Н.Алтанхуягт дайсан алга, охин нь л байна
Нүүрсний наймаа хавсарч хийсэн ахлах зөвлөхөө мөрдөнд суулгасан Н.Алтанхуяг яаран сандран, хууль зөрчиж ахлах зөвлөхтэйгөө уулзлаа. Ерөнхий сайд маань ахлах зөвлөхтэйгөө нүүрсний наймаа хавсарч хийгээгүй бол Хууль зүйн сайдаа дагуулан юунд сандрах билээ дээ. Сандрахын учир бас бий. Түүний энэхүү нүүрсний бүлэглэлд түүний охин А.Саранзаяа багтана. Анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад бид бичиж л байсан. Гүрэн улсын Ерөнхий сайд нүүрсний шуудай бариад хэвлэл мэдээллээр реклам хийгээд байх нь зохисгүй гэж. Уншигч та санаж байгаа байх. Н.Алтанхуяг сайд нэг хэсэг нь Багануурын нүүрсний рекламанд тоглосны цаана асар том наймаа байсан нь өнөөдөр нэгэнт ил боллоо.
Ингэхэд өнөөдөр аавыгаа “үхтэл үр харам” болгож байгаа энэ Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэгч яачихсан амьтан бэ. Монгол Улсын түүхэнд Ерөнхий сайд охиноосоо болж огцорч байсан түүх байхгүй. Тэгвэл улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгээд А.Саранзаяа гэгч хэн бэ.
Анх буюу 2010 онд Стандарчилал хэмжил зүйн газарт хууль зөрчин ажилд орсон тушаал гаргуулаад жирэмсний амралт авч байв. Яагаав, аавынх нь найз хууль бус дарга Энхтайван гэгч Ерөнхий сайд найзынхаа ачийг ийн хариулаад хэл ам дагуулж байв даа. Энэ үед Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байв. Ингээд Стандартчилал хэмжил зүйн газар нэг ч өдөр ажиллаагүй А.Саранзаяа тус газраас амаржсаны чөлөө эдэлсэн хэрэг.
Баримт сөхвөл “Стандартчилал хэмжил зүйн газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн Санхүү, аж ахуйн албанд хангамжийн инженерээр Алтанхуяг овогтой Саранзаяаг 2010 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай” хэмээсэн тушаал байдаг. Гэтэл дээрх тушаал гарснаас 11 хоногийн дараа буюу 2010 он тавдугаар сарын 17-нд А.Саранзаяагийн эмээгийн бие муудаж асран халамжлах шаарлагатай болж хүсэлтээ гаргасан учир тавдугаар сарын 12-ноос эхлэн 21 хоногийн цалингүй чөлөө олгосугай гэсэн тушаалыг Н.Алтанхуяг сайдын найз Г.Энхтайван мутарлажээ. Гэтэл хэрэг дээрээ эмээгээ асрах шалтгаанаар чөлөө авсан А.Саранзаяа нь жирэмсэн байсан бөгөөд уг тушаал гарахын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд амаржсан байжээ.
Харин А.Саранзаяа аавыгаа Ерөнхий сайд болсны дараа Сангийн яамны Төрийн төлбөр тооцооны мэргэжилтнээр ажиллах болсон. Чингэхдээ өнөөх дуулиант “Цэвэр агаар сан”-гийнхантай хам хэрэг үйлдэхгүй юу. Энэ хэрэг нэлээд дуулиан дагуулж байгаад ял авах нь аваад чимээ намдаасан ч А.Саранзаяа мэдүүлэг ч өгөлгүй үлдсэн. Уг нь тэр тус сангийнхантай хамтран 10 гаруй тэрбум төгөрг завшихад оролцсон гэдгийг хуулийнхан баталдаг. А.Саранзаяа аргагүй л аавын шийрийг хатааж байна.
Энэ тухай АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр “А.Саранзаяаг төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч, хууль зөрчин, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж л байсан. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний охин нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар нэг ч удаа байцаалт, мэдүүлэг өгөөгүй, бас шүүх хуралд ирээгүй юм. Гэтэл баттай эх сурвалж хэлэхдээ “А.Саранзаяа 2010 онд хүүхэд төрүүлснээс хойш дахин төрөөгүй. Тиймээс “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдсон ч байцаалт өгөх, шүүх хуралд суухаас зайлсхийж нялх хүүхэдтэй гэдэг шалтаг хэлж байгаа нь үндэслэлгүй” хэмээж байв.
Ийнхүү аавынхаа нэр нүүрээр хууль зөрчин дуулиан тарьж байсан А.Саранзаяа ахиад л олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдлоо. Магадгүй, Ерөнхий сайдыг огцруулах ямар ч бүлэглэл, нам эвсэл байхгүй, гагцхүү түүний охин А.Саранзаяа бололтой. Ерөөсөө түүнд дайсан алга, түүний охин нь л түүний толгойг цусдах нь. Н.Алтанхуяг л бусад нам эвслийг хардаж сэрдэж, намын журамт нөхдөөсөө болгоомжлоод байдаг болохоос түүнд ямар ч дайсан алга. Өөрөө л олон дайсантай дүрд тоглож, өөрийгөө зовоогоод байгаа болохоос биш, орхиж явсан аавын дайсан ердөө л дэргэд нь байжээ.
URL: