Хятадууд хар тамхины хэргээр Монголчуудыг хэлмэгдүүлдэг гэв үү

“Цагаан тахал” гэх хар тамхины хэргээр шийтгэгдсэн цөөнгүй монгол иргэн Хятадын шоронд ял эдэлж буй. “Монгол улс ялтан солилцох гэрээ хийж иргэдээ авах гээд хүчрээгүй” гэдгийг дээр дооргүй ярьж, гадаадбн сайтууд ч бичиглэсэн байсан. Гэтэл хар тамхины эсрэг хамгийн чанга хуультай гэгдэх Хятад улсын цагдаагийн байгууллага Монгол охины аминд хүрсэн хар тамхичдаа өмгөөлж гүжирдсэн байх юм. Энэ тухай хохирогч А.Батсайхантай ярилцсанаа хүргэе.

-Таны охинтой холбоотой хэргийг УМБГ-ын Хүний наймаатай тэмцэх хэлтсийнхэн “Хэрэг үүсгэх боломжгүй” гэх үндэслэлээр хаасан байсан. Мөн хоёр удаагийн захидалд тань Хятадын элчин сайдын яамнаас ямар ч хариу өгөлтүй жил болж. Иймд таныг хэвлэлд хандаж байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хамгийн түрүүнд хүний амьд явах эрхийг хангах тухай заасан байдаг. Түүнийг хатуу чанд мөрдөх нь улс бүрийн эрхэм үүрэг гэж боддог. Хүний эрх, амь нас аюулгүй байдлыг хангана гэж Хятадын төрийн дээд албаныхан ам бардам хэлдэг шүү дээ. Бүр төрийн айлчлал, уулзалтын үед ингэж хэлсэн байдаг.

Гэтэл тэдний хар тамхичдын гарт миний охин үрэгдсэн байхад өнөөг хүртэл чимээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Хэвлэлд хандах болсон нь дахин ийм хэрэг гарч, айл гэр бүл хагацал бүү үзээсэй, цэцэг цэврүү шиг монгол охид бүсгүйчүүд битгий эндэж, гэнэдээсэй гэж сэрэмжлүүлж байгаа хэрэг. Бас монгол хүний амь үнэгүйдэж, гадаадынхан нохой алах дайтай ч бодохгүй байна гэдгийг төр барин суугаа эрхмүүдэд сонордуулах гэсэн юм.

-Та хар тамхичдын гарт үрэгдсэн гэдгийг нь батгай мэдэж байгаа юу?
-Болсон явдлыг эхнээс нь өгүүлэх нь зөв гэж бодож байна. Намайг “Ганц охиноо алдсандаа шаналаад хэн нэгнийг буруутгах гээд байна. Өөрөө охиноо явахыг зөвшөөрсөн юм байна лээ” гэх албаны хүмүүс ч байгаа. Иймд болсон явдлыг эхнээс ярья. Миний охин Хөх хотод амьдардаг найз Ану гэгчийн урилгаар өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Эрээн хотоор дамжин тус хотод очсон юм. Хоёр хоногийн дараа утсаар “Хөх хотод ирээд найзтайгаа уулзлаа.

Найзын маань нөхөр Өвөрмонгол хүн юм. Тэд зоогийн газар ажиллуулдаг юм байна. Би энд хэд хоног ажил хийгээд хугацаандаа очиж болох уу” хэмээн зөвшөөрөл хүссэн. Би зөвшөөрсөн. Түүнээс хойш ээж, дүүтэйгээ байнга ярьж байсан. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 09-нд буюу төрсөн өдрөө “Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэж байна. Долоо хоноод хугацаандаа очно. Санаа зоволтгүй” гэж ярьсан. Охин маань зургадугаар сарын 18-нд буцаж ирэх ёстой байсан юм.

-Ану гэдэг нь ямар хүн бэ?
-Монгол Улсын иргэн юм билээ. Хүнтэй суугаад Хөх хот явсан юм гэсэн. Хятадын цагдаагийнхан ч , манайхан ч гэсэн Ану гэгч эмэгтэйг хэн бэ гэдгийг нягтлан шалгаж, мэдэхийг ч хүсэхгүй байгаад эргэлзээд байгаа юм.

-Охиноо өнгөрснийг хэдийд яаж мэдсэн бэ?
-Хутацаандаа ирээгүй тул сэтгэл зовниж эхэлсэн ч утсаар ярихыг нь хүлээсэн. Нас барснаас нь хойш 10 хоногийн дараа зургадугаар сарын 25-нд Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч бичиг авчирч танилцуулсан. Уг бичигт танай охин “БНХАУ-ын Тангоу хотод 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Ирж зохих арга хэмжээ авна уу” гэж өгүүлсэн байсан…

Ингээд зургаадугаар сарын 30-нд намайг Тангоу хотод очиход тус хотын цагдаагийн газрынхан хүлээн авч уулзсан. Цагдаагийн даргын мэдээлснээр “Миний охин Хөх хотод ахынхаа хамт амьдардаг Го Вей гэдэг Өвөрмонгол залуутай зургаадугаар сарын 02-нд нэгэн зоогийн газар танилцаж, дөрөв хоногийн дараа түүний хамт Тянжинь хотод Дай Чин Лүн хэмээх айлд ирсэн. Тэгээд Тангоуд байдаг Гио-сй-тин гэдэг шөнийн цэнгээний газар үйлчлэгчээр ажиллахаар тохиролцсон. Тэнд Го Вей ажилладаг, тэднийг тус клубын байранд амьдарч байсан гэсэн.

Охиныг маань төрсөн өдрөө тэмдэглэдэг орой 21.00 цагт “R-Snay” гэдэг цэнгээний газрын 307 тоот өрөөнд хятад улсын иргэн Ван Хуй, Жан И, И Кей гэгч иргэдийн хамт хар тамхи хэрэглэсэн. Хар тамхийг нь танай охин, соруулыг нь Ван Хуй гэгч гаргасан. Танай охин хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн учраас дараа өдөр нь буюу зургадугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед бие нь муудсан тул, Го Вейд утсаар мэдэгдсэн. Го Вей уг газарт очиж уулзаад, түргэн тусламж дуудсан боловч ирээгүй.

Түүнийг эмнэлэгт 12.00 цагт хүргэсэн хэдий ч сэхээ авалгүй 14.50 цагт нас барсан байна” гэж хэлсэн. Бас “Талийгаачийн биед үзлэг хийхэд гадны нөлөө байгаагүй. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн учир гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хамт байсан хоёр залуу, нэг бүсгүйд захиргааны арга хэмжээ авч 10 хоног саатуулаад суллан явуулсан” гэсэн. Энэ зөвхөн тэдний үг шүү дээ. Хамт байсан хүмүүс нь охины маань бие муудахад яагаад орхиод явсан нь сэжиг төрүүлдэг. Мөн тус хотын эмнэлгийн магадлагаанд “Үхлийн шалтгаан тодорхойгүй, гэрч байхгүй” гэж бичсэн байдаг юм.

-Та Го Вей гэгчтэй уулзсан уу?
-Уулзсан. Го Вей гэгч бидэнд, бас цагдаад ч дээрх зүйлийг ярьсан байсан. Тухайн би маш их цочирдож балмагдсан байсан учир хэргийн учир начрыг сайн ойлгоогүй. Тэгээд ч хэл мэдэхгүй, өмгөөлөгч, хэлмэрч хөлслөх, шарилыг нааш нь авчирах боломж бололцоогүй байсан тул чандарлуулан нутагтаа авчирч Монгол ёсоор оршуулсан.

“Үхтэл үр харам” гэгчээр өдөр хоног өнгөрөх тусам ганц охиныхоо учир битүүлэг үхлийн шалтгааныг нарийн шалгуулан мэдэж, бусад охид бүсгүйчүүдийг ийм явдлаас урьдчилан сэргийлж тус болох юмсан гэсэн бодол эзэмдэх болсон. Уг нь би асуудлыг ул суурьтай тунгаан үзэлгүйгээр хэвлэл мэдээллийн
хэрэгслэлээр ярих нь манай хоёр орны ард түмний уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд сэв суулгах хор уршигтай гэж бодож байсан юм. Яагаад гэвэл нэг тэмээний хоргол дээр мянган тэмээ хальтардаг гэдэг.

-Та охиноо хар тамхи хэрэглэсэн гэж бодож байна уу?

-Үгүй, огт итгээгүй. Миний охины хүмүүжсэн орчин түүнийг маань энэ зүйлээс хол байлгаж чадна гэдгийг баттай хэлэх байна. Миний хань багш, би Орост цэргийн сургууль төгсч Хил хамгаалах газарт насаараа алба хашсан. Найз бүсгүйчүүд нь, хамт явсан охид нь ч ямар нэгэн бусармаг явдалд оролцож байгаагүй гэдэг юм. Миний охин эрэмгий, хурц, дайчин, шударга зантай байсан…

-Охинтойгоо хамт байсан хүмүүстэй уулзсан уу?
-Тус хотын цагдаагийнхан охинтой минь байсан хүмүүстэй уулзах, хэрэг гарсан газарт нь очиж үзэхийг эрс хориглосон. Яагаад хүний амь нас хохирох нөхцлийг бүрдүүлсэн байгууллага, хүмүүс хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь сонин байгаа биз. Яагаад зөвхөн миний охин амь насаа алдав. Яагаад бусад нь охинд минь туслаагүй юм. Яагаад түргэн тусламж бараг хоёр цагийн дотор очиж амжаагүй юм бэ гээд олон асуудлаас үүдэн ингэж бодсон. Гар цүнхэнд нь тэмдэглэлийн дэвтэр, гар утас нь байгаагүй. Гэмт хэргийн ул мөрийг бүрэн арилгасан байсан.

Алдсан хүн арван тамтай гэгчээр миний хувьд охиныг минь хар тамхи зөөвөрлөх эсвэл ямар нэгэн бусармаг явдалд уруу татах гэхэд нь эсэргүүцэхэд “буцаж очоод илчилнэ” гэдгээс айхдаа гэрчгүй болгож амь насыг нь санаатайгаар хордуулж хөнөөсөн нь үзэж байгаа.

-Уучлаарай таныг охиныхоо цогцсыг харахад ямар байдалтай байсан бэ?
-Гаднаа ямар нэгэн шарх сорвигүй хэрнээ нүүр нь час улаан болчихсон байсан. Хар тамхины хэргээр олон монгол хун хятадын шоронд хатаж байгаа шүү дээ. Гэтэл өөрсдийнхөө иргэдийн толгойг илээд явуулчихдаг. Харин манай иргэдийг ямар нэгэн аргаар хар тамхитай холбож буруутан болгодгийн нэг тод жишээ нь энэ.

-Ул сын мөрдөн байцаах газрын Хүний наймаатай тэмцэх тасгийнхан “Хэрэг үүсгэх боломжгүй” гээд хэргийг хаасан байсан. Үүнийг та юу гэж боддог вэ. Ану, Го Вей, бас эндээс цуг явсан хоёр охин гээд гэрчүүд олон байхад яагаад ингэсэн юм бол?
-Миний гаргасан өргөдлийг анх авахдаа л “Наадах чинь бүтэхгүй юм байна” гэсэн өнгө аястай юм хэлэхэд нь “Чи юу мэдэж ингэж хэлж байгаа юм” Гэж загнасан. Тэгээд ч тэгсэн үү “Хэрэг үүсэх боломжгүй, гэрч байхгүй” гэсэн. Бүхэл бүтэн улсын хэмжээний байгууллага хэрнээ Ану гэгч монгол эмэгтэйг Хөх хотоос олохгүй байна гэж үү. Тэр Ану нь Хөх хотын томоохон зоогийн газруудын нэгийг ажиллуулдаг юм билээ. Цуг явсан охид очоод заагаад өгч болно гэж би бодож байгаа.

Гэтэл айгаад хэлж чадахгүй байгаа юм. Харин жинхэнэ нэр нь Ану биш гэсэн. Нэрээ нууцалчхаад элэг нэгтнүүдээ ийм байдалд оруулж байгаа хүний араас яагаад сураг ажиг тавихгүй байна вэ.

-Таны охин “Миний аав цэргийн дарга” гэсэн гэдэг. Хэзээ энэ үгийг хэлсэн юм бол?

-Го Вей “Надтай танилцахдаа хэлж байсан” гэж хэлсэн. Гэхдээ би үүнд нь итгээгүй. Миний охин хэзээ ч хүнд долоон булчирхайгаа тоочих хүн биш. Амь насаа алдахынхаа өмнө нөхцөл байдал нь эвгүйдээд ирэхээр ингэж хэлсэн байх. Охиныгоо үргэлж санаж өрөвдөж, өөрийгөө яллана гэдэг ёстой амьдын там юм байна. Зүүдэнд минь ямар нэгэн юм хэлэх гээд л өмнөөс гуйсан, итгэл найдвар горилсон харцаар ширтэнэ.

“Аав минь хэргийн учрыг заавал олоорой. Тэд нар намайг хордуулж хороосон шүү” гээд шивнээд ч байх шиг.

-Таны захидал хятадын Элчин сайдын яаманд очоогүй, хаа нэгтээ замхарсан юм болов уу?
-Үгүй дээ. Өнгөрсөн оны найм, энэ оны гуравдугаар сард Гадаад хэргийн яамны Консулын газраар дамжуулж захидлаа өгсөн. Хоёр улсын дипломат бодлогод ард иргэдийн амь нас, эрх ашгийг юу юунаас чухалчилдаг баймаар юм. Гэтэл өнөөг хүртэл захидлын хариуг ирүүлэхгүй байгаа нь зөвхөн намайг бус Монгол Улсыг үл ойшоож, доромжилж байна гэж үзэж байгаа. Тэвчээр минь үнэхээр алдарч байна. Цаашдаа ч гар хумхиад зүгээр сууж чадахгүй ээ.

-Таны ярианд Хятадууд хар тамхитай холбож Монголчуудыг хохироож, хэлмэгдүүлэх сонирхолтой байна гэх өнгө аяс цухалзаад байх шиг санагдлаа?
-Монгол Улсын иргэн Байгалмаа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Хятад улсын шүүхээс ял сонсч одоо хоригдож байгаа. Бас дөрвөн залуу Хонконгоос баригдсан байдаг. Гэтэл эдний тухай мэдээллийг хятадуудаас л бид авдаг шүү дээ. Тэдний өөрсдийн үг, яриаг сонсож байсан удаа үгүй. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэдний ар гэрийнхэн, ах, эгч, төрөл төрөгсөд нъ “Монгол хүмүүс жинхэнэ хар тамхичдын хаалт болдог” гэж ярьсан байдаг. Манай улс хүчгүйдээд, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг болохоор монголчуудыг үл тоодог гэдэгт би хувьдаа итгэдэг.

Тийм болохоор үнэхээр Хятадууд хар тамхины хэргээр Монголчуудыг хэлмэгдүүлж, хорхироож байна. Үүнийг би олон ч хүний ярианаас сонсч байсан.

С.Туул
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих