Бөмбөгөр худалдааны төвөөс 100 айл хүрэхэд 600 төгрөгөөр зорчиж байна

Хотын нийтийн тээвэрт сүүлийн жилүүдэд микронууд ноёрхлоо тогтоогоод байсан билээ. Том оврын автобустай зорчигч булаацалдан уралдаж, осол гаргадаг, гудамж замын болон чиглэл маршрутын давхцал ихтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж орилж хашгиран үйлчилгээний соёлгүй дураараа аашилдаг тэднийг дэгэнд оруулахгүй бол дэндлээ хэмээн нийслэлчүүд мөн ч их гомдоллосон. Аргагүй биз.

Тэд хэдхэн жилийн дотор нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний сахилга дэг журмыг тун чиг ярвигтай болгочихсон юм чинь. Өнгөрсөн оны өдийд хотын нийтийн тээврийн үйлчилгээний сахилга дэг журмыг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, чиглэлүүдийн давхцлыг бууруулахаар бага оврын автобусны чиглэлүүдийг өөрчлөх арга хэмжээг авч нийт 28 чиглэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ үеэр Баруун дөрвөн замаас Баянбүрдийн тойрог хүртэл хязгаарлалт хийсэн учир Бөмбөгөр худалдааны төвөөр бага оврын автобус явахаа больсон.

Харин энэ чиглэлд Баянхошуу-Вокзал, Дэнжийн мянга- Вокзал гэсэн хоёр чиглэлд их багтаамжийн автобусууд тус худалдааны төвийн автобусны буудалд үйлчилж байна. Хэдий замбараагүй микронуудыг цэгцэлж, тэд хотын төвөөр холхих нь цөөрсөн ч Бөмбөгөр худалдааны төвөөс -100 айл, 100 айлаас Бөмбөгөр худалдааны төв хооронд зорчих иргэд суух унаагүй болчихож. Уг нь тус худалдааны төвөөс 100 айл хүрэх том оврын автобус үйлчилгээнд явдаг ч Гэрэлт төв, Ардын эрхийн автобусны буудлаар дайрдаггүй, шууд орон сууцны хороолол дундуур 100 айл хүрдэг ажээ.

Эдүгээ уг чиглэлийн унааны хомсдлыг хувийн машинтай “халтуурчид” нөхөж байгаа юм байна. Хэрэв тус худалдааны төвөөс 100 айл оръё гэвэл 600 төгрөг, 100 айлаас Бөмбөгөр хүрэхэд 500 төгрөгийн ханшаар үйлчилж байлаа. Уг чиглэлд иргэдэд үйлчилдэг нэгэн жолооч “Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудалд 100 айл чиглэлд явдаг 25-26 машин бий. Нэг удаа эндээс хөдлөхдөө 600 төгрөгеөр таван хүн авч явдаг. Ирэх дээ мөн тооны хүнийг 500 төгрөгөөр авчирдаг.

Би өдөржин хүн зөөдөггүй. 2-3 цаг ажиллаад 30-аад мянган төгрөгийн орлого олдог. Тус худалдааны төв зогсоолоо ашиглуулж байгаагийн төлбөр болгож биднийг орж гарах тоолонд 200 төгрөг хураадаг” хэмээсэн юм. Харин иргэд энэ чиглэлд даруйхан нийтийн тээврийн унаа явуулахгүй бол энэ машинууд чинь жаахан орой болохоор 800 төгрөгөөр явна гээд хөдөлдөггүй” гэж ярьж байлаа. Түүнчлэн Бөмбөгөр худалдааны төвөөс долоон буудал орох чиглэлийн автобус ховор ирдэг учраас энд уг чиглэлд хүн тээвэрлэдэг арав гаруй хувийн машин 1000 төгрөгөөр үйлчилгээнд явдаг аж. Мөн Дэнжийн-1000-ын чиглэлийн том оврын автобус цөөн байдгаас хувийн такси 500 төгрөгөөр хүн тээвэр хийж байгаа ажээ.

Т.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих