Дэлхийн I дайны 100 жилийн ойг тэмдэглэх ёслол Эльзаст болжээ

527-1407123781f12def6014de6a755a65f2743ae5fa2d_LПАРИС. /NHK/. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш 100 жил өнгөрснийг тэмдэглэх хамтарсан арга хэмжээний үеэр Франц болон Германы Ерөнхийлөгч нар энх тайвны төлөө хамтран ажиллана гэсэн амлалтаа дахин бататгалаа.

Австри-Унгарын эзэнт гүрний хун тайж Франц Фердинанд болон түүний эхнэрийг 1914 оны долдугаар сард хөнөөсний улмаас дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн юм. 1914 оны наймдугаар сарын 3-ны өдөр Францад Герман дайн зарласан билээ. Дөрвөн жил үргэлжилсэн энэ дайнд Европын улсууд болон АНУ оролцсон.

Дайны гол талбар болох Францын Эльзас мужид өнгөрсөн амралтын өдөр ёслолын арга хэмжээ болжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук нар нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөсөн байна.

Энх тайван байдлыг сахихын чухлыг Олланд онцлон тэмдэглэхийн сацуу энэ эмгэнэлт явдлыг дахин давтахгүй байх нь бидний үүрэг гэжээ. Харин “Түүхээс бид бүгд сургамж авч, харилцан ойлголцох замаар асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж Гаук хэлсэн байна.

Дэлхийн нэгдүгээр дайны 100 жилийн ойг тохиолдуулан энэ онд Европ даяар олон арга хэмжээ зохион байгуулна. Харин өнөөдөр Бельги улсад болох арга хэмжээнд дэлхийн олон улсын удирдагч нар оролцох ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих