Цагдаагийн нэрийг барьж залилан хийжээ
Өнгөрсөн амралтын өдрөөр Баянгол дүүргийн Дүүхээ худалдааны төвийн автобусны буудал дээр цагдаагийн албан хаагчийн нэрийг барьж залилангийн хэрэг үйлджээ. Уг этгээд цагдаагийн нэрийг барьж түцнээс 50 мянган төгрөг авсан байсныг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлжээ. Мөн иргэд амралт зугаалга, аялал жуулчлалаар явж буй энэ үед усанд үйж амь насаа алдах осол буурахгүй байгаа аж. Өнгөрөгч бямба гаригт Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралт зугаалгаар явж байсан 23 настай иргэн Б усанд живж амь насаа алджээ. Мөн энэ сарын 2-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд 42 настай эрэгтэй Э усанд үйж, амь насаараа хохирсон байна. Эдгээр хэрэгт харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагууд шалгалтын ажлыг хийж буй аж.
Энэ зун бороо, хур элбэгтэй байгаагаас голын усны түвшин үерийн байдалд хүрээд буйг холбогдох газруудаас мэдээлж байгаа билээ. Иймд голын орчимд амарч зугаалж буй иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд голын усанд орохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: