Байгалийн онц ноцтой үзэгдэлд бид бэлэн үү?

13Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт саяхан байгалийн онц аюултай үзэгдэл болж таван айлын гэр сүйдэж, хүн нас барсан. Энэ бол 20 минутын дотор болсон үйл явц. Харин албаны хүмүүс, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар урьдчилан таах аргагүй байгалийн гэнэтийн үзэгдэл аж. Ийм зүйл дахин давтагдах юм бол бид бэлэн үү. Мөн халуун зунаар цас орсон зэрэг тохиолдлуудыг Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн урьдчилан анхааруулж байсан билүү. Цаашид хаана ямар үзэгдэл болохыг таашгүй. Тиймээс энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас асуухад “Манайх Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс цаг агаарын  мэдээ авч шаардлагатай тохиолдолд орон нутаг руу  утсаар холбогдож, мэдэгдлийг факсаар явуулдаг. Хэрэв Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан мэдээлэл ирүүлэх юм бол шуурхай дамжуулж онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд ажиллуулна” гэсэн юм.

Харин Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн радиолакотор хэмээх төхөөрөмж ганцхан байгаа учраас цаг агаарын онц ноцтой үзэгдлийг урьдчилан мэдэх боломжгүй гэсэн юм. Радиолакотор хэмээх төхөөрөмжийг нийт нутаг дэвсгэрт 200 километрийн зайтай байрлуулж байж байгалийн гамшигт үзэгдлийг иргэдэд урьдчилан мэдээлэх боломжтой гэнэ. Хятад, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ийм төхөөрөмжийг олноор байршуулсан байдаг бөгөөд манай улсын Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд ганцхан байгаа радиолакотор 15 жил болж байгаа юм байна.

 

С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих