С.Нарангэрэл: Энэ хууль батлагдвал монгол улс сүйрнэ

527-14072877438-6-9Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаас хойш дөрвөн сар өнгөрөв. Уг төслийг  одоогийн хэрэглэж буй Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгосон, ойлгомжгүй, оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулсан хэмээн тал талаас нь тайлбарлах хүн олон байгаа юм. Энэ талаар Гавьяат хуульч, академич С.Нарангэрэлээс тодрууллаа.

-Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хуулийн хүмүүс учир дутагдалтай, түүхий болсон гэж шүүмжилж байна. Тэдний нэг нь та. Ингэж үзэх болсон шалтгаан юу байна вэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төслийг маш олон талаас нь нарийвчлан судалсан. Эрдэмтэн хүний хувьд хараат бус, бие даасан дүгнэлтээ бичгээр ч гаргасан байгаа. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улс товчхондоо сүйрлийн байдалд орно.

Учир нь одоо 14-16 насанд хүрсэн хүүхдүүд найман төрлийн хэрэгт хариуцлага хүлээж байна. Тодруулбал, бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хулгайлах, булаах, дээрэмдэх, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах гэх мэт хэрэг ордог.

Харин энэ төслөөр 14 нас хүрсэн л бол  Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 300 гаруй хэрэгт хамруулан шийтгэх, хорих заалт орж байгаа юм. Тэгэхээр Монголд Улсад хуулиараа гэмт хэргийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Мөн энэ хуульд шүүгчийн үзэмжээр хэрэг шийдвэрлэх тал нь давамгайлж байгаа юм.

Шүүгч л юу гэж үзнэ, түүгээр шийднэ. Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэг мөн гэвэл мөн, биш гэвэл биш гэх хэлбэрээр ажил явах нь. Энэ нь бодит байдал дээр улстөрийн, эсвэл бусад байдалд ч нөлөөлөх талтай. Жижиг гэлтгүй асуудал дээр ч илрэх боломжтой. Иргэн бүр ноцтой гэмт хэрэгтэн болж хувирах субьектив хувилбарын хуулиуд зонхилсон гэдгийг би шүүмжилсээр байгаа.

-Иргэн бүр ноцтой гэмт хэрэгтэн болно гэж юу гэсэн үг вэ?

-Шударга ёсонд их халтай хууль болсон. Тухайлбал, сэтгүүлч эсвэл жирийн иргэн байж байгаад шударга бус хахуультай тэмцэх зорилгоор ямар нэг обьектын зургийг аваад ил болгосон байж болно. Гэтэл энэ тохиолдолд зөвшөөрөлгүйгээр зураг авсан гээд шоронд хийхээр хуулийн төсөл бэлтгэгдсэн байна.

Ялангуяа сэтгүүлчид ажлаа хэвийн явуулах боломжгүй болно. Захиргааны зөрчил болгоныг гэмт хэрэгт тооцоод, нэмээд насыг нь доошлуулаад ирэхээр улам хатуу тэр дундаа одоогийнхоос илүү хатуу харгис хууль болж байгаа юм.

-Ял, шийтгэлийнх нь төрлийг нь олшруулах замаар Монголд одоо үйлчилж байгаа хатуу, шоронжсон хуулийг өөрчилж байгаа гэсэн тайлбарыг хууль санаачлагчид өгч байгаа шүү дээ?

-Монгол Улсад одоогийн дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд ямар хэргийг онц хүнд, хүнд, хөнгөн гэх вэ гэдгийг нарийн заасан байдаг. Гэтэл энэ хуулийн төслөөр энэ ангиллыг үгүй болгож байгаа юм. Тэгэхээр ямар ч хэрэг, үйлдлийг  хүнд ноцтой болгож чадна. Үүгээрээ бол Монголын нийгэмд гэмт хэрэг, шоронжуулах үйл явц асар их хүчтэй болно.

-Гэмт хэргийн тухай гэх энэ хуулийн төслийг барууны орны хуулиудыг шууд хуулбарласан байна гэж олон хүн шүүмжилж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Барууны тэр дундаа Америкийн зарим мужийн хуулийг хуулбарласан байсан. Зүгээр л орчуулаад гаргаад ирсэн. Ядахдаа нэр томъёог нь маш нарийн зөв ойлгохгүй бол болохгүй шүү дээ. Тухайлбал, гэмт хэргийг гэмт хэрэг, зөрчил гэж хоёр хуваана гэж энэ хуулийн төсөлд заасан байгаа юм.

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд зөвхөн замын хөдөлгөөний журмыг зөрчих, эсвэл худалдаа үйлчилгээний журмыг ноцтой зөрчих зөрчлүүд элбэг тохиолддог. Энэ нь захиргааны хариуцлага хүлээлгэх зөрчил гээд өдөртөө, жилдээ хэдэн мянгаараа гардаг. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзэх болж байна.

Гэтэл Америкийн хуульд бол үүнийг өөр нэр томъёогоор буюу хүнд, ноцтой гэх байдлаар ангилж, заасан байдаг.  Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг дотор нь ангилсан байгаа юм. Гэтэл манай ангилалд гэмт хэргээ дотор нь ангилах биш. Харин гэмт хэрэг биш эрх зүйн аар саар жижиг зөрчлийг гэмт хэрэг гэж оруулж ирж байгаад аюул нь оршиж байгаа юм.

-Энэ хуулийн төслийг Монголын хөрсөнд илүү сайн буулгаж боловсруулах нь ойлгомжтой болох шиг боллоо. Энэ нь цагаа олсон өөрчлөлт болж чадах уу?

-Би өмнөх УИХ-ын үед зарим гишүүний хүсэлтээр яг Монголын хөрсөнд нийцсэн, үнэхээр засах ёстой зүйлсийг нь зассан төслийг хийж өгсөн. Монгол, Америк хоёр хоорондоо маш их ялгаатай. Үүнийг анхаарч, уламжлалаа харгалзан үзэж, хуулиа тогтвортой байлгах хэрэгтэй.

Ер нь хууль, тэр дундаа Эрүүгийн хууль тогтворгүй болоход хуульчид нь хуулиа мэдэхээ больж, иргэдийн хуулийн талаарх мэдлэг нимгэрдэг. Үүнээс болж хүний эрх, нэр төр, хүний хувь заяатай холбогдсон маш олон асуудал буруу тийшээ шийдэгдэхэд хүргэдэг юм.

Нэр томъёоноос гадна хууль өөрөө нийгэмд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үү, ямар тохиодолд ял шийтгэл оногдуулах уу гээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг агуулсан байх ёстой. Зорилтыг зөв тодорхойлж байж энэ хуулийн бусад агуулга нь тодорхой болох учиртай.

Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих