Б.Батболд: Ардчилсан нам хэзээ ч эрх баригч байж чадахгүйгээ дахиад харууллаа

Б.БатболдМонголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболдтой цаг  үеийн асуудлаар ярилцлаа.

Парламентад суудалгүй намын даргын хувьд Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Монголын төр хямралд орчихсон байна. 1992 оны Үндсэн хуулиар Монголын төрийг эзэнгүй болгочихсон. Сонгодог ардчиллын загварыг бий болгоод төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх эрх мэдэл гэж.  Энэхүү гурван эрх мэдэл нь харилцан бие биендээ нөлөөлөлгүй байснаар механизм нь ажиллаж эхэлнэ. Гэтэл бид өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг бүгдийнх нь дээр гаргаад тавьчихсан. Энэ нь өнөөгийн сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Жишээ авахад, Ерөнхий сайд мөнгө идлээ, үр зардал гаргалаа л гэх юм. Энэ тохиодолд шүүхэд өгөхөд Ерөнхий сайд ганцхан үг хэлээд л гараад явна. “Би Монгол Улсын Их хурлын баталсан төсвийн дагуу зарцуулалт хийсэн” гэх үгийг л хэлнэ. Энэ үгийг Сангийн сайд төдийгүй бусад сайд нар ч бас хэлнэ. Ингэхээр эцсийн хариуцлага тооцох эзэн нь УИХ өөрөө болж байгаа юм. Гэтэл УИХ-д хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй. Шат шатандаа хариуцлага тооцох боломжгүй болоод ирэхийн цагт өнөөгийн энэ нөхцөл байдал үүсч байгаа юм. Органик хуулиудаас гадна бусад салбарын хуульд нь гадны эрх ашиг орж ирээд байна. Ер нь энэхүү системийг устгахгүйгээр Монголын төрд ямар ч улс төрийн хүчин гараад нэмэр байхгүй.

Монгол  Улсад  төрийн  эрх  барих дээд  байгууллага нь  УИХ.  Тиймээс  Засгийн газарт,  тодруулбал  Ерөнхий сайд  болон  түүний кабинетын  гишүүдэд  УИХ хариуцлага тооцож болно  шүү  дээ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Мөн улс төрийн шинэчлэл хийх ёстой гэж бодож байна. Уг нь Ардчилсан намыг улс төрийн шинэчлэл хийчих болов уу гэж их горьдож, хүлээж, алдаа бүхнийг нь дуугүй өнгөрөөлөө. Одоо бол тэвчихийн аргагүй болж байна.  Яагаад гэвэл Ардчилсан намынхан эрх баригчид биш гэдгээ дахиад л харууллаа. 1996-2000 онд Монгол Улсыг элгээр нь хэвтүүлээд дуусгасан. Одоо бас элгээр нь хэвтүүлж байна. Тухайлбал, 1996 онд санаархсан үйлдлээ дахиад давтлаа. 1996-2000 онд газар хувьчлах асуудлыг эхлүүлсэн. Үүнд манай намын дарга агсан О.Дашбалбар хүчтэй дуугарч, энэхүү булхайг ард түмэнд илчилсэн. Үүнийг ард түмэн мартаагүй байх. Сая бас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр түлхлээ. Үүнээс харахад Монголын төр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Асуудалд эдийн засгийн талаас нь харах ёстой юу, аль эсвэл үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал талаас хандах ёстой юу. Гэвч эрх баригчид үүнийгээ ч ялгаж чадахгүй байна. Ийм хүмүүс төрийн эрхийг барина гэдэг эмгэнэл. Үр дүнг одоо бодитойгоор харж байна. Өнөөдөр бид ДНБ-ээсээ давсан өртэй болчихлоо. Манай улсын ДНБ 10 орчим тэрбум ам.доллар гэж үзэхэд 10 гаруй тэрбум ам.долларын өртэй байна. Гэтэл дахиад БНХАУ-аас ийм хэмжээний зээл авах гэж байна. Хэрвээ ДНБ-ий 70-аас дээш хувьд гадаадын өрийн хэмжээ хүрвэл үндэсний аюулгүй байдал хараат болж эхэлдэг. Энэ бол олон улсын жишиг. Бид өнөөдөр эдийн засгийн аюулгүй байдлаа алдчихлаа. Бусдын нөлөөнд орчихлоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр БНХАУ-ын Засгийн газраас 10 тэрбум ам.долларын зээл авах гэж байгаа яриа байна.Үүнийг ард түмэнд мэдээлэхгүй байна. Энэ бол байж болохгүй асуудал. Хэрвээ 10 тэрбум ам.долларыг Хятадаас авбал ашигт малтмалаасаа ашиг олох талаар бодоод ч нэмэргүй. Энэ системийн сөрөг үр дагаврын хамгийн сонгодог хэлбэр бол тэнэг гэх юм уу, гэнэн гэх юм уу.  Марзан гэвэл онохоор Ерөнхий сайд, ийм марзан намын дарга эрх баригч болчихсон байна шүү дээ. Хуулиндаа бол Ерөнхий сайд хуулийг дээдлэх үүрэгтэй. Гэтэл “Та хэд хэзээ хууль биелүүлдэг болчихсон юм бэ” хэмээн ярьж  байна шүү дээ. Миний мэдэж байгаа Ерөнхий сайд Үндсэн хуулийг дөрвөөс таван удаа зөрчсөн. Хамгийн сүүлд гэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд албан тушаалаа ашиглан нөлөө үзүүлж байна. Энэ бол үйлдэл дээрээ баригдсан эрүүгийн гэмт хэрэг. Төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригдвал шууд барьж хорих хуультай. Яагаад барьж хорихгүй байна. Эрх зүйн механизм нь ажиллахгүй байгаад гайхаж байна.

Парламентад суудалгүй намууд сонгуулийн бус үед унтаа байдалд шилждэг гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг. Үүнтэй санал нэг байна уу?

Парламентад суудалгүй намуудыг хоёр ангилах ёстой гэж бодож байна. Сонгуулийн үеэр идэвхиждэг болон байнгын үйл ажиллагаатай намууд гэж ангилна. Улс төрийн нам гэдэг нь тодорхой итгэл үнэмшил, үзэл баримтлал дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл.

Танай нам аль ангилалд багтах вэ?

Манай нам бол байнгын үйл ажиллагаа гэдэг ангилалд багтана. Яагаад гэвэл байнгын үйл ажиллагаатай тав зургаан нам байна.Байнгын үйл ажиллагаатай байхын тулд намын байр байх хэрэгтэй. Хоёрдугаарт, намын аппараттай байх ёстой. Намын аппарат нь гишүүдтэйгээ харьцдаг, судалгаа, тайлан гаргадаг, үйл ажиллагааны зардлаа олдог байх жишээтэй. Гэтэл сонгуулийн үеэр идэвхиждэг намууд нь туг лоозон бариад л улс төрийн томоохон хүчинтэй наймаалцдаг. Эдгээр нам нь бусад байнгын ажиллагаатай намуудын үйл ажиллагаанд саад болдог.

Гэхдээ парламетанд суудалгүй намууд унтаа байгаа нь үнэн шүү дээ?

Хүмүүс улс төрийн намууд унтаа байна гэж хардаг. Зөвхөн сонин хэвлэл, телевизээр л харагдахгүй бол унтаа байна гэж дүгнэдэг. Гэтэл бид Засгийн газрыг огцруулах тухай мэдэгдлээ өгч байсан, төмөр замын царигийн асуудалд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэхдээ түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаж танилцуулдаггүй. Бидэнд нээлттэй ганц салбар нь фэйсбүүк болон твиттер. Бид энэхүү цахим ертөнцөөр ард түмэнд төрийн бодлого шийдвэрийг зөв бурууг нь сайн тайлбарлаж өгдөг.

Парламентад суудалгүй намууд төрөөс санхүүжилт авах хүсэлтэй байдаг. Танай нам үүнтэй санал нэг байна уу?

Сонгуулийн үеийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилт гэж бий болгох ёстой. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлбэл хямд тусч байгаа юм. Төрөөс санхүүжүүлэхийн тулд байнгын үйл ажиллагаатай байх ёстой.

Гэхдээ төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх нь нийгэмд таалагдахгүй байх. Хэрвээ төрөөс санхүүжүүлж эхэлбэл дуртай хүн болгон нам байгуулах гэж оролдоно шүү дээ?

Бүх намуудыг сонгуулийн бус үед төрөөс санхүүжүүлэхээр төсөвт хүндээр тусах нь ойлгомжтой. Дуртай болгон нам байгуулна. Тиймээс улс төрийн нам гэдэг  нь юу вэ гэдгийг тодорхойлж хуульчлах ёстой. 800 хүний гарын үсэг цуглуулчихаад сонгуулиар хар машинд ганцаараа суучихсан нөхөр цагаан хоолойгоор “манай намын төлөө саналаа өгөөч” хэмээн орилж байдаг. Очоод харахаар намын дарга нь өөрөө сууж байдаг жишээтэй. Эвсэл сонгууль дөхөхөөр “Ахаа манай намыг худалдаад авчихаач. Сая төгрөгөөр зарна” гэсэн балай зүйлс ч байдаг. Үүнийг цэгцлэхгүйгээр төрөөс санхүүжилт өгч болохгүй.

Парламентад суудалгүй намуудыг төрөөс санхүүжүүлэх нь улс төрийн намуудын дунд тэгш байдлыг бий болгоно гэж ойлгож болох уу?

Улс төрийн намуудыг мөнгөнөөс салгах ёстой. Ер нь төр улс төрийн намуудад ижил эрх мэдэл өгөх ёстой. Эрх баригч нам нь хэдэн тэрбумаар нь чулуудаж байдаг. Гэтэл парламентад суудалгүй намууд нь өөрсдийнхөө халаас болон ах дүү хамаатан садны мөнгөөр төрөөс хулгайлсан тэр том мөнгөтэй өрсөлдөж дийлэхгүй байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар телевизээр бид нар ярьж чадаагүй. Зөвхөн төрөөс олгосон үндэсний телевизээр л хэдхэн үгээ хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай учир фэйсбүүкээр л өөрсдийн үзэл бодлоо хүргэж байна. Бид материал тараахад иргэд гал түлэх зүйл мэтээр л хүлээн авч байна. Ард түмнээ хүндэтгээд шохойтой цаасан дээр хэвлүүлэхээр “Шохойтой цаас байна. Бөгсөө арчиж болохгүй байна. Гал олигтой ноцохгүй байна” гэсэн маягаар материаллаг талаас нь хандаж байна. Бичсэн зүйлийг уншихыг бодохгүй байна.
Б.Даваатогтох /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих