Б.Ганцэцэг: Гадны банк манай улсын дүрмээр тоглох ёстой
Өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгон чангаруулсан. Энэ нь банк, санхүүгийн салбарын зээлд нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлж байлаа. Тиймээс энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Жуниор натур” ББСБ-ын захирал Б.Ганцэцэгийг урилаа.
-Таны бизнесийн талаар яриагаа эхлэе. Санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа хүмүүсийг та юу гэж дүгнэдэг вэ?
-Манай банк бус санхүүгийн байгууллага бол жижиг, дунд үйлдвэрлэл дотор явдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг улс дэмжиж байгаа ч энэ хоёрыг холбох гүүр нь мэргэжлийн байгууллага байх ёстой.
Санхүүгийн салбарт ажиллагсад хариуцлагатай олон жилийн туршлагатай байх хэрэгтэй. Бизнес хийхэдтухайн хүний мөн чанар, хамтрах баг, боловсон хүчний ур чадвар хамгийн чухал. Сэтгэл байгаад зөв дэмжлэгтэй бол ажил усны ундарга шиг л бүтдэг юм. Өнөөдөр манай улсад хэсэг бүлэг хүмүүсийн бодлого яваад, бизнес эрхлэгч нар нь тэр бодлогод хүрч дэмжүүлж чадахгүй тусдаа байгаад, үйл ажиллагаагаа тэлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Санхүүгийн салбар өөрөө маш их оюуныг, сахилга батыг түгээдэг учраас хүн болгон санхүүгийн боловсролтой байхын тулд бид юу хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
-Ер нь санхүүгийн байгууллагад ажиллана гэдэг бусдаас юугаараа ялгаатай вэ?
-Манай санхүүгийн салбар, ялангуяа бичил санхүүгийн салбарт хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүс орж ирээсэй гэж хүсдэг. Өнөөдөр манайхан амар хялбар аргаар мөнгө олохын тулд мэргэжлийн бус хүмүүс буруу бодлого явуулж, нэр хүндээ алдах тохиолдол нэг биш удаа гарч байгаа. Түүгээр ч зогсохгүй тусгай зөвшөөрөл аваагүй хүмүүс өдрийн хүүгээр их хэмжээний мөнгө зээлдэг болжээ. Энэ нь тухайн зээл авч байгаа хүмүүсийг эрсдэлд унагаж байгааг төдийлөн тооцоолохгүй байна. Яагаад гэвэл, энэ нэг талаараа иргэдийн санхүүгийн боловсрол бага байгаатай холбоотой болов уу. Хүмүүс мөнгө хүүлэгч нараас зээл аваад төлж чадахгүй хэдэн үеэрээ өрөнд орсон тохиолдол гарч байгаа нь манай салбарынхны сэтгэлийг их зовоодог. Тиймээс зээлдэгчид, тэр дундаа бичил санхүүгээс зээл авах иргэд болон аж ахуйн нэгжүүд маань санхүүгийн мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй.
-Мэргэжлийн байгууллага байхын давуу тал?
-Энэ салбарт мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай боловсон хүчин ажиллах ёстой. Мэргэжлийн байгууллага нэн түрүүнд санхүүгийн үйл ажиллагааных нь талаар зөвлөгөө өгнө, үнэлэлт дүгнэлт өгнө. Тодруулбал, тухайн хүний орлого олох нөхцөл бололцоог үнэлж цаг хугацааны эргэлтэнд зөв хуваарилах, хамтарч ажиллахын тулд бололцоотой бүх л арга хэмжээг авдагаар нь харвал мэргэжлийн байгууллагын онцлог харагдана. Ингэж тухайн хүний орлого олох боломжгүй цаг үеийг зөв тооцохгүйгээр зөвхөн нэг талыг барьж зээлийг гаргавал эргээд бидэнд ч эрсдэлтэй учраас бид мэргэжлийн гэдэг онцлогийг үүгээрээ харуулахыг зорьж байгаа. Тиймээс аль аль тал нь эрсдэл хүлээхгүйн тулдиргэд маань мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй.
-Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагын ялгаа нь юу вэ?
-Яг үнэн манайхан хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй. Банк бус санхүүгийн байгууллага бол цэвэр өөрсдийн хөрөнгөөр 100 хувь хариуцлага өөрсдөө хүлээдэг бол хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийн нийлүүлсэн хөрөнгөөр зээл олгодог хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдагаараа ялгаатай. Сүүлийн үед банк бус санхүүгийн байгууллага тооны хувьд өсч байна. Энэ өсч байгаа нь нэг талаас амар хялбар аргаар мөнгө олоод байгаа юм шиг хүмүүст харагдаад байх шиг санагддаг. Гэвч зах зээл өрсөлдөөнтэй энэ үед тийм боломжгүй юм. Харин ч мэргэжлийн хүмүүс энэ салбарт ажиллаж байж өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөнгө зээлээд явж байгаа хүн тухайн үедээ болно, бүтнэ гэж авдаг. Хачир дээрээ болохгүй болоод ирэхээр муусайн юмнууд зүгээр сууж байгаад мөнгө оллоо гэх нь бий. Бид хэзээ ч зүгээр суудаггүй.Хэрэглэгчийнхээ төлөө л ажилладаг. Яаж санхүүгийн боловсролтой болгох вэ. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэрхэн зөв голдиролд нь оруулах вэ зэрэг олон зүйлийг бодож явдаг. Сүүлийн үед зээлдэгч нар болон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн боловсрол олгох үнэгүй сургалтуудыг манай банк бусууд зохион байгуулж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үүгээрээ л ялгаатай ажилладаг юм.
-Анхнаасаа аж ахуйн бүртгэлээ ягштал хөтлөөд явбал асуудал амар шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав, одоо хүмүүс аж ахуйн бүртгэл хийдэггүй болсон. Уг нь айл өрх хүртэл хийж байвал сард хэдэн төгрөгийн орлого олох боломжтой вэ гэдгээ тодорхойлж өөрийгөө дайчилж чадвал нэг хүн хэдэн ч төрлийн ажил хийх боломж байдаг. Бид боломжоо дутуу ашигладаг учраас түүнийг нь бид хөндлөгөөс харж өгч үнэлгээ дүгнэлт гаргаж өгч өөрийгөө дайчлах боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн үг.Мэдлэг боловсролгүй хэрнээ өөртөө байгаа ур чадвараа ашиглаад маш их орлого олдог хүн байдаг. Тэр хүний хамгийн чухал онцлог нь хийсэн ажлаа бүгдийг сэтгэлээсээ хийдэг, бас өөрийгөө юу хийж мөнгө олж чадахаа харж чадсанд л байгаа юм. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийхэд бүх зүйл сайхан болдог шүү дээ. Бид төлөвлөдөг байх хэрэгтэй. Монгол хүн төлөвлөж чаддаггүй.Тиймээс л бид маш том эрсдэлд ордог.Мөн зээл авахаас айх хэрэггүй өргүй л явахад болно гэдэг сэтгэлгээнээс салах ёстой.Тэгэхээр бас өр тавиад бай гэсэн үг биш. Сайн талаас нь харвал хүнийг түлхүүрдэж өгдөг хөдөлгөгч болдог. Өртэй гэж бодоход хүн цаанаасаа хөдөлмөрлөх шаардлага гарна. Хэтэрхий их хялбарчлах, хөнгөвчлөх тусам хүн өөрийгөө дайчлах ямар ч боломжгүй болж байгаа юм.
-Бодлогын хүү нэмчихлээ. Энэ нь танай салбарт хэр нөлөөлөх вэ?
-Бодлогын хүү нэмэгдээд 12 болчихлоо. Зээл хумигдана, гэхдээ банк бус санхүүгийн байгууллага давхардсан тоогоор банкыг бодоход зээлдэгч олонтой. Тиймээс аль болох хэрэглэгчийнхээ үнэ цэнэд тааруулах ёстой. Энэ салбар хувийн бизнес учраас ашиг олохын тулд ажиллах гэж байгаа.Тэгэхээр бодлогын хүүний төвшин өсөхөд зайлшгүй нөлөөлнө. Гэхдээ бид хэрэглэгч, харилцагч нартаа хүндрэл учруулж, ачаа үүрүүлэхгүй байхаар ажилладаг. Энэ үед л мэргэжлийн хүмүүсийн ур чадвар харагддаг.
-Одоо зарим банк бус санхүүгийн байгууллагууд гадны хөрөнгө оруулалттай болсон. Та бизнестээ гаднаас хөрөнгө оруулалт авах уу?
-Манайх одоогоор бие даан үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр өөрсдийн хөрөнгөөр ажиллаж байна. Гаднаас хөрөнгө оруулалт авахад тодорхой хэмжээний шалгууртай. Санхүүгийн чиглэлээр 2-3 жил ажилласан байхад хөрөнгө оруулах эрх өгдөг. Манайх 2011 онд байгуулагдаад 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид 400 сая төгрөгийн дүрмийн сантай банк бус байгуулчихлаа манайд хөрөнгө оруулалт өгөөч гэвэл, бүтэхгүй. Тодорхой хугацаанд ажиллаад улсдаа татвараа төлөөд, энэ салбарт ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшил олсныхоо дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлыг тавьж болно. Учир нь биднийг хэрхэн ажиллаж байгааг харах түүхтэй болчихож байгаа юм. Та надад итгэж байвал хөрөнгө оруулалт хийгээчээ. Бид таны хөрөнгийг өсгөж чадна гэдгээ батлах боломжтой учраас нүүр бардам хөрөнгө оруулалт хүсч болно.
-“Bank of China”манайд салбараа оруулах гэж байна хэмээн шуугисаар байгаа. Хэрэв тус банк салбараа нээчихвэл,танай салбарт хэрхэн нөлөөлөх бол?
-“Bank of China” явуулах үйл ажиллагаа нь манай улсын тавьж байгаа тоглолтын дүрмээр хязгаарлагдана.Мэдээж таатай нөхцөл бий болох болов уу гэж бодож байгаа. Дэлхийн олон улс оронд гадны олон янзын салбар байдаг. Харин манайд байдаггүй анх удаа орж ирэх гэж байна. Нэгэнт Хятадын эдийн засаг бүхий л улсын эдийн засагт нөлөөлдөг учраас тус банк орж ирсэн ч монголын дүрмээр тоглох ёстой. Гэхдээ эдийн засагт таатай нөхцөлийг бүрдүүлэх нь л чухал. Тэрхүү нөхцөл байдлыг төр засгийн удирдлагууд маань олж хараад өөрсдийн дүрмээр тоглуулж аль болох ашигтай байлгах, монголын бизнес эрхлэгч нарт таатай байх, эрсдэлгүй байлгана гэдэгт итгэж байгаа.
-Валютын ханш энэ жилд буурах болов уу, та юу гэж бодож байна вэ?
-Валютын ханш энэ жилдээ буухгүй болов уу. Төгрөгийн илүүдэл, валютын нөөцтэй холбоотойгоор өсөх зураглал харагдаад байгаа юм. Монгол төгрөгийн ханш сулраад л байна. Үүнийг чанга барих, монгол улсынхаа мөнгөн тэмдэгтийг үнэ цэнэтэй байлгахын тулд эдийн засаг, төрийн тогтвортой бодлого хэрэгтэй.
-Зээлийн эргэн төлөлт саарч байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Эдийн засгийн хүндрэл үүнд нөлөөлж байгаа гэх юм. Тэгвэл бид хүндрэлээс гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Зээлийн эргэн төлөгдөөгүй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хэрэглээний зээл дээр ажиглагдаж байна. Жишээлбэл, цахилгаан бараа,цалингын зээл, лизенг гэх мэт. Ерөнхийд нь ажиглаж байхад Монголчууд жижиг, дунд үйлдвэрлэл болон томоохон байгууллагууд ихэвчлэн төрийн байгууллагын тендерээр санхүүжигддэг. Тиймээс зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байх шиг санагддаг. Тэгээд тендерийн санхүүжилттай холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орчихоор мөнгөө хувиарлаж чадахгүй олонкомпани хаалгаа барьж байна. Энэ нь бусад мөнгөний эх үүсвэрүүдээс ч хамаардаг. Төр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнийг дэмжихээсээ илүүтэйгээр аж ахуйн системрүү хэт ороод байгаа анзаарагддаг. Уг нь төр зөвхөн бодлогоо л тодорхойл, бусдад тодорхой чигүүрэг өг. Мөн шудрага дүгнэлт хийгээд чаддагийг нь ажиллуулдаг байх системтэй болох хэрэгтэй.
-Манай улсын зээлжих зэрэглэл буурч байгаа гэсэн мэдээллийг судалгааны байгууллага тогтоосон. Энэ нь зээлд нөлөөлөхөөс гадна, хөрөнгө оруулалтыг боомилж байгаа хэрэг гэж эдийн засагчид хэлж байсан?
-Зээлжих зэрэглэл буурснаар улс орны нэр хүнд муудна. Хэн ч харсан тухайн улсын эдийн засаг уначихсан, хууль эрх зүйн орчин нь доголдолтой, үймээн самуунтай ийм улсад мөнгөө өгөөд эрсдэл хүлээхийг хүсэхгүй. Гадныхан тэнэг биш учраас бид очоод мянга худлаа яриад нэмэргүй. Монгол Улс хөгжиж байгаа улс гэхээсээ илүү хөдөлмөрч зан чанарыг бий болгож ажиллаасай гэж боддог. Чадах зүйлээ хийгээд түүнийхээ эцсийг үздэг болоосой. Бодит бус мэдээллээр манай улсын өр их өндөр байгаа гэж сонссон юм байна. Дөнгөж төрж байгаа нялх хүүхэд найм, есөн сая төгрөгийн өртэй гэдэг байж боломгүй. Бид өөрийнхөө чадал чансаа, хийж чадах хэмжээндээ тохируулан гаднаас зээл авч болно. Харин бодлогоо зөв тодорхойлоод хувиарлалтыг зөв хийх ёстой. Мөн зөв эзэндээ хүргэдэг байх хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нэг талдаа эерэг тал. Хүн болохоо байгаад ирэхээрээ толгойнь ажилладаг. Түүнтэй адилхан эдийн засаг хүндрээд хүмүүсийн халаасан дахь хэд хүрэлцэхгүй болоод ирэхээр буруу хийгээд байгаа юм аа харж эхэлдэг. Хэрэв үүнийг зөв талаас нь харвал бидэнд тусламж болж байна. Аливаа зүйлийг заавал хүндээр хүлээж авах хэрэггүй шүү дээ. Энэ удаагийн нөхцөл байдалд төрийн байгууллагууд зардлаа танаж эхэлсэн нь давуу тал. Өмнө нь эдийн засаг хэвийн байсан үед тэд мөнгийг гарын салаагаар урсгаад байснаа олж харсан хэрэг. Тэгэхээр эдийн засгийн хямралыг зөв талаас нь харах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: