ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭХ ХЯТАДУУДЫГ ӨНӨӨДӨР АЛБАДАН ГАРГАНА
Чингисийн талбайд хятад иргэд жагсаал хийж, үймээн гаргах гэж байсныг таслан зогсоосон гэх мэдээлэл ойрын өдрүүдэд халуун сэдэв болж байна. Бодит байдалд яг юу болов, тэд үнэхээр төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байсан уу гэдгийг бид цагдаагийн албаны эх сурвалжаас тодрууллаа.
Цагдаагийн ажилтан, “Чин Вэй гэх хятад эзэнтэй, хятадын хөрөнгө оруулалттай “Ван Тай” ХХК-ийн нэр дээр орж ирсэн 94 хятад иргэн бөөнөөрөө наймдугаар сарын 2-ны өглөө Төрийн ордны зүүн талаар явж байсныг Сүхбаатар дуүргийн цагдаагийн I хэлтсийн “Тамир-67″ постын албан хаагчид саатуулсан. Ямар шалтгаанаар ингэж бөөнөөрөө явааг нь асуухад Элчин сайдын яамаа хайж яваа гэх тайлбар хэлсэн. Үүний дагуу Элчин сайдын яам руу нь дагуулж аваачсан. Хятадын консул иргэдтэйгээ уулзсан. Элчин сайдын яамандаа тэд ажиллуулж буй компани нь гэрээний дагуу ажлын хөлсөө өгөхгүй байна гэсэн гомдол тавьсан байна билээ. Иргэдийнхээ үгийг сонсоод Хятадын консул наймдугаар сарын 4 гэхэд цалинг нь өгүүлэхээр ярина гэж хариу өгсөн байсан. Уг нь цалинг нь хоёр өдрөөр л хоцроосон байдаг. Үүний дараа цагдаагийн байгууллага Иргэний харьяалал, хяналт шалгалтын газартай хамтарч тэдгээр 94 иргэнийг шалгасан. Шалгалтаар 38 нь хөдөлмөр эрхлэх зохих ёсны зөвшөөрөлтэй, үлдсэн 56 хүн нь зөрчилтэй байсан. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй гадаад иргэнийг ажиллуулж байсан үндэслэлээр “Бэрэн” группийг 16 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Эдгээр хятад иргэд Сүхбаатар дүүргийн X хороонд “Бэрэн” группийн захиалгаар барьж буй Долдугаар хорооллын барилга дээр ажиллаж байсан. Зөрчилтэй 56 иргэнийг Монгол Улсад гурван жил хүртэл хугацаагаар орж ирэх эрхгүйгээр албадан гаргаж байгаа. Маргааш /өнөөдөр/ 17:30 цагт галт тэргэнд суулган албадан гаргана” гэсэн мэдээлэл өглөө.
Цагдаагийн ажилтны өгсөн мэдээллээр бол цалинг нь цагт нь тавиагүйгээс болж хятад иргэд Элчин сайдын яамандаа гомдол мэдүүлэх гэж Элчин сайдын яамаа хайн бөөнөөрөө явж байжээ.
Хятад иргэд жагсаал цуглаан хийж, үймээн гаргах гэж байсныг “Хас Монгол” гэх нэртэй хөдөлгөөний залуус зогсоосон гэсэн мэдээлэл мөн байгаа юм. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Бэрэн” группийн хамгаалагч нь “Хас Монгол” хөдөлгөөний гишүүн юм байна лээ. Тэр хамгаалагч залуу хөдөлгөөнийхөө залууст хятад иргэд ажлын байрнаасаа гараад явчихсан тухай утасдаж хэлсэн байдаг. Тэр дагууд тус хөдөлгөөний залуус хятад иргэдийг тосон Элчин сайдын яаман дээр нь байж байсан гэх тайлбар хэллээ.
Юутай ч хятад иргэд Монгол Улсын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байсан тухай мэдээлэл зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь бодит байдлаас арай ташаа болжээ.
Хятадууд манай улсад зөвшөөрөлгүй ажил эрхэлж, түунийгээ мэдэхгүй төрийн цагдааг зодож, монгол ажилчдыг дарамталж, монгол залууг барилгаас шидэж, хүүхнүүдээр зугаацаж, зарим нь бүр нутаг буцах нь бүү хэл эхнэр авч, Монголд суурьшаад байгаа үнэнийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс цаашид хятад иргэдийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй янз бүрийн аргаар олноор нь оруулж ирж ажиллуулж байгаа компаниуд нэгийг бодох цаг болжээ. Хэрвээ хятад иргэдийг ажиллуулж байгаа бол цалин хөлсийг нь цаг тухайд нь өгч, Монгол Улсын халдашгүй байдалд сэв суулгасан энэ мэт явдал гаргахгүй байхыг хатуу анхаарах хэрэгтэй юм байна. Уг нь болж өгвөл ядарсан эдийн засагтаа нэрмээс болгож гадаад ажилчдыг түрээслэх хэрэггүй л баймаар байгаа юм.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: