УЛСТӨРЧДИЙГ «АМЬ ОРУУЛСАН» ДУУЛИАН БА ЗАСГИЙГ УНАГАХ ГОРЬДЛОГО
Сумын ой, аймгийн наадам гээд хөдөөг зорьж амарч тухлахаар явсан улстөрчид ойрын хоёр өдөр Улаанбаатар руу хөлгийн жолоо залж, ирж амжаагүй нь журмын нөхөд рүүгээ утас цохин нэг үгээр идэвх нь сэргэж, ардаа ажилтай, ард түмний өмнө хүлээсэн үүрэггэй гэдгээ санацгааж эхэлсэн байна.
Гэхдээ тэдний ийн гэнэт ар тийшээ санаа зовж эхэлсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрын амласан Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусах дөхөж буйтай огт холбоогүй. Ам.долларын ханш 1870 төгрөгөөс давснаас ард түмний амьдрал ягтаж, ажилгүйчүүдийн эгнээ өдрөөр өргөжиж байгаа нь ч тэдэнд хамаатай биш. Наадмын маргааш эхэлдэг намрын их ажилтай ямар ч хамаагүй.
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг завшсан байж магадгүй гэх үндэслэлээр барьж хорьсон нь ч сонин биш. Харин эл үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээ дагуулж очоод эрх бүхий газраас нь албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр. цагдан хоригдсон сэжигтэнтэй хууль зөрчин уулзсан дуулиан л тэднийг ийн идэвхжүүлж буй бололтой юм. Учир нь энэ үйлдлээр нь дөрөөлөөд Н.Алтанхуягийн Засгийн газрыг хөмрөөд авах сонирхол эрх баригч АН-д ч, сөрөг хүчин болж буй МАН-д байгаа. Тиймээс бушуухан том зодоон болоосой дундаас нь үртэс ч бол олоод үмхчих юмсан хэмээн хичээсэн улстөрчид найр наадам, амралт зугаалгаа ардаа орхиод яаран дааран ирцгээж буй гэнэ.
ҮЗХ-ГОО ХУРАЛДУУЛАХ БОЛОМЖ ХАЙЖ БАЙНА
Тэр дундаа Ардчилсан намынхан илүү идэвхтэй байгаа сурагтай. “Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах ёстой. Бүдэрсэн дээр нь нударч Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай хамт төрхөмд нь буцаах боломж гарч ирлээ” хэмээн өөр зуураа сэм шивнэлдэж, ингэхдээ түүний оронд хэнийг дэмжвэл алс хэтдээ унацтай вэ гэсэн хэлэлцээ тохироог ч хангалттай гүйлгэж буй гэх юм. Тиймээс фракц бүр тус тусдаа ирээдүйн том төлөвлөгөө гаргаж бие даагаад “Алтангадас”-ын оронд мандаж чаддаггүй юм гэхэд хормойноос нь зүүгдээд хожоо хайвал аль нь хүчтэй байгааг сэм бясалгаж нам найрч суугаа гэнэ. Гэхдээ хэн хэн нь түрүүлж дуугарч намба алдахгүй шүү гэцгээхийн хамт ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьж чамгүй идэвхтэй царайлж байсан А.Муратын жигүүрийг эрж хайгаад эхэлсэн юм байх. Учир нь тэднийг түрүүлж дуугаргаад ҮЗХ-г хуралдуулах товыг одоогийн намын дарга нараар гаргуулчихаж чадвал хурлыг хорлол болгох ажлыг бусад нь хийнэ хэмээн тооцож буй бололтой. Харамсалтай нь өнөө А.Мурат Эрээнд Консулаар ажиллах томилолт Шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны яамнаас авчихсан байдаг. Тэгэхээр хэлэнгүүт хөдөлчих зөөлөн чихтэй нэгнийг үтэр түргэн тодруулах том ажил жижиг фракцын толгойлогч нарт иржээ.
Харин томчууд бол тусдаа. Тэд угаасаа тохироо хийх үү, тоглоом болгох уу гэдгээ ч шийдчихсэн. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, МоАХ-ын толгойлогч Х.Баттулга нарын дохиог анаж байгаад хөдлөхөд алдахгүй хэмээн үзэх хэсэг АН-д одоохондоо олонхи болж байгаа гэдэг үнэн. Гэхдээ үйл явдал өрнөөд эрх мэдлийн орой дээр хэн гарч суух вэ гэдгээ яг таг шийдэх мөчид энэ гурвын босгосон эв мод хагарч мэднэ хэмээн таамаглаж бас болох юм. Учир нь Н.Алтанхуяг толгой муутай улстөрч биш. Тэр “увс хүн”. Тиймээс тэднээс давж гишгэсэн ухаанаар зарлаж хуралдуулсан ҮЗХ-г нь өөрийнхөөрөө эргүүлчихэж мэдэх л юм. Тэгээд ч шинэчлэгдээгүй ҮЗХ-ны дийлэнх нь өнөөгийн төр засагт том жижиг албан тушаал авч бялууны хэлтэрхий зуучихсан улс учраас идэж буй таваг руугаа нулимж эрсдэл хүлээхийг хэн хүсэх билээ. Ийм болохоор АН-ын дотор ҮЗХ-г хуралдуулж Н.Алтанхуягийг унагах ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэхэд бэрх. Харин том толгойлогч нарын шахалтаар хийхээр болсон гэх яамдын тоог цөөлөх төлөвлөгөө л аминд орж мэдэх юм. Танхимын гишүүдээ цөөлөөд, дэд сайд нараасаа салаад, энд тэндхийн орлогч нэртэй олон дарга нараа халаад ирэхээр АН-д аяндаа асуудал үүснэ. Үүнийг давж гарах хүч Н.Алтанхуягт бага байж мэдэх ч түүнд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудалд хоёрдахиа суухдаа хэлсэн Засгийн газрыг тогтвортой байлгах амлалт том боломж байж болох юм.
Н.ЭНХБАЯР ИРНЭ ГЭДЭГ ШОУ БАЙЖЭЭ
Түүнээс гадна нэг хов дуулгахад Н.Алтанхуяг хамтарч засаг барьж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай ханнуй дотроо хэдэн асуудал наймаалцсан гэнэ. Харамсалтай нь Ерөнхий сайд хэлсэндээ хүрээгүй учраас тохироо буцаж магадгүй бөгөөд МАХН-ын дарга цэргүүддээ засгаас гарч сул ард болох намын даалгавар өгч магадгүй сураг дуулдав. Тиймээс удахгүй ирэх гэж байна, онгоцны тийзээ авчихсан маягийн шоу мэдээллийг Г.Шийлэгдамбаар хийлгэсэн. Үүгээрээ тэрбээр олон хүний зүрхэнд шар ус хуруулаад амжсан билээ.
Гэхдээ тэрбээр ойрын үед лав ирэхгүй. Хэдийгээр эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа ч тэр нь нутагтаа ирэхээр тасалдаад нөхөж болохооргүй хүндрэх аюулыг хэдийнэ гэтэлсэн гэнэ. Тиймээс Н.Энхбаяр Монголд ирэх ирэхгүйг энд өрнөх улс төрийн үйл явдал шийднэ. Нэг үгээр тэр хэнд ашигтай нүүдэл хийхээс л асуудал шийдэгдэх юм.
Н.Энхбаяр ирвэл АН-аас илүү МАН-д халтай байж мэдэх юм. Тэгээд ч сөрөг хүчний суудлаас сүрхий сайн нүүдэл хийх ухаан хүрэхгүй зүдэрч суугаа МАН-д МАХН гэж халдварыг хавдар болгож томруулах нь аминд хүрч мэдэх ноцтой байдлыг үүсгэх нь тодорхой. Тийм болохоор Н.Алтанхуягийн алдаан дээр дөрөөлж ээлжит бус чуулган хуралдуулах, хууль зөрчсөн сайд нарт хариуцлага тооцох гэхчилэн өнөө л ярьж хэлдгээ улиглан давтаад эхэллээ. Гэхдээ тэд дангаараа амжилт олохгүй. Харин АН доторх бужигнааныг зөв ашиглаж чадвал энэ удаа эс ч ирэх сонгуулиар хүрд эргүүлэх боломж атгаж магадгүй хэмээн улс төр сонирхогчид ярьж буйг чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй санагдана.
Н.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: