“Нийслэл өргөө”-г АТГ-т шалгуулна

ganzorig_niislelurguuӨнгөрсөн бямба гаригт “Тэгшрэх” компанийн  гурван ажилчин барилга дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Барилга дээрээс унаж амиа алдсан залуус 20-30 насныхан байсан бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийн барилга дээр ажиллаж байжээ. Урьдчилсан байдлаар хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагаа хангаагүйн улмаас хүний амь нас эрсэдсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.  Учир нь бороотой үед барилгын ажил хийхийг хориглодог бөгөөд НМХГ-ын байцаагчдын хэлж буйгаар тус барилга хөдөлмөр аюулгүйн ажилгааны наад захын шаардлагыг хангаагүй байжээ. Өндөрт ажиллах хүмүүс хамгаалалтын бүстэй, малгайтай байхаас гадна хамгийн гол нь хашлага бэхэлгээтэй байх ёстой байсан байжээ. Амиа алдсан ажилчид зөвхөн бүстэй л  байсан байна. “Нийслэл өргөө” компани нь  ХАХНХЯ-тай гэрээ байгуулж, архивын барилга барихаар болсон ч хоёр давхараас дээшээгээ орон сууц буюу нийтийн байр болон хувирсан талаар мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна.  Тиймээс захиалагч, гүйцэтгэгч болох ХАХНХЯ болон “Нийслэл өргөө” компанийн хооронд ямар асуудал байгааг, яагаад архив барилгүй орон сууцны барилга барьсныг нь тодруулахаар АТГ-т  НМХГ-аас хандаж, шалгуулахаар болжээ.

“Нийслэл өргөө” компани нь барилгын гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан ч туслан гүйцэтгэгч  компанийг ажлуулж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Нийслэл Өргөө” компани “Тэгшрэх” компанийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөн хамтарсан гэрээ үйлдээгүй, ажилчдаа ажилд гарахад тухайн компанийн инженерүүд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь тогтоогдсон байна.

“Нийслэл өргөө” компанийн барьж байсан барилгаас хүн унаж нас барсан анхны тохиолдол биш аж.  2011, 2013 онд тус компанийн барьж байсан барилгаас хүн унаж нас барсан хэрэг гарч байсан юм байна.  “Нийслэл өргөө” нь зуун хувь Б.Ганзориг гэдэг хүний мэдлийнх бөгөөд тус компани улсын төсвөөс зарласан олон тендерийн ажлыг авч байсан бө­гөөд өнгөрсөн хугацаанд Төрийн ёс­лол хүндэтгэлийн цогцолбор, Бага­нуур дүүргийн орон сууцны барил­гууд, Монгол Улсын эрдэнэ­сийн сангийн барилга, МУИС-ийн хичээлийн байрны өргөтгөл, Говь-Алтай аймгийн алтай хотын нисэх онгоцны буудал зэрэг олон барилгын ажлыг гүйцэтгэж байжээ. Харин одоо Үндэсний архивын газрын барилга, дөрөвдүгээр төрөх зэрэг барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Тэрчлэн барилгын ажил нь олон жил үргэлжилж, төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг барилгуудын жагсаалтыг НЗДТГ-аас гаргасан бөгөөд тэдний нэг нь “Нийслэл өргөө”.  Тус компанийн захирал Б.Ганзоригийг  АТГ-аас баривчлан саатуулж, хилээр нэвтрэх эрхийг нь хаасан юм. АТГ-аас түүнийг хорьсон үндэслэлээ улсаас зарласан тендерийг дамалж зардаг байсан хэмээн тайлбарлаж байсан удаатай. Ямар ч байсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн архивын байрын зориулалтыг нь өөрчилсөн гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж магадгүй байна.

http://www.shuurhai.mn/61433


URL:

Сэтгэгдэл бичих