Ардын баатар О.Магнай оюутны баатар болж чадах уу?
Намрын улиралтай зэрэгцээд эцэг, эхчүүдийн тархинд цус харвуулж, унтах нойрноос нь хулжаадаг асуудал бол оюутны сургалтын төлбөр юм. Жил бүрийн намар Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө ямар нэгэн байдлаар арга саам хийж байгаад нэмчихдэг. Энэ нь ч сүүлдээ уламжлал болоод тогтчихсон, эцэг эхчүүд, оюутнуудын толгойд энэ намар төлбөр хэдээр нэмэгдэх бол гэсэн асуулт хадагдаастай байдаг болжээ.
Ойрын өдрүүдэд зарим нэг Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлсэн тухай мэдээлэл олныг сандаргаад байгаа. Харин энэ үед оюутан болон эцэг эхчүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа, эрэлт ихтэй хүн бол “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газaр”-ын дарга О.Магнай аж. Хүмүүсийн ярьж буйгаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчоод байгаа энэ үед О.Магнай жинхэнэ “Од” болдог. Тэрбээр саяхан эцэг эхчүүдийн элгийг дэвтээхээр ШӨХТГ-аас төлбөрөө нэмсэн сургуулиудад шалгалт хийхээр болсон гэнэ. Гэвч энэ хариулт эцэг эхчүүдийн хувьд хангалттай санагдахгүй байгаа бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй барих талаарбаттай мэдээлэл л сонсохыг хүсч байна.
О.Магнай дарга өнгөрсөн жил төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудад шалгалт хийсэн боловч оюутан болон гэр бүлийнхэнд нь олигтой тус хүргэж чадаагүй. Ар гэрийн гачигдал, төлбөрөө төлөх чадавхигүйгээс болж сургуулиа хаясан оюутнууд ч олон байдаг.
Уг нь оюутнуудаа өмөөрч, тэдний өмнөөс дугарах ёстой ганц байгууллага байдаг нь “МОХ” билээ. Гэтэл энэ байгууллага оюутны хичээл эхлэхтэй зэрэгцээд “бид сургалтын төлбөрийг багасгана, суулт, жагсаал зарлана” гэх мэтчилэн хэсэгтээ л “шоудаж” байгаад нам гүм болчихдог. Хатуухан хэлэхэд оюутнуудыг хамарсан зугаа цэнгэл, шоу цэнгээн зохион байгуулж дундаас нь хэдэн төгрөг унагаахаас өөр гийгүүлсэн гавьяа байхгүй гэхэд хэлсдэхгүй.
Иймд олон асуудалд цэг тавьж олны манлай баатар болсон ШӨХТГ-ын дарга О.Магнай та энэ жил эх орны ирээдүйн боловсон хүчин болсон оюутнуудад анхаарлаа дорвитойхон шиг хандуулж “Баатар” нь болох болтугай.
А.Код
PHOTONEWS.MN
URL: