Дуут дохиог стандарттай болгоё

16“Зууны мэдээ” сонин автомашины дуут дохио хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар “Дураараа жолооч нарын дуут дохиог хураая”, “Машины дуу чимээ мэдрэл, сэтгэцэд нөлөөлдөг” цуврал нийтлэл хүргэсэн билээ. Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар машины болон янз бүрийн дуу чимээнээс болж сонсголгүй болсон хүн манай улсад 24 мянга орчим байдаг ажээ. Мөн машины дуу чимээнээс болж чихний сонсголын яс тасарч эргэж сэргэх нь удаан төдийгүй бүр сэргэхгүй байх тохиолдол байдаг гэсэн судалгаа бий. Сонсголын эрхтнийг эмчлүүлэхэд 350 мянгаас дээш олон сая төгрөг зарцуулдагийг  эмч нар хэлж байгаа юм.

Замын түгжрэлд бухимдсан, нэгнээсээ  түрүүлэх гэсэн жолооч нар хүмүүсийг цочтол, нярай хүүхдийг тархинд нь цус харватал сигналддаг нь жирийн үзэгдэл болоод байна.  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхэд л сигнал хэрэглэнэ гэж заасан байдаг. Тэгвэл энэ дүрмийг “мэдэхгүй” жолооч нарыг 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай ч хэрэгжих нь бүрхэг. Учир нь дуут дохио хэрэглэсэн бүхнийг торгоод байх цаг зав, боломж цагдаагийн албан хаагчдад байдаггүй.

Дуут дохионы стандарт ямар байдаг талаар Стандартчилал хэмжилзүйн газраас асуухад “тийм зүйл байхгүй” гэсэн хариулт өгөв. Харин Замын цагдаагийн газраас хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дуут дохионы стандарт 7,43 дицбалл буюу хүний намуухан яриатай дүйцэх хэмжээний дууны төвшинтэй адил  байна гэв. Жолооч нар нь мэддэггүй, шаардлага тавьдаг хүмүүс нь хэрэгжүүлдэггүй цаасан дээрх тоог мөрддөг болгож стандарт тогтооё. Жилд нэг болдог автомашины оношлогоогоор дуут дохионы стандартыг шалгадаг бол тал хувь нь ч гэсэн стандартын дуут дохио дуугаргадаг болно. Олон мянган хүн эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээний зардал чирэгдэл гэж хямрал дээр хямарснаас  автомашины дуут дохиог нэгдсэн стандарттай болгосон нь зөв гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Зогсоолоо булаацалдаж дуут дохио хангинуулдаг нийтийн тээврийн автобуснуудыг шугамд гарах болгонд нь сигнал, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг гэдгийг Нийслэлийн тээврийн газраас хэлж байгаа ч бас л эргэлзээтэй юм. Харин суудлын автомашинуудын дохиог хэн хаанаас шалгах вэ. Тухайлбал, техникийн зах дээр  30-90 мянган төгрөгөөр зарагдаж байгаа хийн сигналыг жолоочид их авдаг байна. Хийн сигнал удаан чанга дуугардаг, овор багатай зэргээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Хятадад үйлдвэрлэсэн чанга дуутай сигналыг  гангараа болгож авдаг гэдгийг сигнал худалдаж авч байсан жолооч хэлсэн юм. Залуучууд сигналынхаа дуугаар хоорондоо өрсөлддөг гэдгийг ч худалдагч залуу  хэлж байв. Япон, Солонгос машины хийн сигнал намуухан дуутай байдаг гэв.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих