Монголыг “Роснефть”-ийн вант улс болгох захидал дахин иржээ

“Роснефть”-ийн гүйцэтгэх захирал Э.Ю.Худайнатов манай төр засгийн удирдлагууд, газрын тосны салбарынханд хаяглан нэгэн захидал илгээжээ. Тус компани шатахууны станцуудаа Монголд байгуулж, энэ салбарт орж ажиллах хүсэлтээ захидлаар уламжилсан байна.

Хэрэв “Роснефть”-ийг Монголын зах зээлд оруулахгүй бол АИ-92, дизель түлшний хомсдолоос гарах боломжгүй гэсэн утга бүхий захидал бичиж манай улсад шахалт үзүүлж байгаа бололтой. “Роснефть” анх удаа ийм захидал ирүүлж байгаа юм биш. Э.Ю.Худайнатов 2008 онд тус компанийн ерөнхийлөгч байхдаа ийм уггатай захидал явуулж, манай улсад шатахууны хомсдол өнөөдрийнх шиг нүүрлэж парламентын төвшинд хүртэл хэлэлцэж байсан түүхтэй.

“Роснефть”-ийн дарамтад орохгүйн тулд тухайн үед УИХ түүний хүсэлтийг хүлээж аваагүй буцаасан. 2008 онд “Роснефть” өөрийн 100 станцыг Монголд байгуулах саналаа тулгаж байсан юм. Ерөнхийлөгчийн энэ сард хойд хөршид хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнууд дээрх саналыг тавьсан тухай эх сурвалж өгүүлэв.

Монголын шатахууны хомсдол салбарын яам, нэг сайдын асуудал биш, тусгаар улсын үндэсний аюулгүй байдлын төвшинд ярихаар болжээ. “Роснефть”-ийн захидлын талаар Засгийн газрын хуралдаан болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцахаар манай улсын удирдлагууд, газрын тосны салбарынхан ярьж эхэлсэн байна.

Ноён Э.Ю.Худайнатовын захидалд Монгол Улс ямар хариу барих бол. Түүний захидлын хариуг өгтөл Монгол АИ-92, дизель түлшний хомсдолоос гарахгүй бололтой. Дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ тогтворжиж байгаа ч манай улсад дутагдсан хэвээр байгаа нь “Роснефть”-тэй шууд холбоотой бололтой.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих