ЯКУЗАД ДИЙЛДСЭН АМЕРИК ЦАГДАА НАР ТЭДЭНТЭЙ НӨХӨРЛӨХӨӨС ӨӨР АРГА БАЙГААГҮЙ
1975 онд Америкийн жүжигчин Роберт Митчум, Японы жүжигчин Кен Такакургийн тоглосон гангстерын тухай кино АНУ-д нээлтээ хийв. Үнэмшилгүй хуйвалдаан, өвөрмөц, хэт дүрс эсгэсэн япон жүжиглэл Америкийн үзэгчдийг татаж чадсангүй. Гэхдээ үзэгчид амьдрал дээр тохиолдоод байдаггүй, цаг үедээ нийцэхгүй гэмээр сэлэмний тоглолтыг сонирхож, хуруугаа тайрах олон удаагийн давталтыг харгис, зэрлэг болохыг олж мэдсэн байх. Харин “якуза” гэж энгийн нэрлэсэн нэгэн кино одоо хүртэл телевиз болон гэрийн видеогоор гарсаар байгаа билээ.
Ерөнхийдөө тухайн үед буюу 1975 онд америкчууд Японы зохион байгуулалттай гэмт хэргийн тухай мэддэг ч үгүй, анхаардаг ч үгүй байсан юм. 1980 оны эхээр байдал өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд хавайчуудаас гадна америкчууд АНУ-ын хуулийн байгууллагаас гаргасан шинэ ухуулах хуудаснаас шууд бусаар, хэвлэл мэдээллээс якузагийн тухай аажмаар мэдэж авав. Хэвлэлд “Японы зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд баруун руу довтолж байна” “Японы гэмт бүлэглэлийн талаар Холбооны мөрдөх товчооны дарга сэрэмжлүүлж байна” гэх мэт гарчигтай нийтлэлүүд гарч олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэх болсон юм. Рональд Рейганы засаг захиргааны Ерөнхий прокурор Виллиам Френч Смит, Холбооны мөрдөх товчооны дарга Виллиам Вебстер зэрэг Вашингтоны өндөр албан тушаалтнууд якуза үндэстэнд аюул заналхийлж байгаа болон нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй байгааг олон удаа анхаарууллаа.
Энэ шаардлагын дагуу Рейганы засаг захиргааны гишүүд якузагийн асуудлыг 1983 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Зохион байгуулалттай гэмт хэргийг комиссоор авч хэлэлцэх болов. Урьд өмнө Кефаувер болон Маклелланы сенатын комиссоос ч зохион байгуулалттай гэмт хэргийн үзүүлж байгаа нөлөөг тодорхойлж, хууль хяналтын байгууллагыг шахан иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг нэмэгдүүлж байв. Харин Рейганы комисс зохион байгуулалттай гэмт хэргийн тодорхойлолтыг дэлгэрэнгүй болгон, зөвхөн мафийн ноёрхдог хэсэг биш болсныг анх удаа бодитоор дүгнэсэн гэдэг. Калифорнийн эрх баригчид мужийн уламжлалт Итали синдикатын сул байр суурийг тогтоосны үндсэн дээр өөрчлөлтийг арай эрт мэдэрсэн байна. 1980 онд мужийн удирдлага Италийн бүлэгт анхаарлаа бага хандуулж, уламжлалт бус гэж үзсэн гэмт бүлгүүдийг анхаарах болжээ. 1981 онд, хууль тогтоогч нарт зориулан гаргасан илтгэлдээ “Калифорнийн зохион байгуулалттай гэмт хэрэг, эрүүгийн тагнуулын товчоо нь Израйль, Вьетнам, Японы гэмт хэргийн бүлэглэлүүдийг мафийн адил хяналтандаа авч байгаа талаар илтгэжээ. 1984 онд якузаг оролцуулаад зохион байгуулалттай гэмт хэрэг үндэсний хэмжээний асуудал болсон нь илт мэдрэгдэж байв. Нью-Йорк хотноо 1984 оны 3 дугаар сард Ерөнхийлөгчийн дэргэдэх комисс олон нийтийн сонсголыг хоёр дахь удаагаа хийж, мөнгө угаах, якуза болон зохион байгуулалттай бусад бүлэглэлтэй тэмцэх үүргийг хэрэгжүүлэх гол чиглэлийг гаргав.
“Бэлэн мөнгө бол зохион байгуулалттай гэмт хэргийг дэмжигч амин чухал систем” гэж комиссын дарга Жеймс Хармон хэлжээ. Жил бүзр Зүүн Ази, Латин Америкаас ирсэн мансууруулах бодиын наймаанаас олсон 50 тэрбум долларыг АНУ-д угаадаг нь олон банкирууд ашиг орлогын үүднээс зохион
байгуулалттай гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байна гэж комисс үзэв. Эцэст нь Нью-Йорк хотод 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болсон комиссын гурав дахь сонсголоор хэлэлцсэн асуудлын гуравны нэгийг нь Азийн зохион байгуулалттай гэмт хэрэг ба якузагийн тухай асуудал эзэлж байлаа. Якуза АНУ-ын Роанаокегоос Виржина, Аризоноос Сиэтл хүртэлх газруудад байрласан тухай цагдаагийн илтгэлд мэдээлэв. Тэд Японы жуулчлалын салбарт илэрхий гүн нэвтэрч, улсаас порно кино, галт зэвсэг хууль бусаар гарган, Америкийн гангстер, мөрийтэй тоглогчидтой холбоо тогтоож, мөнгө угааж байгаа талаар илтгэлдээ дурьджээ.
Ерөнхийлөгчийн комиссын өмнө дуудагдаж гэрчилсэн анхны хүн зарим талаараа нинжатай адилхан харагдахаар хар нөмрөг, юүдэнтэй байв. Түүнийг танхимд оруулан хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдээс далдлан хаалтны ард суулгажээ. Дараа нь уг комиссын дарга Хармон уг хүнийг Японы том гэмт бүлэглэлийн толгойлогч, ояабун болохыг танилцуулав. Гэрч шивээс болон хуруу тайрах зан үйлийг хэрхэн хийдгийг дэс дараалан ярьж, комиссын 12 гишүүн анхааралтай сонсч байлаа. Тэрээр “Якуза нар мөнгө хутга гэж нэрлэдэг жижиг хутга ширээн дээр байрлуулсан байна. Та түүнийг өөр рүүгээ татаад хутгаа хуруун дээрээ байрлуулж тонгойно. Таны биеийн бүх жингээр дарахад хуруу чинь тасарна. Дараа нь тайрсан хурууг архитай жижиг шилэнд хийж, өөрийн нэрийг бичээд уучлал эрсэн хүн рүү илгээнэ” хэмээн тайлбарлах аж. Нэрээ нууцалсан ояабун Яамагучи гуми, Сумиёоши ренго бүлэглэлийн бүтцийг нарийвчлан ярьж, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэхэд якуза хэрхэн идэвхтэй ажилладаг тухай тайлбарлалаа.
Япон дахь гангстерууд санхүүгийн бэрхшээлд орсон компанийг олж өөрийн эзэмшилд оруулахын тулд олон тооны аргыг хэрэглэдэг байна. Тэр якуза өөрөө өндөр бооцоот мөрийтэй тоглоомыг сард хоёроос гурван удаа явуулдаг бөгөөд өөрийн эрх мэдлийн хүрээнд орлогын 40 хувь буюу 40-60 мянган долларыг авдаг аж. Олсон мөнгөө якуза удирдагчид хүргүүлдэг ба доогуур тушаалын гишүүд мөнгө төлсөөр дээш ахидаг. Би 300-500 ажилчидтай компанийн захирал шиг хангалуун, аз жаргалтай амьдардаг байсан гэж гэрч мэдүүлгээ дуусгалаа. Дараагийн өдөр нь бас нэгэн юүдэнтэй гэрч хүрэлцэн ирсэн нь япон гаралтай, АНУ-д арваад жил амьдарсан мэдээлэгч байв. Тэр Нью-Йорк дахь якузагийн үйл ажиллагааг дараахь байдлаар тодорхойлов.
Олон мянган долларыг бооцоонд тавьдаг хөзрийн тоглоомыг якуза болон тэдгээрийн хамсаатан Америкийн италичууд зохион байгуулдаг. Үйлчлүүлэгчид нь Япончууд болон Америкийн япончууд. Гар буу зүүж, тоглоомын үед хулгайлагдсан эд зүйл зардаг италичууд голлох үүргийг гүйцэтгэдэг байж магадгүй гэж тэрээр итгэдэг аж. Юүдэнтэй гэрчүүдээс гадна Сан-Францискогийн цагдаагийн газрын байцаагч Жон Маккена, Лос-Анжелосын цагдаагийн газрын детектив Жорж Мин, Хонолулугийн цагдаагийн газрын Бернард Чинг нарын Америкийн гурван цагдаа АНУ дахь якузагийн үйлдлийн талаар ярьсан нь чухал нотолгоо болсон юм. Ерөнхийдөө якуза нар тус тусын орчинд хөдөлшгүй, баттай байр сууриа олж байгааг эрүүгийн тагнуулын ажил хийдэг гурван цагдаа харуулсан. Гурван жилийн өмнө сурвалжлагч нарт Хавайн якуза галт зэвсэг, биеэ үнэлэгч, порнограф, айлган сүрдүүлэлт, мансууруулах бодис дагнана гэж намайг хэлж байсан тэр байдлаар л якуза ажиллаж байгаа гэж Бернард Чинг тодорхойлсон. Зарим ажиглагч нарт шинэ байж болох зүйл нь тэдний үйл ажиллагаа арлаар хязгаарлагдахгүй болсон явдал юм. Лос-Анжелосын детектив Мин өмнөд Калифорни дахь япончуудын явуулж байгаа якузагийн үйл ажиллагааны сонирхолтой жагсаалтыг ажлын хэсэгт өгч, харин байцаагч Маккена Сан-Францискогийн нутаг дэвсгэрт Сумиёоши ренго бүлэглэлийн олон гишүүдийг олж тогтоосон тухай мэдээллээ.
ХОРИОТОЙ СОНИН
URL: