Мөнгөтэй эрчүүд өрсөлдөх сонгууль болно
УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй. Тогтолцооны өөрчлөлттэй холбоотой байр суурийн зөрүүгээс шалтгаалан Ардчилсан намын бүлэг хурал хаяж, Иргэний зориг-Ногоон нам үүнийг нь дэмжиж байгааг мэдэгдсэн юм. Энэ асуудлын эргэн тойронд, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцлаа.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд пропорциональ давамгайлсан тогтолцоог хуульчлахын төлөө Ардчилсан нам байр суурин дээрээ хатуу зогслоо. Иргэний зориг-Ногоон нам тэднийг дэмжиж байгаагаа илэрхийллээ?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг МАН болон АН хамтарсан Засгийн газрын гэрээндээ тусгасан. Энэ бол ард түмэнд өгсөн амлалт. Алийн болгон ард иргэдэд худал амлаж, хуурч мэхэлж явах билээ. Тэгэхээр амлалтаа ажил хэрэг болгохын төлөө эрх барьж буй хоёр нам хоёулаа хичээх ёстой. Үүнийх нь үр дүнд жинхэнэ бодитой өөрчлөлт, дэвшил гарч байх ёстойгоос биш зүгээр л нүд хуурах хэлбэрийн төдий зүйл хэрэггүй шүү дээ. МАН-ын бүлэг мажоритар давамгайлсан холимгийг хуульчлах байр суурьтай байгаа. Өмнөх мажоритар тогтолцооноос өөрчлөгдөх, дэвших зүйл байхгүй ийм хуурсан өөрчлөлт хэрэггүй. Тийм учраас Ардчилсан намын баримталж буй өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх байр суурийг бид дэмжиж байна.
-МАН байр сууриа эргэн харна гэдэгт найдаж байна уу?
-Сонгуулийн тухай хууль бол хэн олонх болж байгаа, хэн эрх мэдэлтэй байгаагийн ашиг сонирхлоор шийдэгддэг асуудлуудын нэг биш. Ард түмний санаа бодолд нийцсэн, тэдний эрх ашгийг хангах тийм хууль байх ёстой. Монгол Улс гэдэг зөвхөн МАН биш шүү дээ. МАН-ын хүсэл бодол, эрх ашгийн дагуу шийдэж болдог, болдоггүй асуудал тусдаа байх ёстой. Өнөөдөр хэнийх нь эрх ашиг илүү юм бэ? Үүнийг эрх биш ухамсарлаж, байр сууриа эргэн харна гэдэгт найдаж байна.
-Ирэх жилүүдэд эдийн засгийн тэсрэлт болж, Монгол Улс маш их баялгийн эзэн болох ирээдүй харагдаж байгаа. Тэгэхээр баялгийг захиран зарцуулах эрх хэний гарт очихыг сонгуулиар л шийднэ. Энэ үүднээс харвал ямар хэлбэрээр сонгуулиа явуулахаас эрх мэдэл хэний гарт очихыг шийдэж таарна?
-Хорин жилийн туршлагаас харахад Сонгуулийн тухай хуулийг эрх барьж буй намууд өөрт ашигтай байдлаар дөрвөн жил тутамд засч ирсэн. Энэ удаад ч гэсэн МАН өөрсдөдөө ашигтай, эрх мэдлээ хадгалж үлдэх магадлалтай хувилбараар өөрчлөхийг чармайж байна. Уг нь МАН ерэн жил, АН хорин жил болсон улс төрийн хүчин. Одоо төлөвшиж, өнөө маргаашийн ялалтаа биш иргэд олноо эхлээд бодох хэмжээнд хүрсэн баймаар юм даа. Уул уурхай, хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчинд гарах их өөрчлөлтийг өнөөдрийнх шиг хяналтгүй удирдаж болохгүй. Хоёр нам ээлжлэн төрийн эрх барьж, цөөнх болсон нь сөрөг хүчний хяналтыг гүйцэтгэдэг байсан. Харин өнөөдөр хамтраад эрх мэдлээ хэрэгжүүлдэг, ямар ч хяналтгүй төр засгийг бий болгочихоод байна. Сонгуулийн тогтолцоо өнөөдрийнхөөсөө өөрчлөгдөхгүй бол өнгөрсөн хорин жилийнх шигээ хоёр намтайгаа байх болно. Тэр тусмаа 2008 оны сонгуулийн дараах шиг хүч тэнцүү суудал авч, өнөөдрийнх шигээ хамтраад эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Хүний, өөрийн нам гэх ялгаагаа мартаад хэл амаа ололцдог бүлэглэлээрээ Засгийн газраа байгуулж, хяналтын тогтолцоог үгүй хийнэ. Одоо бол өмнөх сонгуулиудынх шиг үнэмлэхүй олонх, цөөнх дахиж бүрдэхгүй юм шиг байна. Ингээд хүч тэнцүү хоёрхон намтай, тэр хоёр нь хамтраад засгийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх юм бол ирээдүй харагдахгүй. Өөр нам хүчин УИХ-д ядаад бүлэг байгуулах хэмжээний суудал авч болохгүй байгаа нь тэдний муугийнх биш, ердөө л сонгуулийн тогтолцооны гажгийнх шүү дээ. Монгол Улс гэдэг ердөө МАН, ердөө АН биш биз дээ? Энэ хоёр нам ард түмний нэг л хэсэг. Өөрсдөө 150-160 мянган гишүүнтэй гэж хэлдэг. Тэгэхээр нийлээд 300 мянган хүн. Монголын хүн ам хэд юм бэ.
-Харин энэ удаад Ардчилсан нам ирээдүйн өмнө хүлээж буй хариуцлагаа ухамсарлаж байх шиг байна?
-Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа бол ардчилсан төр засаг, ардчилсан парламент. Үүний л төлөө нийгмээ бүхэлд нь өөрчилж чадсан улс төрийн хүчин энэ хэмжээний эр зориг гаргах нь зүй ёсны хэрэг. Тийм ч учраас ардчиллын төлөөх хүчнүүд тэдний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Иргэн зориг-Ногоон нам Ардчилсан намтай удаа дараагийн сонгуульд хамтарч оролцсон. Нийгмийн олонхийн эрх ашиг, захиалгад нийцсэн аливаа шинэчлэл, өөрчлөлтийг парламент дотор хийж чадахгүй парламентын гадна хийхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар хувьсгал, хүчирхийллийн аргаар хийхэд хүрдэг. Энэ нь өөрөө улс орны аюулгүй байдалд асар том заналхийлэл, аюулыг дагуулдаг. Үүнийг бид зарим улс орны жишээнээс ч өөрсдийн туршлагаас харж байгаа. Өнгөрсөн сонгуулийн дараах долдугаар сарын үймээнд улс төрийн эрүүл саруул дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь чухал юм байна гэж дараа нь сайхан ярьцгаагаад л өнгөрч болохгүй шүү дээ.
-Авлига, хээл хахуульгүйгээр бүтдэг зүйл Монголд ховор. УИХ-ын гишүүд хүртэл хууль санаачлах эрхээ худалддаг нь нууц биш. Нэг ёсондоо УИХ-ын гишүүний суудлыг авлигаар худалдаж авч болж байна л гэсэн үг. Пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо үүнд хаалт тавьж чадах уу?
-Өнөөдөр захын хүн хэлээд өгнө дөө. Авлигагүй бүтдэг ажил байхгүй. Төрд алба хашихад төдөн төгрөг, дарга болоход тэдэн төгрөг, газар авахад төчнөөн төгрөг төлж байна гээд бодитой ярьдаг. Ядахад сонгуулиа авлигагүй, мөнгө тараахгүй, ёс зүйтэй, соёлтой явуулмаар байна. Иргэний зориг нам олон жил ярьж, хэлсэн ч хэн ч тоогоогүй нэг асуудал бий. Намуудын сонгуулийн санхүүжилтыг ил тод болгомоор байна, Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгдөг санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй гэж олон жил ярьсан. Мөнгө хэзээ ч нүүрээ угаадаггүй гэж үг бий. Сонгуульд намуудыг, нэр дэвшигчдийг санхүүжүүлж байгаа мөнгөний гарал үүсэл уг нь их зүйлийг хэлж өгнө л дөө. Одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулиар бас л эрэгтэй, мөнгөтэй хүн л нэр дэвших ёстой болж байна. Дахиад л мөнгөний хүчин зүйлд суурилсан сонгууль болох нь. Тэгэхээр УИХ-ын гишүүний суудлыг худалдаж авахгүй гэж хэлэх баталгаа үнэндээ алга байна. Хэдэн баян хүн өрсөлдөөд бусад нь тойроод хараад сууж байх нь. Энгийн, эрүүл саруул санаа бодолтой эмч, багш, эрдэмтэн гээд бусад хүмүүс давж чадахааргүй өндөр босго тавьчихаар дахиад л нөгөө мөнгөтэй хэсгийн эрх ашгийг өрсөлдүүлдэг шударга бус сонгууль хадгалагдаж үлдэх гэж байна. Улс төрийн намуудын босгыг бас л өндөр долоон хувиар тогтоочихоод байгаа шүү дээ. Дахиад л нөгөө хоёр намын тогтолцоо хадгалагдана гэсэн үг.
-Холимог болон пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нөхцөлд намуудад тавьж буй босго хувь тун нөлөөтэй. Долоон хувийг өндөр байна гэж та цөөнх болсон гэсэн. Яагаад ингэж хатуу хандаж байгаа юм бол. Үүнийг та юугаар тайлбарлах вэ?
-Би энэ асуудлаар ажлын хэсэг дээр цөөнх болсон. Өөрсдөө тайлбарлахдаа улс төрийн намуудын төлөвшилд чухал, компанийн ч гэдэг юм уу, нэг хүний нам парламентад орж ирэх нөхцөлийг хааж байгаа юм гэдэг. Үгүй шүү дээ. Улс төрийн намуудын үйл ажиллагааны зорилго бол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх. Энэ эрх мэдэлд хүрэх боломж бололцоог хуулиар хаах нь харин ч улс төрийн намуудын төлөвшлийг боомилж буй хэрэг юм. Олон хүн ухаан бодлоо уралдуулдаг, төрийн шийдвэрт дуу хоолойгоо тусгадаг байхаас энэ хоёр нам юунд нь айгаад байгаа юм бэ. Парламент нь ердөө ингээд хоёр намаас л бүрддэг, төрийн бодлогыг хоёр л шийддэг, бусад нам хүчнүүд нь гудамжинд жагсдаг байхыг төлөвшил, хөгжил гэж хэлэхгүй. Өнөөдөр МАН, АН хоёроос өөр дуу хоолой, үзэл бодол байхгүй гэж хэн хэлж чадах вэ? Дэлхий ертөнцтэй танилцсан, тэдэнтэй нэг хэлээр ярих хэмжээний мэдлэг боловсролтой, эрүүл саруул санаа бодолтой залуус маш олон байна. Тэдний өмнө яагаад заавал хоёрхон сонголт тулгаж байгаа юм бэ? Ардчилсан нам, эсвэл Ардын намыг сонгож байж л тэд шийдвэр гаргах төвшинд нөлөөтэй болох нь л дээ. Энэ хоёрын аль нэгийг сонгохгүй бол гудамжинд лааз өшиглөнө. Хамаагүй тэд лаазаа өшиглөг л дээ, улс төрд орохгүйгээр. Гэтэл өнөөдрийн улс төр чинь нийгмийнхээ оюун санаанаас хоцроод байна. Эрүүл саруул бүтээлч хэсгийнхний, бизнесмэнийнхний хөгжилд чөдөр тушаа болж байна. Шинэ залуусыг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшин рүү оруулж ирэхгүй бол болохгүй болчихоод байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тэдэнд байр сууриа тавьж өгөх цаг болсон. Миний хувьд байр сууриа тавьж өгөхөд бэлэн байна.
-Сонгуулийн тогтолцоон дээр нэг зүйлийг чухалчлаад байдаг. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж тусгасан учраас пропорциональ хувилбар байж болохгүй гээд. Одоо МАН Үндсэн хуулиар бамбай хийгээд зогсчих болов уу гэсэн таамаглал байгаа?
-Үндсэн хууль хөдөлж болохгүй зүйл биш шүү дээ. Тэр тусмаа улс орны хөгжил, дэвшлийг дагуулаад хөдөлгөж байх ёстой юм. Ямар өөрчлөлтийг юуны тулд хийх вэ гэдэгт зарчим байх ёстой л доо. МАН 2000-2004 онд үнэмлэхүй олонх байхдаа өөрсдөдөө нийцүүлээд үндсэн хуульд өөрчлөлт хийгээд болоод л байсан. Бүр олонхийн эрх ашгаа хамгаалсан өөрчлөлтийг хийж байсан шүү дээ. Эрх баригчид өөрсдийн эрх ашгаар хуулийг өөрчилж, захиалж, баталж болоод ирсэн. Одоо Сонгуулийн тухай хуулийг ч тийм зарчмаараа л батлах гээд байна.
-Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн амлалт дээсэн дөрөөн дээр очлоо. Одоо МАН-ын зүгээс буулт хийхгүй бол хууль өөрчлөлт оруулах хуулийн хугацаа хэтрэхэд хүрлээ. Амлалтуудаас хамгийн сайн хэрэгжсэн нь бэлэн мөнгөний амлалт л байх шив дээ. Иргэд үүнд ам сайтай байдаг, сонгуулиар хамгийн сайн оноо энэ болно гэж найдаж байгаа?
-Сонгуулийн амлалт бол миний бодлоор хууль. Тэрийгээ биелүүлэхгүйгээр сонгуульд оролцож болохгүй байх. Ард түмэн худал амлалтад горьдож, мэхлүүлж, хууртаж, дээрэлхүүлэх гэж энэ улс оронд амьдардаггүй. Тэдэнд ажлын байр, цалин орлого л хэрэгтэй байна. Өнөөдөр сар бүр олгож байгаа 21 мянган төгрөг хэрэгтэй хүндээ хэрэг болж байгаа л байх. Гэхдээ ихэнх өрхөд энэ нь эхнэрүүдэд зовлон, хүүхдүүдэд нус нулимс болж байгаа гэж боддог. Зарим суманд хүний хөгжлийн мөнгө буусны дараа архи нь дуусаад аймгийн төв рүү явдаг гэж сонссон. Тэр мөнгө амьдралын баталгаа бий болгож чадахгүй нь анхнаасаа л ойлгомжтой байсан. Одоо энэ улс орны ирээдүй, иргэдийн амьдралыг бодох, худал хуурмагаа хойш тавих цаг болсон шүү дээ.
З.БОРГИЛМАА
URL: