Уул уурхайгаас энэ жил 1,4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлнэ
Э.Мөнхцэцэг
Манай улсын экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ жил уул уурхайн салбараас улсын тесөвт нэг их наяд дөрвөн тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан юм. Энэ нь улсын орлогын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа юм. Уул уурхайн орлогыг задалбал, 13 хувийг алт, 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлэхээр тооцсон. Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, газрын тосны экспорт өмнөх оны мөн үетэй харыдуулахад өссөн. Харин уул уурхайн төсөвт төвлөрүүлэх орлогын 40 гаруй хувийг эзэлж буй нүүрсний экспорт хангалтгүй, үнэ нь нэлээд унаж, төсөвт орлогоо бүрэн төвлөрүүлэх боломжгүй харагдаж байгаа юм. Оны эцэс гэхэд 31 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон ч хэмжээндээ хүрч чадахгүй гэж эдийн засагчид хэлж байна. Коксжих нүүрсний экспорт таван сая тонноор буурахад төсвийн орлого 100 тэрбум төгрөгөөр тасалдах эрсдэлтэй гэж эдийн засагчид хэлдэг. Харин Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нүүрсний орлогоо зэс, газрын тосны орлогоос нөхнө гэж хэлсэн. Бодит байдал дээр хагас жилийн байдлаар нийт төвлөрүүлэх орлогынхоо 50 хувийг ч бүрдүүлээгүй байгаа юм. Энэ онд Оюутолгой 723 мянган тонн зэсийн баяжмал экспортолж татварын орлогыг 400 сая ам.доллараар нэмэгдүүлнэ гэж тооцсон байгаа. Ингэснээр Оюутолгой дангаараа уул уурхайн салбарын татварын орлогын 26, нэгдсэн төсвийн орлогын таван хувийг бүрдүүлэх юм. Ингээд энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын хэмжээ, орлого хэр хэмжээнд төвлөрсөн байгаа талаархи тойм мэдээллийг хүргэж байна.
“Үндэсний шуудан”
URL: