О.Бум-Ялагч: З.Энхболд Ерөнхий сайд болно
Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Засгийн газраас зарласан “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжээд дуусах шат руугаа орлоо. Үр дүнг нь танай нам хэрхэн дүгнэж байна?
-Эдийн засгийг 100 хоногт сэхээнэ гэсэн юм байж таарахгүй. Бидний мэддэг эдийн засгийн онолын хувьд энэ болохгүй зүйл. Болохгүй, бүтэхгүй зүйлийг болж бүтэх юм шигээр ярьж, ард түмний тархийг угааж байгаа нь улстөрчдийн увайгүй зан. “ЭЗЭН-100”-ийн үндсэн санаа нь эрх баригчид сөрөг хүчинтэйгээ юу гэж тохирсон бэ гэвэл, зуны дэлгэр цаг, баяр наадмыг өнгөрөөж есөн сар гэхэд эдийн засаг сэргэхгүй бол бид зайгаа тавьж өгье гэсэн юм билээ. Бидний олж авсан мэдээллээр бол хоёр тал ингэж тохиролцсон. Тиймээс МАН 100 хоногийг нь харъя, амласан ёсоороо огцрох биз гэсэн хүлээлтийн байдалд шилжсэн нь гэнэн байгааг л харуулж байна. АН ч гэсэн 100 хоногт эдийн засгийг сайхан болгоно гэж юу байхав, баяр наадам гээд сая өчнөөн зардал гаргасан. Өнөөдөр төсвийн байгууллагууд эхнээсээ цалингаа тавих мөнгөгүй асуудал хүндэрч байх шиг байна. Ийм байдалтай “ЭЗЭН-100” дуусах нь.
-Улс төрийн хүрээнд яг ямар тохиролцоо явж байгаа юм бол?
-Бидэнд байгаа мэдээллээр бол Засгийн газар зарим яамаа татан буулгах бололтой. Эдийн засгийг унагааж Монгол Улсыг 2.2 тэрбумын өрөнд оруулсан, дээр нь мөнгө санхүүг УИХ-аар баталгаажуулж төсөвт суулгаагүй, төсвөөс гадуур өчнөөн хөрөнгө зарсан сайдтайгаа хариуцлага тооцох юм гэсэн. Х.Баттулгын талыг баримталдаг А.Гансүхийн яамыг татан буулгах сураг дуулдсан. Гадаад нөхөртэй гэж ад үзэгдээд байгаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд ч цомхтголд өртөх сураг байна. Бодвол тэр нь үр дүнтэй болоод судалгаанд үндэслэсэн, мөн сөрөг хүчинтэйгээ ярьсан зүйлүүд байдаг байлгүй.
-МАН-ын гишүүн, хотын экс дарга нарыг шорон руу илгээж буй сүүлийн үеийн байдлаас харахад АН-ын зүгээс тэдэнтэй тохирох биш харин ч шахаанд оруулж байгаа юм биш үү?
-МАН-ын гишүүн, хотыг удирдаж байсан нөхдүүдийг шоронд илгээсэн нь “Юм эхэллээ шүү. Сонгуулиас өмнө аятайхан байгаарай. Засгийн газрыг огцруулах гээд байвал дараагийн нөхдүүдийг явуулна шүү” гэсэн үг.Тэгэхээр МАН-ынхан дуугарч чадахгүй. Учир нь Ардын намын толгойд М.Энхболдын тэргүүлдэг “Хотын фракц” бий. Хот гэдэг нэрийг авна гэдэг нь хөрөнгө мөнгө, бизнестэйгээ холбоотой байдаг биз. Тэгвэл тэрийг нь Э.Бат-Үүл баатар бариад авчихлаа. Тэгэхээр Ардын нам айхтар сүрхий сөрөг хүчин болж чадахгүй. Ингээд Н.Алтанхуяг дахиад л “Ард түмэн минь” гэж гараа гозгонуулж яриад газар хувьчлах гэх байх. Газар хувьчлах асуудлыг Засгийн газар дахиж тавина гэж байгаа шүү дээ. Манай нам болон парламентад суудалгүй бусад нам хамтран Засгийн газрыг огцруулах долоон үндэслэлийг гаргасан. Түүний хамгийн эхэнд Монгол Улсын газрыг гадаадын иргэдэд хувьчлах асуудлыг албан ёсоор тавьж байгаа учраас Засгийн газрыг огцруулах ёстой гэж үзсэн. Хоёр дахь асуудал нь Ашигт малтмалын тухай хууль юм. Үндсэн хуульд байгалийн баялаг зөвхөн ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д өмчилж болох юм шигээр оруулчихсан. Энэ асуудлаа тодорхой болгох ёстой. Гэтэл энэ талаар огт хөндөлгүй ашигт малтмалын хураагдсан лицензүүдийг буцаан олгож эхлэх нь.
-Лиценз гэснээс танай нам ногоон үзэл бүхий иргэний хөдөлгөөнүүд эдийн засгийн хөгжлийг сааруулсан буруутай биш үү?
-Иймэрхүү утга бүхий ярилцлагыг УИХ-ын дарга З.Энхболд өдөр тутмын сонинд өгснийг бид уншиж судалсан. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо гаргаж, тэмцэж байдаг иргэний хөдөлгөөн, ТББ-ууд лицензийг хорьчихсон гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Гэтэл уул уурхай явуулах юм бол бүх зүйл хууль журмын дагуу л явах ёстой шүү дээ. Өнөөдөр манай улсад уул уурхайн үйл ажиллагааны 80 хувьд нь нөхөн сэргээлт хийгдээгүй. Энэ бол төрөөс гаргасан албан ёсны тоо баримт. Тэгэхээр ТББ-ууд, байгаль эколгио хамгаалъя гэсэн иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчнүүд эсэргүүцэлгүй яахав дээ. З.Энхболд тэдэн рүү бурууг чихэж “Лиценз хаагдсан нь буруу байж, тиймээс нээж байна” гэж яриад байх юм. Үүнээс юу харагдаж байна гэвэл, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа улстөрчид өөрсдөө хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, агаарын бохирдлын асуудал ярихад Н.Алтанхуяг “Улаанбаатарын иргэд галаа түлж чаддаггүй учраас утаатай байна” гэж ард түмэн рүү чихсэн шиг З.Энхболд увайгүй уул уурхайн асуудлыг байгаль экологи хамгаалсан хүмүүсээс боллоо гэж улайм цайм хэлж байна. Иймэрхүү ёс суртхуунгүй, худал ярьдаг, хулгай хийхээс буцахгүй нөхдүүдийг улс төрийн тавцангаас зайлуулах нь Монголын ард түмний үүрэг юм. Ялангуяа манай нам энэ асуудалд ахмадуудаа уриалан дууддаг. Бид хурал цуглаан хийж байхад ахмадууд маань энэ асуудалд ихээхэн ухаантай ханддаг. Мөн тэд чиглүүлэгч байдаг. Яагаад гэвэл тэдэнд амьдралын туршлага байна. Аливаа асуудлыг томъёолох, учир шалтгааныг гаргахад ч ул суурьтай ханддаг. Тиймээс нийгмийн үйл ажиллагаанд ахмадуудаа идэвхтэй оролцохыг уриалан дуудах учиртай. Ялангуяа хууль шүүхэд өргөх бичиг, төр, засагт тавих шаардлагыг хийгээч гэж намынхаа ахмад гишүүд болон бусад намын ахмадуудад уриалмаар байна.
-Ингэхэд эдийн засаг муу байна гэчихээд их гарын мөнгөн аягаас эхлээд 200 саяын үнэтэй жийп, 3-5 өрөө орон сууц хүртэл түрүүлсэн бөх, хурдан морьдын эздийг байлж байгааг та юу гэж үзэж байна?
-Аав ээжийн нутаг, ард иргэдийнхээ наадмын үйл ажиллагаатай танилцаж явахад анзаарагдсан нэг зүйл бол төсөвт тусгагдаагүй мөнгийг тийш нь чиглүүлдэг бололтой юм. Бүр аймаг, сумаараа хуйвалддаг юм шиг байна лээ. Бусад улс орны жишигт бол энэ мөнгийг гудамж барихад зарцуулна гэсэн бол түүнд нь л зориулдаг. Тэгвэл манайхан “Наадам болно, гадаадын зочид ирнэ, сум аймгийнхаа нэрийг хамгаална шүү, нөхөд өө” гээд төсвийн болон төсөвт тусгагдаагүй хамаг мөнгөө тийш нь урсгадаг. Энэ нь “Нэр хугарахаар, яс хугар” гэдэг нүүдэлчдийн онцлог юм байлгүй дээ. Тэгж байж баярласан шиг баярлаж, тэгж байж амьдралын таашаал хүртэж сэтгэл хангалуун баярладаг болов уу.Тиймээс буруутгах аргагүй. Гэхдээ төрөөс наадам хийх гэж байгаа юм бол төсөв мөнгийг нь гаргаж, зохион байгуулалттай тэмдэглэх ёстой. Түүнээс биш төсөвт цэцэрлэг барихаар тусгасан мөнгийг бөхийн тэргүүн манлай болсон нэгэнд жийп болгоод өгчихөж болохгүй. Энэ чиглэлд хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй. Баяр наадмаа сайхан тэмдэглэх нь байх ёстой зүйл. Монголчууд цаг агаарын хүнд нөхцөлд амьдардаг. Зуны хэдхэн сар диваажин шиг л байгаа шүү дээ. Хүнд цаг үеийг даваад ирсэн малчид, нүүдэлчид баярлаж цэнгэх ёстой. Баяр наадмаар ах дүүсийнхээ барааг харж баярлаж байгаа юм шүү дээ. Харин төр, засаг тэр баяр наадмыг нь зөв, сайхан зохион байгуулах учиртай.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хугацаанд ам.долларын ханш 50 гаруй төгрөгөөр өслөө. Хэнд хариуцлага тооцох ёстой бол?
-Н.Батбаяр сайд сонин юм ярьдаг шүү дээ. Тухайн үед мань хүн гал түлж байгаад тэнгэрээс асууж, 100 хоногт ам.долларын ханш 1450 төгрөг болно гэсэн шиг байна лээ.Гэтэл эсрэгээрээ өссөн.Дэд сайд О.Чулуунбатын хувьд “Монголд төгрөг нь их болж, ам.доллар нь багассан. Тэгэхээр ханш буурахгүй” гэж ярьсан. Тэгвэл Н.Батбаяр сайд “Үгүй ээ, буурна. Би гал тахьж тэнгэрээс асуухад буурна” гээд байсан. Залуудаа хулигаан байсан, хууль дүрэм дагаж мөрдөггүй, ёс суртахуунгүй хүмүүс төрд гарсны уршиг тэр.Юунаас ч айж ичихгүй, зовохгүй, хариуцлага хүлээхгүй байна шүү дээ, тэд. Ерөнхий сайдынх нь амралтын газрын баас шээс Туул гол руу урсч, нийслэлийнхэн тэрэнд нь усанд орж, живэх нь живээд зунжлаа. Ёс суртахуунтай хүн байсан бол тэрийгээ хаагаад “Уучлаарай, би дахиж бас, шээсээ тийш нь урсгахгүй” гэх байсан. Гэтэл хээв нэг тэндээ нэвтрүүлэг хийгээд, нэг их гоё дээл өмсчихсөн хуушуурдаад л, нөгөө Ш.Гүрбазарыг аваачаад суулгачихсан шүлэг энэ тэр уншуулаад л. Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь наадамлах байтугай өлсгөлөн байна шүү дээ. Хуушуурын ч мөнгөгүй хүн олон байна. “Ядуу хүний дэргэд баянаа бүү гайхуул” гэж бурхны сургааль бий. Тэгвэл ард түмнийх нь гуравны нэг нь баяр тэмдэглэх бүү хэл хоосон хонож байхад тансаг гэрт сууж, үнэтэй дээл өмсч, овоо тахиж яваа улстөрд гарчихаад байгааг юу гэхэв. Ёс суртахуунгүй хүмүүс төрд гарч ирэхэд ард иргэд зовдог. Аливаа засаг, төрд хямрал хэзээ эхэлдэг вэ гэвэл, ёс суртхуунгүй хүмүүс төрд гарч ирэхэд хямардаг. Монголын түүхэнд ёс суртхуунгүй Тогоонтөмөр хааны жишээ байна. Болох бүх үйлийг сексийн бурхнаас асууна гэж байсан түүхтэй. Грекийн түүхэнд Атилла яаж Грекийг эзэлсэн бэ гэвэл тэр үеийн хаан яг манай өнөөдрийн засаг, төр барьж байгаа хүмүүс шиг ёс суртахууны алдаанд орчихсон байсантай холбоотой. Үүнээс улбаалаад нэг зүйлийг хэлэхэд, есдүгээр сараас засаг, төр хямарч сайд нар солигдох байх.
-Хэн Ерөнхий сайд болно гэж…?
-Хэвлэлээр ярьж байгаагаас нь харахад З.Энхболд. Эсвэл оффошор данстай залуугийн хэлснээр бүгдээрээ нэгдээд Засгийн газар байгуулах юм уу. Дээгүүр төвшинд тэр талаар ярьдаг болоод тэгж дуугарсан биз. Н.Алтанхуягаа дарж аваад АН,МАН гэсэн засаг байгуулж ч мэднэ. Яагаад гэвэл тэр нөхдүүдийн бизнес нь ч, түрийвч нь ч нэг болчихсон шүү дээ. Монголын хөрөнгийг хуваагаад идэж байгаа ийм л нөхдүүд.
-Засаглалын хямралаас яаж гарах вэ?
-Хамгийн гол нь сонгууль луйварддаг явдлыг болиулах хэрэгтэй. Саналыг иргэд өөрсдөө тоолж, хянадаг болчихвол өөрчлөгдөнө. Ингэвэл Ц.Нямдорж мэтийн олны дургүйцлийг төрүүлсэн нөхдүүд, эсвэл бөхийн цолны хууль боловсруулахаас өөр юу ч хийдэггүй Р.Гончигдорж мэт нь намын жагсаалтад орлоо гэхэд сонгогчид намыг нь дэмжихгүй. Үүний дүнд парламентад суудалгүй намууд орж ирвэл хүчтэй сөрөг хүчин болно. Яагаад гэвэл, Г.Уянгыг дарамталдаг МҮАН, Л.Цогийг барьдаг МАХН, Ж.Батзанданг хаадаг АН алга болно.С.Ганбаатар гайгүй тэмцдэг ч олон хувьсагч мэддэггүй учраас дийлдээд байх шиг.Энэ утгаараа парламентад суудалгүй намууд, сөрөг хүчний дуу хоолойг парламентад оруулж ирэх ёстой юм. Үүний тулд хар хайрцгаар санал луйварддагийг болиулах ёстой. Өнөөдөр сөрөг хүчин болж байгаа МАН хэлэлцүүлэг явуулж, асуудал тавьж байгаа нь сайн. Аливаа ардчиллын амин сүнс нь сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчин хүчтэй байж эрх баригчдыг хуулиа дагаж мөрддөг, шударга журамтай болгоно. Ингэж байж улс урагшаа явна.Иймээс цаашид сөрөг хүчнийг дэмжих зорилгоор парламентад суудалгүй намууд МАН-ыг дэмжих бодлого явуулж байгаа. Хэр үр дүнтэй болохыг хэлж мэдэхгүй.Манай намаар дамжуулан МАН-тай санал солилцох санамж бичгийн төсөл бэлэн болсон.Ажлын хэсэг байгуулж амралт зугаалгын улирал шувтрахаар хэлэлцэнэ.
-Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хөгжлийн тухайд та ямар санал дэвшүүлэх бол?
-Хойд, урд хөршөө түшиж хөгжих бодлого барих нь чухал. Энэ хоёр улс бараг нэг улс шиг бодлого нэгтэй болчихлоо. Хөршөө дагаж байж хөгжинө. Түүнээс биш алсын Америкийг дагаад хол явахгүй. Манай улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний далбаан дор намираад байгаа. Манай намын хувьд Хятад гэхээс илүү Оростой харилцаагаа сайжруулж явах нь цаашдын ирээдүйд чухал гэж үздэг. Учир нь Хятад, Монголын харилцаанд түүхийн дарамт их. 10 мянган км Цагаан хэрэм босгосон улс шүү дээ, тэд. Байнга л Монгол Улс бол биднийх гэсэн асуудлыг их, багаар тавьж ирсэн. Тусгаар байгаа улс хоорондын асуудал ярихад ч бэрх. Та бод л доо, манай төрийн тэргүүнийг очиход “Монгу улсын Ерөнхийлөгч ирлээ” гэдэг. Хятад дуудлагаар бол тэр чинь мангар, тэнэг гэсэн үг. Мангар, тэнэг улсын Ерөнхийлөгч ирлээ гээд ярьж байгааг, тэр хэллэгийг нь өнөөдөр яагаад өөрчилж болдоггүй юм бэ. Яагаад Монгол гэж нэр байсаар байтал Монгу гэж хэлээд байдаг юм. Яагаад тэр ханзаа өөрчлөхгүй байгаа юм. Тэгэхэд Япон, Солонгос ханзаа өөрчилсөн шүү дээ. Монголчуудыг хүндэтгэж тэгж өөрчилсөн. Гэтэл Хятад өнөөг хүртэл тэр ханзаа өөрчлөөгүй нь гутамшиг. Юу хийсэн, яасан гэж тэдэнд тэгж доромжлуулах ёстой юм бэ. Монгол гэж нэр минь байна, бид түүгээрээ л нэрлэгдэж явах учиртай. Хятадууд манай нүүрсийг авах гээд байгаа бол тэр ханзаа өөрчлөх ёстой. Тиймээс бид ийм шаардлага тавина.
ОХУ-тай манай улс сүүлийн 70 жил харилцахдаа нийгэм, амьдралын томоохон асуудлуудыг шийдэж чадсан, үр дүн ч гарсан. Бичиг үсэгт тайлагдаж, өвчин зовлонгоос салж, мал аж ахуйгаас үйлдвэрийн орон болсон. Түүнийгээ давтан хийхэд бидэнд аргачлал нь бий. Хятадтай хамтраад дахин юм хийе гэхэд гашуун туршлага бий. Улаанбаатарт барилга барьж байсан хятадууд байнга монголчуудтай зодолдож байсан. Өнөөдөр ч зодолдоод байж байна. Хятад хүний хэцүү нь ямаан омогтой, тэгвэл оросууд монголчуудтай зодолдож байсныг би л лав санахгүй байна. Тэгэхээр хамтарч байгаа хүнийхээ зан араншинг харж сонголтоо хийх ёстой биз дээ. Ямаан омогтой нөхөр ирчихээд биднийг “Монгу” гэж доромжлоод, гудамжаар шүлсээ хаяад гүйгээд байхад монголчууд уурлаж л таарна. Цаашид улс орны амгалан тайван байдал, аюулгүй байдлаа бодсон ч бид Оростой харилцаагаа сайжруулж явсан нь дээр. Төмөр замын цариг ч бас өргөн байсан нь дээр.
-Нарийн цариг тавьж яагаад болохгүй гэж?
-Энд хоёр үндэслэл бий. 1992 онд Японы ард түмэн төмөрлөгийн үйлдвэр барьсан, Дарханд. Өнөө хүртэл хүчин чадлаараа ажиллахгүй байна. Яагаад гэвэл төмрөө Эрээнд үнэтэй худалддаг. Өнөөдөр манай улс урагшаа мах гаргаж байна. Махыг монголчууд биш монголд амьдарч байгаа мянгат малчин болчихсон хятадууд гаргаж байгаа. Хятадын гааль тийм л бодлого явуулж байна шүү дээ. Өөрсдийнхөө гаргаж байгаа махыг хяналттай, шинжилгээтэй гэж итгээд авч байна. Манайхны гаргаж байгаа махыг авахгүй гэдэг. Яваандаа тэр бизнес монголд явахгүй нь байна. Сүүлийн үед төмөр зам дагаж маш олон хятад хүн Монголд суурьшиж өргөн уудам газар түрээслэж аваад мал малласан. Найман чиглэлд нарийн цариг ороод ирчихвэл Монголын хөдөөд хятадын жижиг хот тосгод, сум хүртэл бий болно. Тэр хятад сумууд биднийг очихоор урдаас хөөж тууна. Тэгэхээр нь морио унаж давхиж ороод хэдэн хүний тархийг хагална. Тэгэнгүүт иргэдээ хамгаална гээд цэрэг оруулна, ийм л юм болно. Тэгэхээр холуур байгаа аюулыг дуудаж авчрах хэрэг юун. Эндээ өргөн царигаа барьж, гол бүтээгдэхүүнээ Орос руу гаргаад амьдар л даа. Үнэтэй байж болох ч 10 жилийн дараа өөр болно. Ингэж бид ирээдүйгээ харсан бодлого явуулахгүй бол Хятад улс тэртэй тэргүй биднийг өөрийн нэг хэсэг гэж үзэж ирсэн. Тэр нь Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж байгаа.
-Эдийн засгийн гарцын тухайд та юу хэлэх вэ?
-Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь ядуу байна. Гэтэл эдийн засгийн бодлого нь баян хүнийг улам баян болгох тухай яриад байх юм. Уул уурхайн лиценз олгож, алтны роялти татвар 5 байсныг 2.5 болгож бууруулж байгаагаас юу харагдаж байна гэвэл, ерөөс баячуудыг яаж баян болгох вэ гэсэн бодлогыг төрөөс зохион байгуулалттай явуулж байна. Нийт ард түмний амьдрал хүнд байна. Өнөөдөр ажилгүй боллоо гэхэд маргааш шууд ядуусын эгнээнд орно. Яагаад гэвэл халамжийн бодлого алга. Үндсэн хуульдаа болохоор хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гээд байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүн ажилгүй боллоо гэхэд халамжийн мөнгө авна, дараа нь ажилтай болох зуучлах үүргийг төр хариуцна, сургалтад хамрагдана. Гэтэл манай төр татвараараа ийм зүйлүүдийг хийдэггүй. Баячуудаас авдаг татвараа улам багасгаад байна. Үүнээс юу гэж ойлгох вэ гэвэл, эдийн засгаа сайжруулах гарц нь баячуудыг яаж баян болгох вэ гэсэн гарц юм байна. Ядуу хүний дайсан нь баячууд байдаг. Тиймээс Лениний онол борчуудаас хувьсгал хийсэн шалтгаан тэр байсан байх. Хэрэв төрийн бодлого баячуудыг тэтгэхэд чиглэх юм бол цаашид юу ч болж мэднэ. Манай нам “Баячуудыг үзэн ядаж байна” гэсэн улстөрийн цуглаан хийхээр хэлэлцүүлэхэд маш их маргаантай түр хойшилсон. Яагаад гэвэл баячууд гэдэг ард түмэн дотор өөрсдийгөө нэг хэсэг гэж үзээд байна. Гэтэл баячууд ард түмэн биш. Тэд бол хүн амын хоёр хувийг эзэлж байгаа, ард түмнийг луйвардаж баялгийг шулж байгаа хүмүүс. Тухайлбал, З.Энхболдын удирдсан 1996 оны хувьчлал байна. Ард түмний 90 жил барьж байгуулсан баялгийг зүгээр луйвардаад авчихсан. Түүнийгээ дахин үргэлжлүүлж Ашигт малтмалын тухай хуулиар гул барин компаниудад шууд зөвшөөрөл олгож байна. Ард түмний амьдрал сайжрахгүй байхад ийм л юм хийж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох цаг ирэх байлгүй дээ. Өмнөх нийгэмд хулигаан байсан хүмүүс одоо юу хийж байгааг олон түмэн харж байгаа. Хоёрхон жилийн дотор 2.2 тэрбумыг идчихэж байгааг бүгд харлаа. Тэр мөнгөө хоёр жил УИХ-аар батлуулалгүй хааш нь юунд хийснээ тайлагналгүй явж ирлээ. АН-ыг хар л даа. Намынхаа их хурлыг хийхгүй, ротаци нь ч сураггүй. Худал ярьдаг хүмүүс байгаа биз дээ. Яг үнэндээ нүүрэн дээрээ ардчилал ярьж, цаанаа Н.Алтанхуяг Улаанбаатарчуудыг баас шээсээр булчихээд гэртээ инээгээд сууж байгаа аятай аашилж байна, АН-ынхан. Ийм хүмүүсийг төрөөс зайлуулах хэрэгтэй. Зайлахгүй бол тэднийг ард түмэн хүчээр зайлуулна. Мэдээж үүнийг бие даагчид хийхгүй, улс төрийн намууд л хийж таарна.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: