Борооны улиралтай болбол нийслэл цөөрөм болох нь

Энэ сарын 21-нээс эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотын захын дүүргүүдэд усанд автсан гэсэн дуудлага Онцгой байдлын хэлтсүүдэд нэлээд иржээ. Өчигдөр өглөөний байдлаар нийслэл хотод 20 гаруй айлын гэр, хашаатайгаа усанд автсан гэсэн мэдээлэлтэй байлаа. Ялангуяа захын дүүргүүдэд нам дор газар байрлах айлууд гэр нь тал дундаа хүртэл ус тогтсон гэсэн мэдээллийг иргэдээс авч үүнийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийг зорилоо.

Баянзүрх дүүргийн 13-р хорооо “Сүнжин Гранд” зочид буудлын хойд талын гэр хорооллын гудамж, жалга битүү усанд автсан байдалтай байв. Тогтсон ус нь гэрийнх нь талд хүрчээ. Зарим нэг эд хогшлоо зөөж гаргасан бололтой харагдана. Гэрт ямар нэгэн хүн байхгүй байв. Эд хогшлоо усанд автуулсан иргэд хэнд хандахаа мэдэхгүй дэмий л сандарсан байдалтай угтсан юм. Хэдий хугацаанд ийм их хэмжээний усанд автсан талаар асуухад “21-ний шөнө ус хажуу талын жалгаас давж орж ирсэн” гэв. Тэдний хэлж байгаагаар төв замын ус зайлуулах суваг шуудуу, жалга стандартын дагуу хийгдээгүйгээс ус хальж орж ирсэн аж. Нэгэнт усанд автсан айлуудын усыг зайлуулах дахин нэмж ус оруулахгүйн тулд дүүргийн Онцгой байдлын газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байлаа.

Тэд дүүргийнхээ тохижилтын газартай хамтран сэтэрсэн жалга суваг шуудуун дээр нэмж шороо асгах ажлыг хийж байсан юм. Гэвч “Нарантуул захаас Чулуун-Овоо хүртэлх автамашины замын хөдөлгөөнийг хаасан нь уг ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгээд байна” гэж Онцгой байдлын газрынхан ярьсан юм. Уг ажилд зориулж тус дүүргээс арван машин, гурван ковш дайчжээ. Мөн 40 тоннын зургаан машинаар 200 метр газар шороо асгаж үерийн даланг өндөрлөх ажил хийж байв. Энүүхэндээ гэхэд манайхан нэг хоног орсон бороонд ингэж цутарч байгаа юм чинь борооны улиралтай байсан бол нийслэл маань бүхэлдээ цөөрөм болох дог шүү.

Д.Энхмаа

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих