Хэдий болтол хаяггүй гудамжаар бэдрэх вэ?
Нийслэлд нэн даруй шийдэх асуудлын нэг нь хаягжилт.
Хотод ийм асуудал үүсэх эхлэл нь хөдөөнөөс хотыг зорих их нүүдлээс улбаатай. Хүмүүсийн дуртай газраа ханаа шийрлэж, хашаа, хайс хатгадаг нь хотыг улам л эмх замбараагүй болгоод зогсохгүй төөрдөг байшингийн хэмжээнд хүргэв. Улаанбаатарт хаягаар айл эрэх нь өвсөн дундаас зүү хайхтай адил гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байж болох юм.
Учир нь бид хэн нэгнийдээ очихын тулд утсаар “За намайг тосоорой. Би тэнд бууна” гэж “үүрэгдээд” очдогоос тэр хороолол, тэр гудамж, тэдийн тэд гэж хайж явах нь тун цөөн. Гэтэл хаягжилтаас ажлынх нь бүтээмж харагддаг байгууллагууд бас байна. Тэднийг айл олох гэж эрж явах зуур хүн амь насаа алдаж ч болох тийм л хүнд нөхцөлд зарим хүн ажилладаг. Тийм болохоор хөдөлгөөнт эргүүл, 103, Гал команд, түргэн тусламж, шуудангийн салбарынхан зэрэг цөөн байгууллагууд л хотын хаягжилтын талаар халагладаг.
Тэдний ажил илүү дутуу чимэггүй яг л газар дээр нь өрнөдөг болохоор тэр биз ээ. Хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй хамт сурвалжлагаар явахад хаягжилтаас болж тэд хэчнээн “зовдог”-ийг мэдэж болно. Уг нь шуурхай удирдлагын төвөөс нь айлын хаягийг хэлж өгдөг юм билээ.
Хөдөлгөөнт эргүүлийнхэн “Хотын аль ч дүүргийн гэр хорооллын хаягжилт тааруугаас гэмт хэргийн дуудлага хүлээн авсны дараа нөгөө газраа олж очих гэж мунгинасаар байгаад хамаг цагаа алддаг” гэдэг. Түүнчлэн мухар гудамж, эмх замбараагүй хатгасан хашаа, хайс, гуу, жалга тойрч явсаар хамаг цагаа барж орхидог. Дуудлага өгсөн айлаа олохгүй байсан ч хөдөлгөөнт эргүүлийнхэн багцаалж очоод хий дэмий л дохиогоо хангинуулан чимээ гаргана. Энэ чимээнээр дуудлага өгсөн хүн гарч ирэхгүй бол тэд дахиад л хэдэн гудамж тойрч явах болдог.
Үнэнийг хэлэхэд тэд ийм маягаар л ажлаа явуулдаг. Иргэдээс “Гал команд дуудсан чинь харж зогсож байгаад хамаг зүйл шатаалгачихлаа” гэж шүүмжлэх нь бий. Энэ нь тус албаныхнаас бус ахиад л мухар гудамж, хаягжилт зэргээс шалтгаалсан байдаг. Тусламж үзүүлэх айлынхаа хажууд нь ирчихээд ямарваа нэгэн зүйлд “боогдон” цаг алдах нь бас л нийслэлийн эмх замбараагүй тэлэлттэй холбоотой. Хэдхэн хоногийн өмнө хоёр цагдаа танилын маань хаалгыг цохижээ. Гэрийн эзэн гарч очвол “Танайх хашаа хэдэн номер вэ” гэж асууж. Хашааныхаа хаягийг хэлээд учрыг лавлавал дуудлага өгсөн айлаа эрж яваа нь тэр гэнэ.
Гэрийн эзэн ч бас эрсэн айлыг нь зааж чадаагүй аж. Тэгээд “Уг нь манайх хаалган дээрээ номертой шүү дээ” гэж бодоод хартал ямар тоо нь танигдахаа больтол нар салхинд идэгдсэн гурвалжин төмөр болсон байсан гэнэ. Нийслэлд хаягжилт ямар хэмжээнд байгааг энэ мэт олон жишээнд тулгуурлан хэлж болно. Бараг хотын төвийн хэсгээр тоо нь харагдахаа больсон хаяг өлгөөтэй байгаа нь их юм болоод байна. Нийслэлийн зарим дүүрэгт зөвшөөрөлгүйгээр буусан айлууд байдаг.
Тэдгээр айлаас дуудлага ирэх нь цагдаа, гал, эмнэлгийнхэнд хамгийн хэцүү байдаг талаар ажил хариуцагчид ярьдаг юм билээ. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болдог гэдгээ ч тэд нуудаггүй. Ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Улсын нийслэл хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Өнгөрсөн оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн хэмжээнд орон сууцны 2600, гудамжны нэрийн 680 хадмал хаяг хийж хадаж байрлуулах ажил хийгдсэн гэх албан бус мэдээ байна. Үүнийг харвал нийслэлийн хаягжилтын талаар ажил хийгддэг гэмээр.
Гэвч энэ ажил дорвитой хийгдэхгүй байгааг хэлэх хүн цөөнгүй байна. Уг нь Тэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж байдаг юм билээ. Бас “Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журам”-д “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ” гэж заасан байдаг юм билээ.
Гэвч хотын захын гэр хороололд үүнийг биелүүлсэн байх нь ховороос гадна байгаа хаяг нь хуучирсан харагдах юм. Бичиг нь танигдахаа больтлоо нар, салхинд идэгдсэн хаягаа сэргээж, хаяггүй байгаа газруудыг хаягжуулах нь одоо нэн чухал байна. Хэдий болтол хаяггүй гудамжаар бэдрэх вэ.
Ж.Тагтаа
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: