АН-д олон охин намууд жигүүр дэлгээд чөтгөрийн тойрог үүсгэчихлээ

анАН дотроо олон жижиг намын салбартай болчихсон нь аливаа томилолт болгоноос харагддаг. Том компаниуд дотроо олон охин компанитай болж ашиг орлогоо нэмэгдүүлдэг болсонтой адил төр засгийн эрх барьж буй АН-ыг өөр дотроо охин намуудтай болжээ гэхэд буруудахгүй. Тэднийгээ намын доторх олон эшт урсгал, ардчиллын илрэл гэж хаацайлдаг нь нууц биш. Нам бол төрийн дэргэд жижигхэн, намын дүрэм нь Үндсэн хуулийн дэргэд жижиг тул захирагдах ёстой. Үндсэн хуулиас давсан намын дүрэм гэж байх учиргүй. УИХ бол төрийн эрх барих том байгууллага атал өдгөө намын хороо шиг болчихож. Парламент дахь байнгын хороод нь төрийн байгууллага. Гэтэл тус хорооны албан тушаалыг охин намууд хүч түрэн булааж авдаг болов. Улс төрийн намын эрх мэдэл ба албан тушаалыг фракцаараа хувааж болно. Харин төрийн албан тушаалыг фракц хэмээн гоёчилж нэрлэсэн намын доторх охин намын бүлэглэлд хувааж болохгүй. Энэ бол үндсэн хуулийг зөрчихөөр үл барам түүнд дайсагнахтай адил асуудал юм.

Төрийн байгууллага дахь томилолтыг ардчилсан чөлөөт өрсөлдөөний журмаар сонгох ёстой. Гэтэл АН үүнийг үл хэрэгсэх боллоо. Бүлгийн хурал дээр гаргасан шийдвэрийг хэн ч зөрчих ёсгүй хэмээн Үндсэн хуулиас давсан зөрчил тариад эхэллээ. Бүлэг дээр гаргасан сонголтыг бусдадаа тулгаж ардчилсан зарчмыг уландаа гишгэж байна. Чөлөөт өрсөлдөөн байгаа газарт л ардчилсан зарчим үйлчилдэг. Гэтэл чөлөөт өрсөлдөөнөөс бус нам доторх охин намуудын буюу фракцын хуваарилалтаар тулгадаг болжээ. Хамгийн сүүлд ҮХАА-н сайдаар Х.Баттулгын фракцийн Ш.Түвдэндоржийг тулгаж томилсон шигээ адилаар түүнийг хийж байсан Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалыг мөн фракцийн тулгалтаар хийв. Мэргэжлийн ажил дээр мэргэжлийн хүн л очих ёстой.

Бодлого мэдэхгүй улс төрчийг бодлогын байгууллагын даргаар тавьж, ажил хийж чадахгүй хүнийг ажил нь овоорч байгаа байгууллага толгойлуулсаар, мэргэжлийн бус хүнийг мэргэжлийн байгууллага удирдуулснаар ажил унаж байгааг бид ажиглаж байна . 1996-2000 онд АН засгийн эрх барихдаа ийм алдаа хийснээрээ нэр хүнд нь ойчиж 2000 оны УИХ-ын сонгуульд ганцхан суудал авсан гашуун түүх давтагдаж болзошгүйд хүрлээ. Ж.Батзандан гишүүн УИХ дахь хууль зүйн байнгын хорооны даргад өөрийгөө нэр дэвшүүлсэн нь чөлөөт өрсөлдөөний зарчим, шударга ёсны төлөө оролдлого байв. Гэтэл хуульчийн ажлыг огт эрхэлж байгаагүй Д.Ганбатыг тэр албанд томилов. Нэг ёсны нам доторх охин намуудын дайны үр дүн нь тэр. АН-ын дарга нь ерөнхий сайд Н.Алтанхуяг мэт боловч ачиртаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат болоод ч байгаа юм шиг. АН-ын бүлэг ямагт хууль зөрчиж байгаа. Өнөөдөр бий болоод буй бүх хямралын эх чухам энэ бүлгийн ажиллагаатай шууд холбоотой.

АН-ыг засаж засруулах ёстой байтал гажуудал, ялзралыг бий болгож буйг Алтанхуяг анзаараагүй дүр эсгэдэг болсон бол Эрдэнэбат дур зоргоороо бүдүүн хүзүү гаргадаг болжээ.

Алтанхуяг, Эрдэнэбат гэх 2 дарга АН-д чөтгөрийн тойрог бий болгочихлоо. Зуу зуун ААН дампуурч байна. Валютын ханш 2000-с дээш гарч нөөц хомсдлоо, төсвийн орлого тасарлаа. Удахгүй цалин тэтгэвэрээ тавьж чадахгүйд хүрэх нь.

Энэ бүх завхрал АН-ын бүлэг түүний удирдлагаас хамааралтай. Улс төрийн намын хариуцлагыг дарга нь үүрдэг дүрэмтэй. Түүнээс биш цэргүүд нь ба гишүүд нь үүрдэггүй. Нам удирдаж буй хэсэг бүлэг хүн хариуцлага үүрэх ёстой. Сонгуулиас хойш АН-н жирийн гишүүд их хурал, үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хэзээ хийхийг хүлээлээ. Хуралгүй нам гэдэг толгойгүй биетэй адилхан гэсэн үг. АН их хурлаа хийхийг хүсэхгүй байгаа нь ҮЗХ-гоо хуралдуулахгүй удсан нь хэсэг нөхөд албан тушаалаа хадгалж цаг хожих гэсэнтэй шууд холбоотой. Тэд гишүүдийг Алтангадас одон, том жижиг албан тушаалаар аргалж өдөр сарыг үдэж байна. Сонгуульд ялснаас хойш АН-ын дүрэм хог дээр хаягдсан уу, архивт хадгалагдсан уу мартагджээ. АН-ын дарга удирдлагууд дүрмээ өдөр бүр зөрчдөг болсон. Намын дүрмээр ҮЗХ  болон шат шатны намын байгууллагууд жил бүр хуралдаж өөрсдийгөө шинэчилж, дотоод ба гадаад хяналтын тогтолцоо нь ажилладаг байх ёстой. Төрийн алба, захиргааны албанд очсон хүмүүс нь намынхаа байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж төрийн албанд зүтгэдэг байх ёстой билээ. Гэтэл эдгээр нь одоо нэр төдий ойлголт шахам болж хувирчээ. Шулуухан хэлэхэд төр, нам хоёр холилдчихлоо. Намын даргыг их хурлаас сонгодог дүрэм хээр хаягдав.

Эрх мэдэл, албан тушаал, их мөнгө хүнийг эвддэг. Эгээ тэр байдал АН-д халдчихсан байна. ДОХ эдгэдэггүй өвчин гэнэ билээ. Тэгвэл эрх мэдлийн өвчин бас эдгэрдэггүй ч  байж мэднэ.

Намын их хурлаа хийж удирдлагаа сэлгэхгүй бол АН дахь охин намууд улам үржинэ. Төр нам хоёр бүр холилдож алийгаа алдана. Нийгэм улам хямарна. Тэр цагт хариуцлага хүлээх баатрууд гарч ирэхгүй дээ.

Бүгдээрээ өөрсдийгөө өмөөрнө. Манай улс төрчдийн үнэн дүр төрх ердөө энэ л юм чинь. Ийм Чөтгөрийн тойрогт оруулсан нөхдөөс л эрт холдох сон, АН-ынхаан!…

 

М.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих