Авто тээврийн газрынхан ахиад шоудав уу?
Авто тээврийн газраас “Петро Чайна дачин тамсаг” компанийн тээвэрлэлтийг зогсоосноо бахархалтайгаар мэдэгдэж байна. Болж, муу золигуудыг. Тус компанийн хувьд говийн эмзэг экосистемд бодитой хохирол учруулсан, орчны тоосжилт ихээр үүсгэсэн. Мөн өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлээгүй, тээврийн хэрэгслүүд нь зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй зэрэг дутагдлаасаа болж арга хэмжээ авхуулахад хүрсэн аж. Замын засварын арчилгааг цаг тухайд нь гүйцэтгээгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийснээс замын нийт уртын дагуу зарим газартаа 30-60 см гүн ховил дэржигнүүр үүсгэсэн. Цаашилбал, замын нарийсалт, эвдрэл ховил дэржигнүүр, тоосжилт зэргээс болж аваар осол гарах нөхцөл бүрдсэн гэнэ. Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй байх нь хамаагүй. Хамгийн гол нь Монголын хуулийг биелүүлэх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүрэг. Үүргээ биелүүлээгүй нэгэнд ухамсарын шанаа өгөх нь Монголын холбогдох газруудын бас үүрэг.
“Петро Чайна дачин тамсаг”-ыг “алгадсан” Авто тээврийнхний зөв үү гэвэл тийм. Гэхдээ нэг асуудал байна. Авто тээврийн газрынхан авсан арга хэмжээндээ үнэнч байж чадах болов уу. Арай далайлт нь ширүүн буулт нь зөөлхөн болчих юм биш байгаа. Өмнө нь тэд яалаа. Яг л ийм мэдэгдэл хийж байснаа ямар хурдан хугацаанд мартчихсан билээ. Өнөөдрийнх шиг, өмнийн говийн хөрсний элэгдэл, үзэгдэх орчин хязгаарлагдмал, аваар осол гарах нөхцөл бүрдсэн гээд өчнөөн зөрчил ярьж,Тавантолгой, Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 245 км шороон замыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж наймдугаар сар хүртэл хаахаар шийдвэрлэж байсан нь шоу төдийнхөн болоод өнгөрсөн. Өмнөговийн Ухаа худагийн замд өнгөрсөн онд 2010 онд 31 удаагийн осол гарч 10 хүн, 2011онд гурван хүн амиа алдсан тухай дурдаж, стандартын бус замаар нүүрс тээвэрлүүлэхгүй хэмээн Тавантолгой дахь нүүрс тээвэрлэлтийг наймдугаар сар хүртэл хориглосон “том” шийдвэр нь хорь ч хүрэхгүй хоногийн настай байсан. Овоо доо, одоо л говийн хөрс тээрэмдүүлэхгүй нь гэсэн олон нийтийн итгэлийг тус газрын удирдлагууд огтлоод хаясныг энд сануулах нь илүүц болчихгүй биз. Дөрөвдүгээр сарын 22-нд гаргасан шийдвэрээ тавдугаар сарын 14-нд цуцалсан Авто тээврийн газрынхны ээлжит мэдэгдэлд итгэж чадахгүй байгаагаа нуух юун. Энэ тус газрын ээлжит шоу ч байж болох дэг. “Энержи Ресурс”-ийн лоббид автсан гэх хардлагад өртсөн Авто тээврийн газрынхан ахиад бас юу сэдээд байгааг тааварлашгүй. “Петро Чайна дачин тамсаг”-т авсан арга хэмжээгээ мөдхөн мөнгөөр сольчихвий гэсэн эмзэглэл ч иргэдийн дунд байна. Учир нь хатуу хучилттай хар зам барьтал Ухаа худагаас Цагаан суварга хүртлэх нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрээ умартаж, сайжруулсан сайн зам барьсан байна хэмээн нээсэн өдөр нь тус замд хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарсан.
Авто тээврийн газрынхны мэдэгдэж буйгаар зургадугаар сарын 22-ноос эхлэн тодорхойгүй хугацаагаар “Петро Чайна дачин тамсаг” компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоожээ. Баянхошуу боомтын чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, Бичигтийн боомт хүртэлх замыг сайжруулан засварлахыг үүрэгдэж. “Петро Чайна дачин тамсаг” компани 2006 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ хугацаанд таван сая гаруй баррель түүхий тос олборлож, түүнийгээ Хятад руу гаргасан байна. Таван жилийн дотор таван сая баррель түүхий нефть урд хил рүү зөөхдөө замаа засварлаж, шинэчлэхийг төдийлөн оролдоогүй тус компанийнхан Авто тээврийн газрын авсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг харж л байя. Авто тээврийн газраас гаргасан арга хэмжээг ч хэр урт наслахыг бас харъя. Тус газрынхан хэвлэлийн бага хурлын үеэр ганц “Петро Чайна дачин тамсаг” бус “Оюутолгой” компанийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, нэлээд зөрчил дутагдал илрүүлснээ танилцуулсан. “Оюутолгой” компанийн тээвэрлэлтэд ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтын бүрдэл хангалтгүй, улсын үзлэг тооллогод хамрагдаагүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн гэнэ. Эдгээр зөрчил дутагдлаа арилгахыг “Оюутолгой” компанийн захиралд үүрэгдэж, түүнд хуулийн дагуу арга хэмжээ авснаас ч дуулгав. Сайн байна, гэхдээ Монгол Улсын хуулиас дээгүүр толгойтой мөнгөтэй эрхмүүдийн өвөрт шургалчихгүй л бол шүү дээ. Мөнгөөр хуулийг, хууль сахиулагчийг, бас хууль батлагчдыг худалдаад авчихдаг болсон хойно Авто тээврийн газраас авсан арга хэмжээ ахиад нэг тоглоом төдийхөн болоод өнгөрчихгүй байгаасай.
Ж.Эрхэс
“Зохиогчийн эрх” Ардын эрх
URL: