Н.Ганбямба: Засгийн газар эдийн засгийн уналтаар огцрох болзлоо хангачихсан
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбатай ярилцлаа.
-Зуны дэлгэр өдрүүд өнгөрч, улстөрчид шаргал ордондоо цуглаагүй энэ үед ээлжит бус чуулган хуралдуулахыг хэн хүнгүй шаардаад эхэлээ. Таны бодлоор УИХ ээлжит бусаар хуралдах шаардлага байна уу?
-Юуны өмнө иргэдийг түр торгоож, тайвшруулсан 100 хоногоо дүгнэх учиртай. Энэ үүднээсээ ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага зайлшгүй байна. Энэ 100 хоногийнх нь ажлын явц ямар байгааг дүгнэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаас эдийн засгийн гол үзүүлэлтүүд нурж унаад ухралтад орж дууслаа. Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр ДНБ 7.4 хувиар өслөө гэдэг нь тэртээ 2009, 2010 оны хямралын үеийн хоёр хувийн өсөлтөөс дор орчихсон гэсэн үг. Уг нь ДНБ-ий өсөлтийг 17.5 хувийн өсөлттэйгөөр энэ Засгийн газарт хүлээлгэж өгсөн юм. Гэтэл өнөөх нь буурсаар байна. 1996- 2000 онд яг ингэж буурч байлаа. Нурж явсан, маш хүчтэй унаж байсан эдийн засгийг П.Жасрай гуайн Засгийн газар босгож ирээд зургаан хувиар өсгөөд 1996 онд Ардчилсан холбоо эвсэлд хүлээлгэж өгч байсан юм. Гэтэл тэд өнөөх зургаан хувийн өсөлтийг нь маш хурдтай доошлуулаад нэг рүү ортол нь унагаасан байдаг. Ингээд 2000 онд ард түмэн дахиж захиалга өгч тэр Засгийн газрыг унагаж байлаа. Эрх барьж байсан намаас бараг суудал аваагүй, Үндэсний шинэ намаас талийгаач Ж.Наранцацралтыг эс тооцвол нэг ч суудалгүй болтлоо унаж, ард түмнээс томоохон сануулга хүртсэн юм. Гэхдээ 2000- 2004 онд ДНБ-ийг 10 хүртэл өсгөсөн ч өнгөрсөн сонгуульд аль ч нам ялаагүй шиг тэр үед Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газар өнөөх 10 хувийн өсөлтийг жил хүрэхгүй хугацаанд зургаа руу оруулаад унагачихаж байлаа. Ингээд түүний дараагаар М.Энхболд найм, С.Баяр 10, Сү. Батболд 17 хувь болгож өсгөсөн юм. Гэтэл АН-ын үед өнөөх өсөлт маань маш хүчтэй унаад эхэлчихлээ л дээ.
-Өнөөдрийн байдлаар инфляци хүчтэй буурч байна гэж та дүгнэж байгаа байх нь ээ?
-Инфляци бол аймшгийн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын төв банк болох Монголбанк зорилгоо умартчихлаа. Тэр банк руу ороод хараарай. Эрхэм зорилго нь “Үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөгийн хөрвөх чадварыг тогтвортой барина” гэж байгаа. Монголбанкны үндсэн ажил нь энэ гэсэн үг. Гэтэл тус байгууллага эрхэм зорилгоо тавиад туучихлаа шүү дээ. Дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж байна. Ингэтлээ онигоо болж байх ч гэж. Хоёрдугаарт, бондын мөнгө бол өрийн бичиг. Гэтэл Сангийн сайд эсрэгээр нь яриад байна лээ л дээ. Уг нь бонд бол өрийн бичиг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ мөнгийг нефть, ган боловсруулах гэх мэт томоохон үйлдвэрлэл рүү хийчих хэрэгтэй байсан юм. Ингэвэл өнөөх өрийнхөө 60-70 хувийг босгох боломжтой болно. Гэтэл нарийндаа арилжааны нөхцөлтэй валютын зээлээр хийдэггүй замын уулзвар гэх мэт зүйлд бондын мөнгийг үрээд байна л даа. Уг нь замын ажил, засвар мэтийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх учиртай юм шүү дээ. Харин одоо өрөө яаж төлөх вэ гэхээр “Энэ Засгийн газарт хамаагүй” гэх маягаар хандаад эхэллээ. Нөгөө талаас амьдрал нь маш хүнд болж, юу ч хийхээс буцахгүй “Хүү нь хэд байх нь хамаагүй, 100 хувь байсан ч яах вэ, ломбард хаана байна” гээд явж байгаа хүн шиг болчихсон Засгийн газар гэж харж байгаа.
-Та Засгийн газрыг шалтгаангүйгээр ингэж дүгнээгүй байх?
-Ганцхан жишээ татахад, зөвхөн Японы эдийн засаг, экспортыг дэмждэг “Самурай” бонд руу орж байгаа нь эмгэнэл. Боловсролтой залуус үүнийг гайхаж байна. “Ингэтлээ тартагтаа тулчихсан юм уу” гэж гайхах хүн олон бий. Тэр чинь их үнэтэй бонд юм шүү дээ. Товчхондоо, “Самурай” бонд Японы эдийн засагт л хэрэгтэй болохоос Монголд ямар ч ашиггүй. Гэтэл үүнийг авч байна гэдэг тартагтаа тулсны илрэл. Ер нь хаана л өндөр хүүтэй өр байна, түүнийг авч байна шүү дээ. Залуус бүр онигоо гаргасан байна цаана чинь. “Хятад руу айлчлах гээд байх юм, мантуу бонд гэж гаргах гээд байгаа юм биш биз дээ” гэж байна. Ингэж бусдаар даажигнуултлаа шалдаа бууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Гэтэл бөөн юм болж байж авсан мөнгөө юунд зарж байгаа нь бас их анхаарал татаж байгаа юм. 888 төсөл гээд зарлачихлаа. Гэтэл өнөөх зар нь сонин дээр гарахдаа “Том машин оруулж ирнэ, зарна” гэсэн байх жишээтэй. Бүр ингэтлээ дампуурч болохгүй ээ. Ер нь Засгийн газар нэн яаралтай огцрох асуудлаа ээлжит бус чуулганаар ярих хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол алхам тутамдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд эхэллээ шүү дээ.
-Та Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар АТГ-ын комиссарын шийдвэрийг тоолгүй Л.Гансүхтэй очиж уулзсан асуудлыг ярьж байна уу?
-АТГ-ын зүгээс Н.Алтанхуяг сайдыг “Гэмт хэрэг үйлдсэн” гээд зарлачихлаа шүү дээ. Энэ маш аюултай шүү. Засгийн газрын сайд Х.Тэмүүжин ч тэр, Ерөнхий сайд ч тэр ЭБШХ-аар бол хорих анги руу зөвшөөрөлгүй орж болдоггүй юм. Ямар сайндаа Н.Энхбаяр гуайг баривчилж байх үед тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг буруутгасан чинь өнөөх маань “Та нар хуулиа хар. Хууль зүйн сайд ийм ажиллагаанд огт оролцож болохгүй” гэж хариулж байлаа. Түүнчлэн сайд нар ч оролцож болохгүй, хуулиараа. Гэтэл Хууль зүйн сайд нь гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнтэй нийлээд хууль зөрчлөө шүү дээ. АТГ-ын өгсөн мэдээллээр ч тэр энэ хүмүүс хууль зөрчсөн нь тодорхой боллоо. Гэх мэтчилэнгээр алхах тутамдаа хууль зөрчөөд байна. Тийм учраас цаг алдалгүй хариуцлага ярих хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгийн уналтаар огцрох болзлоо хангачихсан. Хариуцлага ярихгүй хаацайлаад явах тусам улам хүнд болоод байна шүү дээ. Ер нь өөдтэй аятайхан дүр төрх харагдахаа больчихлоо. Нэг л жишээ татахад, наймдугаар сар гарчихаад байхад хоёрдугаар улирлын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд гарахгүй байна. Яагаад гэвэл нэгдүгээр улиралд ДНБ-ээ хямралын үеэс доош хэмжээнд оруулчихсан. Долдугаар сарын 1-нээс хойш гардаг дүн чинь яагаад одоо болтол таг чиг байгаа юм. Энэ чинь юу болоод байна вэ л гэж асуумаар байгаа юм. Юун ээлжит бус чуулган хуралдах нь энүүхэнд байна. Хууль тогтоогчид нэн даруй чуулж хуралдах шаардлага эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдаад гарч ирчихээд байна шүү дээ. Нөгөө талаас Засгийн газар өөрөө гэмт үйлдэл хийгээд эхэлнэ гэдэг маш аюултай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд хариуцлага тооцох цаг болжээ гэж хэлмээр байна.
-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа ч сайнаар үнэлэх хүн гарахгүй нь бололтой?
-Ер нь аливаа ажлыг дүгнэж цэгнээд хариуцлагын асуудлыг заавал ярих учиртай болсны нэг нь энэ хөтөлбөр гэж би дүгнэнэ. Тухайлбал, өмнө нь 12 банк дампуурчихаад байхад Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрчилж байсан юм. Харин 2008 онд томилсон Ерөнхийлөгч маань нэг төгрөгтэй харьцах валютын ханшийг 2-3-хан төгрөгийн зөрүүтэй хүлээлгэж өгч байв. Найман жил гэхэд гадаад валютын ханшийг урт хугацаанд тогтвортой барьж чадсан байна гэсэн үг. Нэг ам.доллар 1230 төгрөг байлаа гэхэд 28-33 монгол төгрөгтэй тэнцэж байлаа. Гэхдээ эдийн засаг дахь мөнгөний хэмжээг ихэсгэж чадсан үе. Яагаад инфляцид нөлөөлөөгүй вэ гэхээр хөрөнгө оруулалтаа зөв хийсэн. Жишээ нь, Мянганы зам, барилга байшин гээд дэд бүтцэд зарцуулж байсан учраас инфляцид нөлөөлөхгүйгээр эдийн засгаа өргөжүүлж чадаж байсан бол одоо ханшаа хяналтаас алдчихлаа шүү дээ. Одоо энэ 100 хоногт ч тэр, Засгийн газрын ажлыг ч тэр дүгнэхэд өнөөдрийн байдлаар үнийн өсөлт утгаа алдсан байна. 2012 онтой харьцуулахад сагсан дахь бүх бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Худалдан авах чадвар муудсаар байна. Цаашилбал, нэг төгрөгтэй харьцах валютын ханш улам чангарлаа. Тэгэхээр энэ 100 хоногийн ажил байтугай төр засгийн ажил бүхэлдээ болохгүй байна. Товчхондоо, Засгийн газар буруу замаар яваад байна, үүнийг зогсоохгүй бол горьгүй.
-Гэхдээ “Засгийн газарт хөдөлгөөн оруулж, хэн нэгэнд хариуцлага тооцсоноор унасан эдийн засгийг сэргээхгүй, улам л эмх замбараагүй байдал үүснэ” гэсэн гаргалгааг хийх хэсэг ч бий шүү дээ?
-Төр засгийг огцруулах гээд байгаагийн гол шалтгаан нь макро төвшний зохицуулалт Монголд байхгүй болчихлоо. Уг нь энэ зохицуулалтыг хийхийн тулд л төр засаг байгаа юм. Түүнээс “Нүүрс” ууталж тараадаг, түүнээсээ болж шалгуулж цагдуулдаг зүйл рүү төр оролцож болдоггүй юм. Гэтэл энэ зохицуулалтаа алдчихаад салбарын сайд бүр нь өөр бодлого ярьж байна шүү дээ. Товчхондоо, Монгол Улс ямар ч жолоодлогогүй байгаа учраас огцруулах байна уу, ямар нэгэн аргаар ийм буруу үйл ажиллагааг л зогсоох хэрэгтэй. Зогсоох гэдэг нь огцруулах болчихоод байгаа юм л даа. Үүний дараа энэ улсаа, эдийн засгаа сайжруулах арга чарга байна уу гэдгийг бодохгүй бол болохгүй нь. “Зөв замаар хурдалснаас буруу замаар сажилсан нь дээр” гэж мэргэн үг бий. Үүн шиг буруу замаар цаашаа явж болохгүй. Эдийн засгийг улам л хүндрүүлнэ. Энэ 100 хоногийн ажил үр дүнгүй гэдэг нь иргэдийн амьдрал, гадаад валютын ханшийн өсөлтөөс харахад тодорхой болж байна. Тэтгэврийг хэдхэн хувиар нэмж, хүмүүсийг хуурсан. Гэтэл үнийн өсөлт түүнийг нь хэд дахин даваад явчихлаа. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цалин, тэтгэврийн нэмэгдлээс илүү гарахаар бодит орлого буурдаг. 1991 оноос хойш авч үзэхэд цалин тэтгэвэр 137 дахин, юмны үнэ 150 дахин нэмэгдсэн байна. Гэтэл энэ зөрүүг та бид халааснаасаа алдаж байгаа хэрэг. Тэгэхээр инфляцийг нэг оронтой тоонд барихын тулд төр засаг байгуулагддаг. Инфляци одоо 14-15 хувьтай байна гэдэг нь хамаг юмыг хяналтаасаа тавиад туучихаж байна л гэсэн юм шүү дээ. Түүнчлэн манай улс эдийн засгийн тогтвортой үзүүлэлтээр 78 байраар ухарчихаж. Энэ бол их том тоо.
-“ЭЗЭН 100”-ийн хүрээнд эдийн засгийг тэтгэх бодит ажил юу ч хийгээгүй атлаа Засгийн газрын гишүүд тансаглаж, хаа сайгүй зугаалж байна” гэх шүүмжлэл их гарч байна. Гэтэл Засгийн газрын хуралдаан орон нутагт болсон нь “Даарин давс нэмсэн” хэрэг боллоо. Мэдээж энэ олон сайд хөдөө явахад ирэх очих, идэж уух, хүлээн авах гээд багагүй зардал гарч таарсан байх. Таны хувьд Засгийн газар орон нутагт хуралдсаныг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Анх удаа орон нутагт хуралдлаа гэдэг мэдээлэл их явлаа. Анх удаа гэсэн ийм шоу шиг юмнаасаа салах хэрэгтэй. Хаана хуралдах нь хамаагүй ээ, үр дүн нь юу байна гэхээр л тэг болчихоод байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын төсвийг батлахдаа зургаан их наяд гаруй төгрөгийн орлоготой байхаар баталсан. Энэ орлогоо олж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэтэл 5.3 их наяд төгрөгийн зарлага нь захиргааны буюу урсгал зардалд явж байх жишээтэй. Маш том тоо байгаа биз.
-Өмнөх Засгийн газрууд энэ хэмжээний мөнгийг урсгал зардалдаа зориулж байсан тохиолдол бий юү?
-Яаж байх юм бэ. Түүхэнд байхгүй. 19 сайдтай Засгийн газар хаана ч байгаагүй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нь хоёр орлогчтой, цаана нь дэд сайдуудыг нь оруулаад тооцвол 40 сайд. Энэ хэрээр маш их зардал гарч байгаа нь тодорхой. Гол нь ямар ч шаардлагагүй хүмүүст хэрэггүй зардал гаргаж байна. П.Жасрай гуайн Засгийн газрын үе шиг 10-аас илүү яам хэрэггүй л байхгүй юу.
-Таны хэлснээр Засгийн газартай зайлшгүй хариуцлага ярих шаардлагатай байдаг. Гэтэл энэ сарын сүүлч, ирэх сар гээд хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн томоохон айлчлал болох гэж байгаатай холбоотойгоор Засгийн газар нь бужигнаантай байж болохгүй гээд асуудлыг хойшлуулах байх гэх юм. Үнэхээр тийм ч юм шиг?
-Буруу явж байгаа багийг зогсоохгүй бол ангал руу бүр л дөхнө биз дээ. Хямрал улам л гүнзгийрнэ. Хоёр хөршийн айлчлал гэх мэтээр шалтаг тоочвол юугаар ч шалтаглаж болно. Тэртэй тэргүй гадаад ертөнц манай улсын бодлого буруу байна гэдгийг харж байгаа. Үүний хамгийн тод илрэл нь Дэлхийн банкнаас хийсэн мэдэгдэл боллоо л доо. Монгол дахь суурин төлөөлөгчийн газрууддаа “Мөнгөний нийлүүлэлтээ зогсоо” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанкны Ерөнхийлөгчийг “Чи битгий цаасан мөнгө хийгээд бай” гэж л хэллээ шүү дээ. Мөнгөний нийлүүлэлт гэдгийг аль ч улс оронд парламент нь хянаж байх ёстой юм. Хамгийн гол нь бидэнд айлчлалаас илүү ач холбогдолтой зүйл нь эдийн засгийн уналтыг зогсоох л байна. Үүнд ямар арга байна вэ гэдэг нь гол асуудал болчихоод байгаа учраас л Засгийн газартай хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод байгаа юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд бид чинь ерөөсөө л орой болгон хажуу айлаасаа хоол зээлж иддэг болчихлоо шүү дээ.
URL: