.

Б.Боргил

- See more at: http://politics.time.mn/content/48070.shtml#sthash.T1nUGjM4.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих