Н.Алтанхуягийн багийнхныг АТГ-т хэн захиалав
Найр наадам хавтгайрсан энэ өдрүүдэд ажлаа хийж буй ганц л байгууллага байх шиг байна. Тэр нь Авлигатай тэмцэх газар бөгөөд сүүлийн үед хэт ачаалалтай ажиллаж буй нь олны нүдэнд илт анзаарагдах болов. Тухайлбал, АТГ-ынхан хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс шамшигдуулсан гэх үндэслэлээр барьж хорив. “Л.Гансүхийг уурлаад гараад явахад нь АТТ-ынхан гудамжинд чирч гулдран машинд суулгаад Төв аймгийн Цагдан хорих төвд хоёр сарын хугацаатай аваачаад хийчихсэн” хэмээн түүний өмгөөлөгч ярьсан байна билээ. Хэдийгээр гэнэт болсон эл явдлыг хэн нэгэн баталгаажуулж, дүрс бичлэг хийж чадаагүй ч АТГ-ынхан экс Ерөнхийлөгчийг барьж хорихдоо ямар ааш аяг гаргасан яг тийм байдлаар түүнд хандан, хүч түрэмгийлсэн гэж ойлгогдохоор байгаа. Мөн энэхүү гэнэтийн үйл явдалтай зэрэгцээд Ерөнхий сайд хүртэл барьц алдаж, Хууль зуйн сайд Х.Тэмүүжинг дагуулан Төрийн тусгай хамгаалалтынхантай зочилсон нь олны анхаарлыг бүр ч ихээр татаж байгаа.
Учир нь, Ерөнхий сайдын гаргасан энэ үйлдэл бүхэлдээ хууль зөрчсөн гэдгийг АТГ-ынхан цаг алдалгүй нийтэд дуулгаж, тэр ч бүү хэл түүний Төв аймгийн Цагдан хорих төвд “айлчилсан” бичлэгийг цахим ертөнцөөр цацаад байна. Тэгээд ч АТГ-ынхан энэ асуудлыг урьдчилж мэдээд албаар бичлэг хийн тараасан гэх мэдээлэл тараад байна. Үнэхээр ч Ерөнхий сайдын гэнэтийн “айлчлал”-ын бичлэгийг үзэхэд Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудын бичлэг хийж буй хүмүүст тун найрсгаар буюу “Наадхаа больчих л доо” хэмээн хэлж буйгаас анзаарч болно. Магадгүй тухайн үед сэтгүүлчид бичлэг хийж байсан бол Төрийн тусгайгийнхан камерийг нь авч шидэх, зураглаачийг нь гавлаад чирэхээс наагуур аяглах байсан нь лавтай бөгөөд энэ бүхнээс үүдэн АТГ-ынхан энэ ажлыг зохион байгуулалттайгаар хийсэн юм биш үү гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд гарч байгаа нь хардлага төдийхөн биш бололтой. Үүнийг ч Төрийн тусгай хамгаалалтынхан хүртэл баталж байна билээ.
АТГ-ынхны хувьд цаг үргэлж таагүйгээр хэлүүлж, улстөржсөн байгууллага, захиалгаар ажилладаг хэмээн чичлүүлдэг. Өдгөө улс төрд хэн хүчээ авч байна түүний захиалгаар хөдөлдөг байгууллага хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг нь ч үнэн. Тэгвэл АТГ-ынхны энэ удаагийн үйлдлийг Ерөнхий сайдыг унагахын тулд хийж буй явуулга гэсэн бор шувуу гадуур нисч өнөөдөр Л.Гансүхийг, маргааш хэнийг бол, захиалагч нь хэн байж болох вэ гэсэн яриа хүчээ авч байна. Тэгвэл өчигдрөөс эхлэн үүнийг батлах мэт АТГ мөн л хөдөлгөөнд орж гурван ч хүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдав. Үүнд Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн томоохон ажлын нэг буюу иргэдэд үйлчлэх, бүх төрлийн лавлагаа авдаг ТҮЦ машинтай холбоотой мөнгө хөрөнгөний асуудал нэр заагдан яригдаж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийн технологийн салбарт хийсэн томоохон ажил нь хэл ам дагуулж, олон төрлийн лавлагааг ямар ч чирэгдэлгүйгээр авдаг ТҮЦ машины цаана мөнгө төгрөгийн асуудал байсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ.
АТГ-ын мэдээлснээр зарим иргэн ТҮЦ машины талаар гомдол ирүүлсэн бөгөөд шалгалт хийхэд нэлээд их зөрчил илэрсэн хэмээж байгаа юм. Иймээс Л.Гансүхийн дараах хүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба нарыг онилжээ гэсэн хардлага төрөхөөр байна. Мөн энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой бас нэг асуудал босч мэдэхээр байгаа нь “Гудамж” төсөл. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг тодорхой хэрэгт сэжиглэж АТГ-аас албан өрөөнд нь очиж мэдүүлэг авсан нь бөгөөд энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа” хэмээн мэдээлснээс харж болох юм.
Л.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: