Эрх ашгийн төлөө атгалцсан гарууд эвдрэлцэх цагаар

Сонгогчид 2008 онд уг нь олонхи цөөнхтэй холимог парламентыг бүрдүүлсэн. Иймээс нэг намын нөлөө, давуу тал давамгайлахгүй, асуудлыг өөр хоорондоо хэлэлцэн, мэтгэлцэн шийдвэрлэх боломжийг улс төрийн хүчнүүдэд олгосон. Ер нь аль аль талын төлөөллийг багтаасан парламент бүрдүүлснийг ардчилсан сонголт хийсэн гэж сонгогчдоо сайшаахаас яахав.

Харин сонгогчдын олонхи болоод хүчтэй сөрөг хүчинтэй, хяналттай байлгах гэсэн шийдийг хамтарсан Засгийн газар байгуулах нэрийдлээр улс төрийн хүчнүүд зөрчсөн гэж болно. Хуулиндаа олонхи болсон нь Засгийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Өмнөх УИХ-ын сонгуулиар одоогийн МАН олонхи болж дангаараа Засгийн газрыг байгуулах эрхийг сонгогчид тэдэнд олгосон. Харин АН-д хүчтэй сөрөг хүчин байж, эрх баригч намын алдааг нь засч залруулуулж байлгахыг даалгасан гэж болно.

Харин парламентад сонгогдсон улс төрийн хүчнүүд засгийн эрхийг булаацалдсаны улмаас өнөөдөр стандарт бус шийдлээр хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд тун ч эвтэй, найрсаг явлаа. Нэг ёсондоо сөрөг хүчингүй, нэг нам давамгайлсан парламент шиг л дуугүйхэн дүнсийж ажилласан гэхэд болно.

Хэн нэг улстөрчийн өөр хоорондын маргалдааныг эс тооцвол шүү дээ. Тодруулбал архаг гишүүн Ц.Нямдорж, өсвөрийн гишүүн Х.Тэмүүжин нарын хөгшин залуу, соц, ардчилсан үеийн зэрэг насны, оны ялгаагаараа ам муруйлцсан зэргийг улстөрийн мэтгэлцээнд тооцохгүй биз. үнэндээ улстөрчдийн мэтгэлцээн заримдаа үгүйлэгддэг л юм.

Хамтарсан Засгийн газар байгуулснаараа бид улс орны хөгжлийн том том зорилт, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг баталлаа, Оюу толгой, Тавантолгой зэрэг парламент дамжин хэлэлцсэн асуудлыг шийдлээ, стратегийн ордоо эргэлтэд орууллаа л гэдэг юм. Хэдэн парламент дамжин хэлэлцсэн асуудлууд цаг нь болохоор хамтарсан засаг хамаарахгүйгээр хөгжлийнхөө хурдаар шийдэгдэх нь тодорхой бус уу.

Парламентад улс төрийн намын бүлэг гэж байгуулагдцагтүй байсан бол УИХ дахь АН-ынхныг МАН-д ууссан гэж ойлгогдохоор сураг тасрах байлаа. Харин өнөөдөр парламент дахь АН-ын буюу сөрөг хүчний дуу хоолой цангинаж эхэллээ. Энэ нь сонгууль хаяанд ирсний дохио юм. Нөгөө талаас эрх ашгаараа эвлэлдсэн улс төрийн хүчнүүд сонгуулийн бэлтгэлээ эхлэхийн тулд амь амиа бодохоос аргагүйд хүрч байна. Хэн МАН эсвэл АН-ын талд ашигтай сонгуулийн хувилбар зохиох вэ дээ.

Ирэх сонгуульд дахин Төрийн ордонд олноороо тухлахын тулд өнөөдрөөс сонгуулийн тогтолцооныхоо хувилбарыг өөрт ашигтайгаар шийдэх чухал цаг мөч ирээд байна. Нэгэнтээ Засгийн газарт хамтраад хийдгээ хийчихсэн; Бас сонгогчдодоо амласнаа ч хамтраад шийдчихсэн гэж болно. Эх орны хишиг ч гэнэ үү, Эрдэнийн хувь ч гэж дуудна уу хамаагүй, ямартай ч иргэн бүрт амласан 1.5 сая төгрөгөө 2012 оны сонгуулийн өмнөхөн хүртээгээд дуусгачихна.

Өнөөдөр л гэхэд тэтгэврийнхэн, малчдад нэг сая төгрөгийг тэдний зээлийг барагдуулахад зориулж гаргахаар хамтарсан шийдэлд хүрээд байна. Өнөөдөр Монголд зээлгүй, өргүй хүн гэж ховор. Төрийн түшээд ч өөрсдөө банкны том том зээлдэгчийн тоонд багтчихсан явдаг юм билээ. Тиймээс энгийн иргэддээ ч дээрх хувилбараар юмуу ямар нэг хэлбэрээр үлдсэн нэг сая төгрөгийг нь олгочихно.

Харин одоо дахин ямар амлалт өгч байж гарч ирэх вэ гэдэг улс төрийн хүчнүүдийн толгойны өвчин болоод байгаа. Юутай ч мөнгө л амлахгүй юм шүү гэдэг дээр тэд санал нэгдэн Сонгуулийн хуулиндаа шигтгээд өгсөн байгаа. Нэгэнтээ мөнгө амлаад, амлалтаа хэрэгжүүлэх гэж үргүй зардал гаргаж байхаар сонгуулийн тогтолцоон дээр өөрсдөдөө ашигтай хувилбар гаргах нь тэдний эхний зорилт болоод байгаа билээ. Сонгуулийн жилээс бусад үед ичдэг парламентын гаднах жижиг намуудаа гэдэг байлаа. Харин өнөөдөр парламентад тэр дундаа Засгийн газарт багтаад нам жимхэн болж, дараагийн сонгууль дөхөхөөр дуу хоолой нь чангардаг хүчнүүд ч бий болох нь ээ.

Гурван жил нухаад эцэслэж чадаагүй Сонгуулийн хуулийг батлах цаг нь ирсэн. Юм бүхэн цаг хугацаанд захирагддаг хойно. Тиймээс л Төрийн ордонд можаритори, пропорционалийн аль нь давамгайлах вэ гэдэг дээр ширүүхэн мэтгэлцээн өрнөөд байна. Нам, намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн ямар шийдэлд хүрэх, уг шийдлийг нь парламент хэрхэн хүлээн авах вэ? Сонгуулийн хуулин дээр л намууд өөр өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэлдэх нь ээ.

Н.Энхлэн

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих